Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Т.Чимгээ нарын гурван хүнд ялын дээд хэмжээг оноосон байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ялаа эдэлж байгаа Т.Чимгээтэй уулзсан. Түүний дараа ялтан Т.Чимгээ хуулийн хүрээнд хэвлэлийнхэнтэй уулзлаа.
Тэрбээр “Би 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Цагдан хориход хоригдсон. Тэр хоригдож байх хугацаандаа маш хүнд байдалтай байсан. Гурван сарын турш ариун цэврийн хэрэгсэл байхгүй, хоол ундгүй, дотроо бааж, шээдэг. Агааржуулагч байхгүй өрөөнд есөн сар хорьсон. Тэгээд 407 дугаар анги руу 2017 оны тавдугаар сард шилжсэн. Миний байдал өөрчлөгдөөгүй, маш хүнд хэцүү дарамт шахалтад явсаар байгаад жил долоон сар хоригдсон. Харин 2019 оны дөрөвдүгээр сард 401 дүгээр ангид ирж, сэтгэл санаа тайван, эрүүл мэндээ эмчлүүлж, орчин нөхцөл маань өөрчлөгдсөн. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Таван жил гаруй миний амьдралыг эргүүлж, эрүүл мэнд сэтгэл санаа үр хүүхдээр минь хохироосон. Тарчлаан зовоож, тамалж, хар дарсан зүүд шиг таван жилийг өнгөрүүллээ. Миний том охин намайг хоригдож ирснээс хойш жилийн дараа осолд орж, өнгөрсөн. Би охиныхоо үхлийг энэ хэрэгтэй холбоотой гэж боддог. Дахиад ч үр хүүхдийнхээ тэр хэргийг шалгуулах хүсэлтэй байгаа. Миний ар гэр, амьдрал ахуй байхгүй. Намайг хэрэгтэн гэх нотлох баримт байдаггүй. Ганцхан Ц.Амгаланбаатарынхаар ялласан байдаг. Өөр нотлох баримт байдаггүй. Би 1998 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл Дорноговь аймагт ээж дээрээ байсан” гэж ярилаа.