– МИНИЙ ЦОЛЫГ ХУРААСАНЧ, МОНГОЛЫН ЦЭРЭГ АРМИД ХИЙСЭН АЖИЛ, ГАВЬЯА, ХАМТ ОЛНЫ МИНЬ ХҮНДЭТГЭЛИЙГ ХУРААЖ, БУЛААЖ ЧАДАХГҮЙ –
“Монголын Зэвсэгт хүчин тэр тусмаа Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хүн. 18 настай жаахан хүү цэрэгт татагдаж, Ардын армийн байлдагч болсон цаг мөчөөс өнөөдрийг хүртэл 40 гаруй жил Монгол Улсын төлөө зүтгэсэн. Цаашид ч миний мэдлэг боловсрол туршлагыг Монголын төр, Зэвсэгт хүчин ашиглана гэвэл татгалзахгүй. Би улстөрчдийн үл ойлголцлоос болж хэлмэгдэж шоронд орохдоо ч чимээгүй байсан. Харин цолыг минь хураагаад авч байхад дуугүй хараад суухгүй. Генерал гэдэг цолыг зүгээр нэг аавын хүүд өгчихдөг зүйл биш юм шүү дээ” хэмээн ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг ярьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураах тухай зарлиг гаргаж, Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг хураах шийдвэр гаргасан билээ.
Бригадын генерал асан Т.Дашдэлэгтэй уншигч та бүхнийг уулзуулж байна.
-Та ярилцлага авмаар байна гэхээр “Цаг нь болоогүй байна. Үнэн зөвийг олоход хэзээ ч оройтохгүй” гэж хэлээд татгалзаад байдаг байсан. Болж өнгөрсөн зүйлс, одоо өрнөж байгаа асуудлын талаар ярих цаг нь болсон гэж бодож байна. Та юу гэж бодож байна вэ?
-Тийм ээ. Одоо цаг нь болсон байна. Чи асуу, би өөрийнхөө чадах чинээгээр хариулна. Гэхдээ Т.Дашдэлэг юу хийсэн болоод агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч болсон талаар ярих нь зөв болов уу гэж бодож байна. Нутаг ус, удам угсаанаас эхлээд цэрэгт татагдаж ирсэн байлдагч болсон талаар эхэлж ярьсан нь зөв байх. Үүний дараа хэрэгт холбогдох болсон асуудлаар ярьмаар байна. Тэгж болно биз дээ.
-Бололгүй яах вэ. Танайхныг гурван үеэрээ цэргийн хүмүүс гэж дуулсан юм байна. Бас таныг ХААИС-иас цэрэгт татагдаж ороод тэр чигтээ энэ салбар руу урвачихсан хүн гэдэг юм байна лээ?
-Би Говь-Алтай аймгийн Халиун сумын хүн. Манай улсад нэгдэлжих хөдөлгөөн ялахаас өмнөхөн байгуулагдсан хамгийн сүүлчийн сум. Миний аав, өвөө цэргийн хүмүүс байсан. Миний өвөө Пунцаг гэдэг хүн Хатанбаатар Магсаржавын цэрэгт орж, Ховд хотыг чөлөөлөх дайнд оролцож явсан ардын хувьсгалын партизан. Харин миний аав П.Тожоон гэдэг хүн 1939 оны Халхын голын дайнд хуягт танкны жолооч байсан. 1945 оны чөлөөлөх дайнд мөн л орсон. Өөрөөр хэлбэл, миний өвөө, аав Монгол Улсын тусгаар тогнолын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэж явсан хүмүүс. Би цэргийн хүн болсон. Ингээд гурван үеэрээ цэргийн хүмүүс юм. Өвөө, аав хоёр миний бахархал, генерал цол миний эрхэмлэж явах эрхэм цол. Цэргийн амьдралд эргэлт буцалтгүй орсон түүх их сонин. ХААИС-д сурч байгаад 1973 онд цэрэгт татагдлаа. Тэр үед оюутнуудыг цэрэгт шууд татчихдаг байсан юм. Ангийн бүх хөвгүүд 18 насандаа цэрэгт татагдаад