УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.
-Та сумдыг нэгтгэж, ажлын байр бий болгох хэрэгтэй гэж чуулганы хуралдаанд хэлсэн. Яагаад сумдыг нэгтэх нь зөв гэж үзсэн бэ. Өнгөрсөн хугацаанд сумдын хөгжил хэр байсан бэ?
-Яагаад сумдыг нэгтгэх ёстой талаар ярьж эхлэхээс өмнө түүхээ сөхөж ярих шаардлага үүсч байна. Монголчууд 1691 онд Манжийн дарлалд орсон. Манжууд “хуваа, захир” гэдэг бодлого явуулсан. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийг захирахын тулд 120 гаруй хошуу буюу жижиг блок бий болгосон байдаг. Хэрэв энэ блокоос халиад, отор нүүдэл бэлчээрийн асуудал гарч ирдэг. Үүнээс болж хоорондоо муудалцдаг. Дараа нь 1921 онд Ардын хувьсгал ялж үндсэндээ Оросоос мэргэжилтнүүд уригдаж ирж нэгдэл бригад барьсан. Орос маягийн тосгод гэсэн үг. Үндсэндээ нүүдлийн мал аж ахуйгаа улам бүр жижиглэх бодлого явуулсан. 1960-аад оноос нэгдэлжих хөдөлгөөн болоод үндсэндээ баахан сангийн аж ахуй нэгдлүүд үүсчихсэн. Тухайн үед 255 сум нэгдэл газар тариалангийн 52 аж ахуй, мал аж ахуй 1600 гаруй бригад байгуулсан. Үндсэн санаа нь Оросын түүхий эдийн бааз суурь болгоход л бэлдсэн юм билээ.
Тэгээд үр дүнд нь нэгдлүүдээ тойруулаад шууд сум болгоод түүнийгээ засаг захиргааны нэгж болгоод явчихсан. Бүр их хуваагдсан. Бидний хуваагдал хоёр ч удаа гадны нөлөөллөөр хийгджээ. Тэдний хэрэгжүүлсэн бодлогыг бид хүлээгээд авчихсан юм. Үр дүнд нь нэгдэл байхгүй, амьжиргаа байхгүй болчихоор 330 сум бизнес эрхэлж ажлын байр бүтээж байгаа зүйлгүй. Сумдад үнэндээ хэдэн байшин, колонк, банк байдаг ш дээ. Төсвөөс цалин буувал худалдаа наймаа хийдэг өөр юу ч байдаггүй. Нийт 330 сумын 50 хувь нь 2000-аас доош хүн амтай олон суурин байна. Ямар ч зах зээлгүй. Хүн амьдрахад хэцүү газрууд их байна. Говь-Алтайд гэхэд хүмүүс уулын орой дээр амьдардаг. Жорлонгоо доошоо ухдаг бол тэнд дээшээ өрнө. Зүүн урд зүгийн сумдаар усны чанар маш муу. Нэгдүгээрт, хүмүүсийн эрүүл ахуй төрийн чанартай үйлчилгээ авах боломж нь хомс. Газар нутаг нь илүү үнэтэй юм уу, газар дээр амьдарч байгаа ХҮН нь илүү үнэтэй юм уу?! Хоёрдугаарт, эдийн засгийн асуудал. Бид 30 жилийн сонгуулийн амлалтаар өнөө 330 сумандаа үр ашиггүй бүтээн байгуулалтыг маш их хийдэг болчихсон. Яагаад гэвэл дахиж сонгогдох нь чухал. Дахиж сонгогдохын тулд тойрогтоо үр ашигтайгаас үл хамаараад баахан лобби хийж байгаад хөрөнгө татдаг. Үр дүнд нь баахан соёлын төв 100, 200 хүүхэдтэй сургуульд 600 хүүхдийн сургууль барьдаг. Төрийн үйлчилгээ үзүүлж байна гээд баахан оффис барьдаг. Тэгсэн мөртлөө тэнд нь ажил хийх боломж байдаггүй. Нөгөө талдаа хүмүүсийн бөөгнөрөл, сэлгээ байхгүй болчихоор цус ойртолт ноцтой түвшинд оччихоод байгаа юм. Үүнийг ганц өнөөдөр би яриад байгаа юм биш. Олон жил мэргэжилтнүүд яриад дийлэхгүй байна. Яагаад гэхээр сонгуулийн системээсээ болоод дийлэхгүй байгаа юм. Эх орондоо газар нутагтаа хайртай гээд улстөрчид гарч ирээд энэ шинэчлэлийг зогсоодог юм билээ. Хуучин төсвийн 30-40 хувь нь хөрөнгө оруулалт байсан бол одоо нийт төсвийн 10 хувь нь хөрөнгө оруулалт болсон. Улам буурсаар “0” хувь удахгүй болно. Орон нутагт байшин барих тусам халаалт дулаан гээд баахан төсөв дээр урсгал зардал суучихдаг. Хэн тэнд ажилладаг вэ гэхээр ялсан намын хэн нэгэн нь ажилладаг. Ийм байдлаар явахаар төсөв ямар ч хөрөнгө оруулалт хийх орон зайгүй, зөвхөн цалин тэтгэвэр тэтгэмж, урсгал зардал санхүүжүүлдэг төсөв болчихоод байгаа юм. Хөгжил байхгүй. Сонгуулийн систем, засаг захиргааны нэгжийн буруу тогтолцооноос болж төсөв алдагдалтай, үр дүнд баахан өр үүсдэг. Ард иргэдийн амьдралын чанар муудсан. Ийм системээр дахиад цаашаа явах боломжгүй, дийлэхгүй.
