Categories
мэдээ цаг-үе

Т.Болор: Үндэсний өдөр тутам өмсөх боломжтой загваруудыг багаар ч болов эхнээс нь санал болгоё гэдэг үүднээс хийдэг

“Гоёл 2020” наадмын үндэсний өдөр тутмын загварын шилдэг дизайнераар шалгарсан Шилмэл загвар компанийн загвар зохион бүтээгч Т.Болортой ярилцлаа.


-Загварын ертөнцөд анх хэзээ хөл тавьж байв. Ямар сургууль төгссөн бэ?

-2012 онд Урлах эрдмийн дээд сургуульд элсэн орж байлаа. 2016 онд төгссөн. Тэр цагаас хойш Шилмэл загвар компанидаа дизайнераар ажиллаж байна. Анх 2017 онд “Гоёл 2018” наадамд оролцож байлаа. Энэ удаа хоёр дахь удаагаа ороод Шилдэг үндэсний өдөр тутмын загвараар шилдэг дизайнер боллоо. Өмнө нь орж байсан загвар маань бас л үндэсний өдөр тутмын загвар байсан л даа. Энэ удаад ч үндэсний хэв маягийг тусгасан өдөр тутмын загвараараа оролцсон.

-Яагаад голчлон үндэсний өдөр тутмын загварыг зохиодог юм бэ?

-Хүмүүсийг өдөр тутамдаа үндэсний хэв маягтай хувцсаа өмсөөсэй, залуу дизайнерууд ямар загвар санал болгож байгааг сонирхоорой. Загварыг амилуулах хүмүүс нь та бүхэн шүү дээ. Тиймээс өдөр тутам өмсөх боломжтой загваруудыг багаар ч болов эхнээс нь санал болгоё гэдэг үүднээс үндэсний өдөр тутмын хувцсыг хийдэг. Гоёл наадамд оролцохдоо ч тэр ерөнхийдөө сүүлийн үед ийм загваруудыг голчлон хийж байгаа.

-Та өөрөө үндэснийхээ хувцсыг хэр их өмсдөг вэ?

-Би тодорхой хэмжээнд өмсөх үеүддээ өмсөнө. Гэхдээ байнга өдөр тутамдаа өмсөж чаддаггүй. Загваруудаараа түүнийгээ харуулж, хүмүүст аль болох хүргэхээр зорьж байна.

-Загваруудынхаа санааг яаж олдог вэ?

-Санаа бол хэзээд ч бодогдож орж ирэх үе бий. Орондоо хэвтэж байхад ч ороод ирэх үе байна. Зохиолчид онгод орно гэж ярьдаг шиг гэнэт санаа орж ирнэ. Тухай тухайн үедээ ингээд хийчихье гэдэг санаанууд хоол идээд сууж байхад ч ороод ирдэг. Сүүлийн үед ямархуу загварууд трэнд болж байна, түүнийг эрэл хайгуул хийнэ. Загварын чиг хандлагад юу давамгайлж байна гэдгийг судална. Түүнээс сохроор шууд хийнэ гэдэг өрөөсгөл. Хоёрдугаарт, өөрт төрсөн шинэ санааг туршиж үзье, үүнийг монгол дизайнерууд хийгээгүй байж магад гэсэн санаануудаа уялдуулаад шинэ загваруудаа гаргадаг.

-Түүхэн хувцасны судалгаа ч гэдэг юмуу түүхэн кино, зохиол дээр ямар хувцас дүрслэгдэж тэднийг уншиж судалдаг вэ?

-Түүхэн судалгааг нэг их хийж байгаагүй. Оюутан байхдаа түүхэн хувцаснаас сэдэвлэж, оюутан залуусыг дэмждэг Back stage загварын шоунд оролцож байсан. Түүнд оролцож байхдаа монгол үндэстэн ястны түүхэн хувцас, гоёл чимэглэлээс санаа аван загвар хийж байсан. Сүүлийн үед санаа авах гэхээсээ илүү хуучин юмаа давтахгүйгээр үндэсний хэв шинжийг харуулж л байгаа юм чинь аль болох орчин үеийн чиг хандлагатай гэхдээ бага зэргийн үндэсний гэх гоё гоё элементийг тусгаж өгсөн загваруудыг хийхээр хичээж байгаа.

-Үндэсний хээ угалз, хатгамлыг загвартаа их ашигладаг санагдсан?