ардын армийн байлдагч болсон доо. Ардын армийн Радио тагнуулын 124 дүгээр ангид алба хаасан. Цэргийн ангид ирээд л энэ салбартай холбогдсон түүхтэй. Би хорооны радио долгион барих ротын жагсаалын даргын алба хашиж эхэлсэн. Алба хааж байхдаа радио тагнуулын шугамаар маш чухал мэдээлэл олж, цэргийн алдар медалиар шагнуулж байсан. Цэргийн албан хаагч чухал мэдээ олно гэдэг маш ховор зүйл байсан. Ингээд алба хааж байсан анги намайг улирааж, офицерийн албанд ажиллах санал тавьсан. Тэр үед миний бодож байсан зүйл Агрономич болох хүсэлтэй байлаа. Энэ үед цэргийн сургуульд явахаар болж байгаа юм. Цэргээс халагдах гэж байсан хүнд гэнэтийн олон зүйл давхцаад ирсэн. Ингээд л тухайн үеийн ЗХУ-ын Цэргийн сургууль буюу одоогийн Украин УлсынОдесса хотын Агаарын цэргийн команд инженерийн сургуульд суралцсан. 1979 онд сургуулиа төгсөж байгаа юм. Сургуулиа төгсөхдөө Украйны намын хорооны дэргэдэх Улс төрийн дээд сургууль, Орос хэлний орчуулагчийн гэрчилгээ дилом, мэргэжлийн хоёрдугаар зэрэгтэй Монголдоо ирсэн байдаг. Дипломны цуглуулагатай ирсэн. Сургуулиа төгсөөд иртэл Ардын армийн 134 дүгээр ангид Кипс-75В буюу Пуужин шалган турших хөдөлгөөнт станц, Аэродромын холбоо ахлах техникчээр томилсон. Ажлын гараагаа Зенит пуужингийн тусгай 134 дүгээр ангиас ингэж л эхэлж байлаа Армийн сөнөөгч бөмбөгдөгч тусгай хорооны захирагчийн нэгдүгээр орлогч Штабын дарга, Захирагч, Агаарын цэргийн командлагчийн орлогч Штабын дарга, Агаарын цэргийн командлагчаар ажилласан. Миний цэргийн амьдралд орсон түүхийг товчлон ярихад ийм байна.
АГААРЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ
ХАМГААЛАХ БОДЛОГО, ХӨГЖИЛ ДЭВШИЛД ТОМ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ХҮМҮҮСИЙН НЭГ НЬ БИ.
МИНИЙ ХИЙЖ БҮТЭЭЖ, ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗҮЙЛИЙГ ХЭН Ч БАЛЛУУРДАЖ ЧАДАХГҮЙ
-Цэргийн сургууль төгсөөд ирсэн хүн олон ажлыг шинээр санаачилсан байх. Энэ талаараа ярихгүй юу?
-Нэг жил ажиллаж байтал тушаал дэвшиж,пуужин шалган турших хөдөлгөөнт станцынхаа дарга нь болсон. 1980-1983 онд буюу гурван жил ЗХУ-ын Чита мужийн “Телембай” полигонд пуужин харвалтад оролцсон. Монголын зэвсэгт хүчний сүр хүчийг харуулж тэнд пуужин харваж байлаа. Залуухан дэслэгчийг Батлан хамгаалахын жуух бичгээр шагнаж, таван жилд нэг удаа шалгалт өгч онц дүн авч, хугацаанаасаа өмнө ахмад цолоо авсан. Ахмад цол авч байсан цаг үеэрээ дандаа бахархаж явдаг. Цолоо авсны дараа техникийн батарейн захирагч болсон. Би тэр үед ажлаа үнэхээр сайн хийж байсан. Тухайн үед нууцын зэрэглэлд байсан нэг зүйлийг одоо ярихад ЗХУ-ын тэнгэрт би есөн удаа пуужин харвасан хүн. 1985 онд ЗХУ-ын Академид суралцаж төгссөн. Ардын армийн 137 дугаар ангид хорооны штабын нэгдүгээр орлогч дарга буюу захирагч болсон. Энэ албаа зургаан жил хашсан. Сахилга зөрчилгүй хороо, өр авлагагүй хороо, армийн тэргүүний хороо гээд л оролцож болох бүх уралдаанд түрүүлж, шалгарсан. Нисэх тусгай хорооны захирагч, дараа нь ЗХЖШ-ын агаарын хүчний командлагчаар томилогдсон.