Өнөөдөр /2022.01.26/ УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн үед УИХ-ын гишүүд тойрогтоо хэвийн боов тараах болсон асуудлыг шүүмжилж, цаашид Сонгуулийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж буйгаа онцолсон юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Нэг удаадаа бэлэг өгөөд өнгөрөхөөс илүү бидний тэтгэврийг нэмээч, хөрсний бохирдол, утаагаа шийдээч гэж иргэд дуу хоолойгоо өргөж байна. Т.Доржханд гишүүн бид хоёрын зүгээс энэ асуудалд өөрсдийн шийдлийг санал болгож байна. Бид нэг удаа бэлэг тараагаад өнгөрөх биш үндсэн суурь асуудлуудаа бодлогын хэмжээнд ярьдаг баймаар байна” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд “Богд зонхова мэт шиг цемент зуурдаг, боов тараадаг гэх мэт асуудлыг хязгаарлах хэрэгтэй байна. Одоогийн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүд иргэдэд юм тарааж болно гэсэн зохицуулалттай байгаа. Иймд хуулийн хязгаарлалт хиймээр байна.
Хэрэв УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жил хүнс, эд өлгийн зүйл тарааж болохгүй. Хэрэв тэгсэн бол дахиж сонгуульд нэр дэвших эрхгүй болох, эрүүгийн хариуцлага хүлээх ийм асуудлыг оруулж ирж байна.
Тэртэй тэргүй цалин орлого сайтай байхад иргэд цагаан сараа элбэг хангалуун, өөрсдийнхөө хэмжээнд тэмдэглэх боломжтой болно. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд улс эх орны төлөөх шийдвэрт нэгдэхгүй, тойрог тойргоор хуваагддаг нь буруу байна.
Боов тараадаг биш бодлого ярьдаг байх ёстой” гэлээ.
Тэд хангалттай хэмжээний гарын үсэг цуглуулж чадвал Сонгуулийн тухай хуульд дээр дурдсан агуулгаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ҮХЦ-д хандах юм байна.