-Сумдыг ер нь ямар байдлаар нэгтгэх юм бэ. Ямар боломж бололцоог харгалзан үзэж шийдэх юм?
-Шууд хүчээр сумдыг нэгтгэх зүйл яриагүй. Эдийн засгийнх нь агуулгаар нэгтгэе гэж байгаа юм. Тухайлбал, бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлал гэж байдаг. Түүнд дөрвөөс таван бүс нутагтай байхаар заасан. Ядаж үүнийг нь оруулмаар байна. Бүс нутгийн тулгуур төвийг байгуулах замаар хүн амын төвлөрөл үүсгэх хэрэгтэй. Түүнчлэн, эдийн засгийн коридоруудыг үүсгэж болдог. Улсын чанартай зам барихад түүнийг дагаад хот үүсдэг. Хотын үйлчилгээг бий болгосноор тэнд төвлөрөл үүснэ. 5,10 км зайтай сумдыг нэгтгэх хэрэгтэй. Аймгийн төвүүдтэй ойрхон сумдыг нэгтгэж болно. Төв аймгийг Улаанбаатар хотын дүүрэг болгох боломжтой. Олон улсын байгууллагын судалгаагаар цаашдаа хөгжөөд явах боломжтой 30-40 сум л байдаг юм билээ. Бусад нь боломж тун бага. Хүчээр санхүүжүүлээд байхаар төсөв дийлэхгүй болчихож байгаа юм. Хил хязгаар нутгаа эзэнгүй орхиж болохгүй гэдэгтэй санал нэгдэж байна. Тэгвэл тэр нутгуудад төрийн үйлчилгээг дөхүүлээд өгье. Хилийн хамгааллыг иргэд өөрсдөө гэхээс илүү төрийн хийх ажил. Ер нь энэ нэгтгэх асуудлыг үеийн үед шийдэхээр оролдож байсан юм билээ. Тухайлбал, 1992 оны Үндсэн хуульд энэ талаар Б.Чимид гуай тусгах гээд чадаагүй юм билээ. Ямартаа ч сумдыг нэгтгэх боломжийг энэ хуулиараа нээх нь зүйтэй. Дараа нь сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчилж байж улс маань хөгжинө.
-Одоогийн Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний нэгжийн хуульд ямар өөрчлөлтүүд орж ирж байгаа вэ?
-Одоо энэ хуулиар сумдыг нэгтгэх гэсэн зүйл алга. Сумдаа яаж удирдах вэ гэдэг асуудал л яриад байгаа юм. Удирдаж болно. Гэхдээ эхлээд хүмүүсийн бодит орлогыг дэмжиж ажлын байрыг бий болгох, эдийн засгийг дэмжсэн, хүний амьдралын чанарыг сайжруулсан бодлогыг гаргая. Хөгжлийнхөө асуудлаа эхлээд шийдье. Түүний дараа удирдах асуудалдаа оръё. Засаг захиргааны нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хуулийг бага Үндсэн хууль гэдэг юм билээ. Бусад хуулиуд энэ хуультай нийцэж явдаг болохоос энэ хуулийн зохицуулалт бусад хуультай нийцдэггүй. Тэгэхээр маш том суурь хууль орж ирж байна. Нэгэнт өөрчлөх гэж байгаа бол зоригтой шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй. Хэнийг яаж дарга болгохоо л ярих гээд байх шиг байна. Үүнийг дараа нь ярьж болно.