Эгэл жирийн байлдагчаас генерал болтлоо 40 жил тасралтгүй ажилласан даа. Радио-техник, аэронавигацийн хэрэгсэлүүд техникээр онгоц нисэхээр нь шалгадаг. Холбооны станцыг шалгахын тулд онгоц нисгэдэг. Дараагийн техникийг шалгахын тулд дахиад нисгэнэ. Нэг шалгах болоход тус тусад нь шалгаж үздэг байсныг халж аргачлал гаргасан. Нэг нисэлтээр бүх зүйлээ шалгаж тохируулга хийдэг болгосон. Миний хийсэн аргачлал улсыг ихээхэн хэмжээний шатахуун тос, цаг зав, олон хүний хүч хөдөлмөрийг хөнгөвчилж чадсан. Хоёрдугаарт, удирдлагын системийг автоматжуулсан системд шилжүүлэх ажлыг санаачилж хийсэн. Миний хийсэн дэлгэц төсөл маш амжилттай болсон. Одоо хүртэл энэ зүйлийг ашиглаж байлдааны жижүүрлэлтийн ажиллагаа явагдаж байна шүү дээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, АНУ-ын Жорж Буш зэргийг манай орны агаарын хилээр орж ирэхэд нисэлгийн аюулгүй байдлыг хоёр орны хүмүүстэй хариуцаж ажилласан байдаг. Агаарын замын аюулгүй байдлыг олон жил гардан хийсэн юм.
-Агаарын удирдлагын системийг автоматжуулсан системд шилжүүлэх ажлыг санаачилж хийсэн гэж ярьлаа. Энэ талаараа дэлгэрэнгүй ярих уу?
-Монгол Улсын агаарын хил, орон зайн аюулгүй байдлыг хангахад маш том хөгжил авчирсан зүйл юм. Агаарын зайд нислэг үйлдэж байгаа нисэх хэрэгслүүдийг хянана гэсэн үг. Агаарын хилийн орон зайд гадаад, дотоодын онгоц нисэх, цэргийн, иргэний онгоц нисэх, өндөр хурдтай, хурд багатай онгоц, нисдэг тэрэг гээд бүх төрлийн онгоц нисч байгааг зохицуулсан систем юм. Иргэний нисэх улсын нисэх хоёр нэг байсныг салгасан. Иргэний нисэх хуулиа гаргаад хөгжөөд явсан. Харин агаарын нисэх хаягдаад үлдэж байсан. Энэ цаг үед миний шууд удирдлага дор Монгол Улсын нисэхэд ашиглагдах тухай хууль, Агаарын орон зайн аюулгүй байдлыг хангах хууль, дүрэм журмыг боловсруулсан. Ингээд УИХ болон бусад холбогдох газрууд баталсан. Одоо хүртэл мөрдөгдөөд явж байна. Өөрөөр хэлбэл, улсын нисэх гэж юуг хэлдэг юм, иргэний нисэх гэдэг нь юу вэ гэдгийг томьёолж өгсөн хэрэг. Одоо цэргийн нисэх өөрийн орон зайд, иргэний нисэх өөрийн орон зайд нислэг үйлдэж байна. АНУ-ын хоёр өндөр барилгыг онгоц яагаад мөргөсөн юм бэ гэхээр цэргийн, иргэний хоёр нь өөр журамтай байсан. Хоорондын уялдаа холбоогүй байдлаас болсон асуудал гэж дэлхийн агаарын нислэгийн судлаачид үзсэн байдаг. Харин манай улс агаарын орон зайг ашиглах асуудал маш эмх цэгцтэй болсон юм шүү дээ. Үүнийг би хийсэн гэдгээ хаана, хэдийд ч хэлнэ. Би 1000 гаруй цагийн нислэгийг осол аваар зөрчилгүй зохион байгуулсан түүхтэй.
Бас нэг гоё юм нь цэргийн нисгэгчийн амьдралыг харуулсан “Өдрийн одны зүг” гэсэн нэртэй кино хийсэн. Монголын кино урлаг уналтад ороод байсан цаг мөчид шинэ дэвшилд хүргэсэн кино хийсэн. Салбарын сайд жил бүрийн хавар дадлагажигчийн шалгалт хийдэг. Энэ шалгалт хийх аргачлалыг зохиож өөрчлөөд Монголд анх удаа агаарын байлдаан үзүүлэх шоу хийсэн. Бүх зэвсэглэлд байгаа онгоц, нисдэг тэргийг нэгэн зэрэг агаарт гаргасан. Тэр хүмүүс мэргэжлийн түвшинд яаж бууддаг, хэрхэн нисэлт хийж байгаа зэргийг бодит байдлаар харуулсан. ОХУ-д миний олон найз өндөр албан тушаал хашдаг. Агаарт парад хийдэг групп байдаг. Өөрийнхөө зурваст дээр хоёр удаа буулгасан. Өөрийн биеэр удирдаж хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээний онгоц манай улсад буусан. Дэлхийн агаарын зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа сөнөөгч онгоцноос эхлээд олон онгоц буулгасан. Энэ миний бахархал. Би албандаа нэг ч алдаа гаргаж байгаагүй хүн. Энэ мэт өөрийнхөө хийж хэрэгжүүлсэн ажлыг яриад байвал дуусахгүй олон бий. Бид агаарын аюулгүй байдлыг хамгаалах бодлогод өндөр хөгжилтэй дэлхийн орнуудтай хөл нийлүүлэн алхаж байсан. Зарим зүйл дээр түрүүлж алхаж байсан уу гэхээс хоцорч, ард нь үлдэж байгаагүй гэдгийг ёстой ам бардам хэлнэ. Би үе үеийн төрийн удирдлагуудтай хамтарч ажиллаж байлаа. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд тэр үед хамтарч ажиллаж байсан. Шинэ пуужингийн анги гээд олон улсын нууцад хамаарах олон ажлыг гардан хийсэн. Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтарсан нисэхийн эрэн авран туслах групп гэж байдаг. Хамтарсан сургуулилалтыг удирдсан. Тэр үед Х.Баттулга салбарын сайд байсан. Улсынхаа онгоцтой ОХУ-д очиж хээрийн сургуулилалтыг удирдаж байлаа. Агаарын орон зайн аюулгүй байдлаас хамгаалах олон ажилд Х.Баттулга, М.Энхболд, Ц.Элбэгдорж гээд төрийн удирдлагууд тусалж дэмжиж байсанд үргэлж талархаж явдаг юм.
Хэзээ нэгэн цагтболсон бүхзүйлийг ил гаргаж өөрийнхөө нэр хүндийг сэргээнэ
-Та 2010 онд бригадын генерал цол авч байсан. Генералын эгнээнд багтаж байсан талаараа эргэн дурсаж яривал?
-Цэргийн цол гэдэг нь ямар нэгэн гавьяа шагнал, урамшуулал биш. Үүнийг энд онцгойлон хэлмээр байна. Цэргийн албан хаагчийн албан тушаалын илэрхийлэл. Командлагч гэдэг хүн тийм мэргэжил эзэмшсэн, тийм албан тушаалтай гээд заачихсан байдаг. Би үеийнхээ нөхдүүдээс ажил хөдөлмөр, хийсэн зүйлээрээ манлайлж гараад л энэ албанд ном журмаараа очсон. Бригадын генерал цолыг авсны дараа олон хүн болох юм болдог журмаараа болоод л генерал цолоо авчээ, баяр хүргэе гэж хэлж байлаа. Нисэх хүчинд Ж.Гүррагчаа, Санжмятав гээд цөөхөн хэдэн генерал бий. Би шагналаар энэ цолыг аваагүй. Одоогийнхоор генерал байх албан тушаал дээр зургаан жил ажилласан. Тодорхой хэлбэл, би хийдгээ хийчихээд авах ёстой цолоо авсан.