-СХД-т явуулах нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь явуулахаар болсон. Хотын дарга Д.Сумъяабазарыг нөхөн сонгуулийг өөрийнхөө мөнгөөр санхүүжүүл гэж хэлсэн тань олны анхааралд нэлээд өртлөө.
-Ард түмний сонголтод хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ард түмнээс мандат авч гарч ирээд би хотын дарга болъё гээд ажлаа өгөөд явахаар зөрүүлээд хүмүүсийн төлөөллийн асуудал байхгүй болчихно. Хоёрдугаарт, санхүүгийн асуудал үүсч байгаа юм. Дахин сонгуульд 100 сая төгрөгийн асуудал байна гэж оруулж ирж байна лээ. Жишээлбэл, МАН 38 суудалтай, ХҮН 37 суудалтай байлаа гэхэд Сумъяабазар шиг хоёр гурван нөхдүүд дарга болох нь илүү зөв юм байна гээд гарчихаар хүчний харилцаа өөрчлөгдөөд ард түмний сонгосон засгийн газар биш, харин мандат нөгөө тийш шилжчихэж байгаа юм. Тиймээс зарчмаа барьж, хариуцлага хүлээ гэж байгаа юм. Сумъяабазараар өөрөөр нь төлүүл. Өөрөөр нь төлүүлэхгүй бол МАН өөрөө төл. МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслээд гэж ТББ-ын хорооны дарга нь танилцуулсан. МАН дангаараа шийдвэр гаргаад ард түмний төлөөллийг өөрчлөн дарга болгодог. Нөгөө хүн нь наашаа цаашаа эргэсэн шийдвэр гаргаж нийлслэлчүүдэд нэлээд хүндрэл учрууллаа. Иргэдийн сонголтыг үл хүндэтгэж дарга болохын төлөө уралдаад явбал энэ парламентад хэн үлдэх юм бэ. Парламентаа хамгаалж, ардчиллаа бэхжүүлэх нь бидний үүрэг. Зарчимгүй зүйл хийж байгаа нь МАН-ын буруу.
-Та чуулганы хуралдааны үеэр “Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн залуу хүмүүс байгаа. Тухайлбал, Финландын Засгийн газрын гишүүд бүгд 35-аас доош настай. Тэд маш амжилттай удирдаж байгаа” гэж хэлж байсан. Ерөнхийлөгчид нэр дэвших насны заагийг хэд байх ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-Монгол хүмүүс ардчиллаа хамгаалмаар байна. Ирэх зургаан жил Монгол Улсыг удирдах төрийн тэргүүн нь хамгийн сайн гадаад бодлогын эксперт л байх ёстой. Тийм хүнээ сонгон шалгаруулах чиглэл рүү хуулийн төслийн бичилтээ түлхүү хиймээр байна. Үндсэн хуульд нэг хүн нэг удаа зургаан жилээр Ерөнхийлөгчөөр томилогдоно гэж байгаа. Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүст хамаатай юм уу, хамаагүй юм уу үүнийг хуульдаа тодорхой тусгах хэрэгтэй.
Дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг яагаад үргэлжлүүлж зургаан жилийн боломж өгөх ёстой гэж. Найман жил ерөнхийлөгчөөр ажилласан хүнд дахиад зургаан жил олгоод 14 жилийн эрх яагаад өгнө гэж. Урд нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс үнэхээр мундаг байсан юм бол өнөөдөр улс орон ийм байх уу? Буруу бодлогын үр дүнд нь ард түмний амьдрал маш муу байгаа. Тэгээд ч тэр хүмүүс хүлээн зөвшөөрөгдсөн сайн лидерүүд биш байна шүү дээ. Монголд оюун санааны бөгөөд, монголчуудыг нэг чигт хандуулах лидер хэрэгтэй байна. Харамсалтай нь эрх баригчид энэ талаар огт хариулт өгөхгүй байна. ХҮН нам, эвсэл нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй дөрвөн субьектийн нэг. Иймд бид монгол чууддаа сонголт хийх боломж өгөхийн төлөө хичээнэ.