-Таныг чинь нэг хэсэг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Улс дамнасан зэвсэгийн наймаа хийх гэж байхад нь илрүүллээ. Т.Дашдэлэг гэдэг хүний дансанд их хэмжээний мөнгө орсон байна гээд л бөөн дуулиан шуугиан болсон. Та юу ч ярилгүй чимээгүй байсаар байгаад хэрэг нь шүүхээр таслагдаад шоронд орчихсон шүү дээ. Шууд асууя, та зэвсгийн наймаа үнэхээр хийчихсэн юм уу?
-Би энэ асуудалд уужуу тайван ухаанаар хандаж ирсэн. Чи шууд асууж байгаа бол би ч гэсэн шуудхан бөгөөд товч хэлэхэд зэвсгийн наймааг Дашдэлэг хийчихдэг юм биш. Монгол Улс ч зэвсгийн наймаа хийж чадахгүй. Өндөр хөгжилтэй орнуудын хийдэг зүйл. Онгоцны мотор зарсан гэх асуудлын талаар ярих хэрэгтэй. 1960 онд үйлдвэрлэсэн онгоц байсан. Би эгэл жирийн хөдөөний борог амьдрал дунд өссөн. Монгол хүн хэзээ ч унаж байсан морио муу хэлдэггүй. Би ч гэсэн 1960 онд үйлдвэрлэгдсэн онгоцоо муу хэлж чадахгүй. Гэхдээ цагийн эрхээр элэгдэж, тэтгэвэртээ гарах болсон. 2000 онд зэвсэглэлээс хууль журмын дагуу хасагдсан. Олон жил ашиглагдаад онгоцны мотор үүрэг гүйцэтгэж чадахгүй байна гэдгийг инженер техникийн бүрэлдэхүүн тодорхойлдог. Үүнийгээ ЗХЖШ-т мэдүүлдэг. Үүнийг хянаад Батлан хамгаалахын яаманд өгдөг. Яам Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгдөг. ҮАБЗ Засгийн газрын хуралдаанд оруулдаг. Засгийн газрын тогтоол гардаг. Тогтоол гарсны дараа Батлан хамгаалахын сайд задалж худалдах тушаал гаргадаг. Ингэж л явагдсаар ирсэн. Одоо ч ийм байдлаар техник актлагдаж гардаг. 2000 онд цаг үе ямар байлаа. Хулгайч нар тонож эхэлсэн. Дэлхийд хэн ч тоногдсон зүйлийг худалдаж авахгүй. Зэвсэглэл ашиглагдаж байсан онгоц гэх мэт бусад техник хэрэгслийг командлагч орлогчийн хувьд төсөл боловсруулж задалж метал болгоод худалдан борлуулах эрхтэй байдаг. Ийм л үйл явдал өрнөсөн. Тэр үед би хурандаа цолтой байсан. ТЕГ-аас энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй. Улсын нууцад хамаарах хэрэг гээд би баталгаа өгөөд гарын үсэг зурчихсан. Тиймээс хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд би Монгол Улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй. Нэг ч гай тариагүй. Генерал цолны нэр сүрийг гутаах зүйл хийгээгүй. Дээрээс өгсөн тушаалын дагуу хууль журмын дагуу актлагдсан зүйлийг зарж борлуулах зүйлийг хариуцаж ажилласан. Улстөрчдийн хэлмэгдүүлэлтэд өртсөндөө одоо ч гэсэн харамсаж явдаг. Хийгээгүй хэргийнхээ төлөө шоронгийн өрөөнд тарчилж суух надад сайхан байгаагүй. Шоронд янз бүрийн явуулга хийж, намайг олон аргаар дарамтлах зүйлс хийгдэж байлаа. Би 60 нас хүрэх гэж байхдаа шоронд орсон хүн шүү дээ. Монгол Улсын төлөө өөртөө байх бүх оюун ухаан, хүч чадлаа хоёргүй сэтгэлээр зориулж явсныхаа төлөө шийтгүүлсэн. Үүнд би гомдож явдаг. Би дуугүй л байсан шүү, энэ бүхэнд. Өөрийнхөө буруу биш хэлмэгдсэн гэдгийг нотлох олон баримт бий. Би үнэн хэзээд ялна гэдэгт итгэж найдаж яваа. Аливаа зүйлд цаг хугацаа, орон зай гэж байдаг. Би бодож байгаа. Хэзээ нэгэн цагт болсон бүх зүйлийг ил гаргаж өөрийнхөө нэр хүндийг сэргээнэ. Хэн буруутай байсан, хөшигний ард юу өрнөсөн. Яагаад би ганцаараа шоронд тарчилж хэвтэх болсон гэдгээ ч ил болгоно.
-Таны бригадын генерал цолыг хураагаад авчихлаа. Энэ тухай анх сонсоод та юу гэж бодсон бэ?
-Би анх сонсоод итгээгүй. Ёстой санаанд багтамгүй л зүйл болж өрнөлөө. Х.Баттулга намайг танихгүй биш танина. Энэ салбарт юу хийж байсныг мэдэх хүмүүсийн нэг. Эх орны дайны үед Власов генерал эх орноосоо урваад бууж өгсөн байдаг. Сталин дуудаж ирээд энэ нөхрийг буудаж хороосон байдаг. Түүнийг буудах гэж байхад цолыг нь хурааж авах асуудал яригдсан гэдэг. Сталин тэр үед“Цолыг нь хураагаад хэрэггүй, Эх орноосоо урвасанд шийтгүүлнэ. Харин армийн генерал болсон нь энэ хүний өөрийнх нь туулж өнгөрүүлсэн өмнөх амьдралын түүх. Энэ хүний өмнө нь хийсэн гавьяаг баллуурдаж болохгүй. Түүхэнд энэ хүн армийн генерал гэсэн нэртэйгээр үлдэх ёстой. Харин энэ хийсэн хэргийнх нь ялыг өгнө” гэж хэлсэн байдаг. Бидний харгис гэж ойлгодог байсан хүн Власов генералын цолыг ингээд үлдээж байсан байдаг. Цэргийн цол гэдэг ийм л эрхэм зүйл. Генерал цол миний гоёо биш. Миний цолыг хурааж авснаараа хэдэн зуун агаарын хүчний хүмүүсийг яллаж байгаа зүйл юм. Хэдэн зуун хүний зүрх сэтгэлийг шимшрүүлж яллаж байгаа юм. Намайг хаана ч очсон “Чи цолоо авахуулсан, цаашаа” гэж хэлэхгүй. Ард түмэнд генералаа гэж дуудуулсан хэвээрээ л байна. Энэ мөнхийн үнэн. Өнөөдөр генерал цолтны баяр болж байхад ингэж байгааг ойлгохгүй байна. Ойлгомжгүй асуудал их байна. Би генерал хүн гэдгийг хаана хэдийд ч хэлнэ. Өнөөдөр өр нимгэн найз нөхөд минь надтай уйлаад л уулзаж байна. Би ийм зүйлд гудайдаг эр хүн биш. Туулаад л гарна. Хилс хэрэгт орсон гэдгээ ч нотолно. Цолоо ч эргүүлж авна. Цэргийн дүрэм журам байна. Ажлаа хийж байгаад алдаа гаргасан бол цолыг нь хурааж авдаг. Жилийн дараа гэхэд гаргасан алдаагаа засчихсан бол рапорт бичиж өгөөд цолоо эргүүлээд авдаг. Гэтэл би хэдийнэ тэтгэвэртээ гарчихсан хүн. Ажлаа өгөөд арван жил болж байгаа генералын цолыг хураана гэдэг юу гэсэн үг юм бэ. Би ойлгохгүй байна. Үүнийг ард түмэнтэйгээ нийлж ойлгомоор байна. Би гурван удаа шийтгүүлчихлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа мэдээ гаргаж миний нэр хүндийг унагаж шийтгэсэн. Дараа нь шоронд оруулсан, одоо цол хураалаа. Гэхдээ хэн нэгэн миний цолыг хураасан ч, Монголын цэрэг армид хийсэн ажил, гавьяа, хамт олны минь хүндэтгэлийг хурааж, булааж чадахгүй л дээ.
Гэрэл зургийг Г.Базаррагчаа