-Энэ удаагийн загвартаа л ашиглаж хийсэн. Өмнө нь бол хатгамал ашиглаж байгаагүй. Ширээсэн оёдол, хээ угалзыг арай өөр маягаар загварууддаа ашиглаж байсан. Энэ удаагийн бүх загварт давтагдаж байгаа зүйл нь хатгамлыг оруулж өгсөн. Хатгамлыг бусад газрууд их хийдэг л дээ. Гэхдээ тэднээс арай өөр маягаар хувцасны тодорхой детал хэсгүүд дээр оёсон. Мөн аксессиор болгоод төрөл бүрийн гар цүнхийг хийсэн. Хүний хамгийн чухал хэрэглээний нэг гар утас болчихоод байна шүү дээ. Тэгэхээр гар утас, төлбөрийн картаа хийх боломжтой хатгамалтай жижиг гар цүнхнүүдийг санал болгосон загварууд дээрээ чимэг болгож хийж өгсөн.

-Шинэ хээ зохиодог уу, уламжлалт хээ угалзаа ашиглан загвартаа оруулдаг уу?

-Энэ удаад хээ зохиож хатгамал хийж оролцъё гэж бодсон ч амжсангүй. Ирээдүйд шинэ хээ угалз зохиож хийе гэж бодож байгаа. “Гоёл 2020” наадамд гэнэтийн шийдвэрээр оролцохоор болоод цаг нь тулчихсан байсан учраас Монголын уламжлалт хээ угалзны ном ашиглан, ургамал амьтны хээ угалзыг байгаагаар нь ашиглан хийсэн. Түүнийгээ өөрийнхөө загвартай аль болох тохирох хэлбэр хийцтэй хээ угалзыг сонгоод хатгамал маягаар хувцсандаа шингээж өгсөн.

-Яг хэзээнээс загвар зохион бүтээгч болохоор шийдсэн бэ?

-Би 4-5 дугаар ангид байхаасаа загвар зохион бүтээгч болохоор шийдэж байсан. Зарим хүүхдүүд ямар мэргэжилтэй болох уу гэж эргэлздэг. Би ерөөсөө тэгж эргэлзэж тээнэгэлзэж байгаагүй. Хүүхдүүд мэргэжил сонгох насан дээрээ ирэхэд би хувцас хийдэг л хүн болно гээд аль хэдийнэ шийдчихсэн байсан. Арван жилд байхаасаа хүүхдүүдийн дунд болдог загварын тэмцээнд байнга оролцдог. Байнгын л хувцсаа өөрчилж өмсдөг хүүхэд байлаа. Цэцэрлэгт байхаасаа л хувцасны шүүгээтэй охин зурна, янз бүрийн хувцас зурдаг. Зурах дуртай сонирхол нь явсаар байгаад тавдугаар ангид байхдаа хамгийн анхны загварын тэмцээндээ орсон. Түүнээс хойш хөдөлшгүй би загвар зохион бүтээгч болно гэж шийдэж, шинэ шинэ алхмууд хийдэг байлаа.

-Загварын тайзан дээр ард нь явах аяыг дизайнерууд өөрсдөө сонгодог уу?

-Загвартаа тохирох аяыг дизайнерууд өөрсдөө сонгодог. Миний ая сонголтууд нэгдүгээрт, загваруудыг маань хүчтэй мэдрүүлэх, хүний сэтгэлд үлдэцтэй байлгах. Хоёрдугаарт, загварт маань тохирч байх. Гуравдугаарт, моделийг ч загвартаа уусгаж нэгтгэх миний загвар ийм санаатай, ийм зүйлийг харуулахыг зорьж, ийм л пооз авбал зохимжтой гэдгийг илтгэж байх ёстой. Би ч гэсэн ийм зүйлийг харуулсан ая байгаасай гэж хүсч, тийм ая тавихыг зорьдог. Би эрч хүчтэй аянуудыг л өгөхийг боддог.

-Загвар өмсөгч нараа яаж сонгодог вэ. Энэ ийм загвар болох нь тэрэнд илүү зохих нь гэж бодоод зориулж хийдэг үү?

-Миний энэ загварууд тайзан дээр шинэ гарч ирж байгаа залуу охидод илүү тохирохоор санагдсан. Загварууд маань худалдаанд шууд гарах боломжтой өдөр тутмын загварууд учраас. Дээрээс нь бүх насныханд тохирохоор хэлбэр хийцтэй. Моделиудаа энэ удаа залуу охид байлгая гэж бодсон. Тайзан дээр гарах моделиудаа ч гэсэн тайзны ард ажиллаж байхдаа миний загвар тохирох, Гоёл наадамд оролцоод амжилт үзүүлж байсан охидыг сонгосон байгаа.

-Ойрын үеийн төлөвлөгөө зорилго юу байна?

-Бид ирэх зун гэхэд Шилмэл загвар шоу фэйшн хийх төлөвлөгөөтэй байгаа. Шинэ он гараад 2020 оны төлөвлөгөө гэх юм бол Цагаан сараар шинэ загварын коллекцио санал болгох байх. Хоёрдугаарт тавьсан том зорилго маань Шилмэл загвар шоу фэйшн юм. Тэр үеэр шинэ загваруудаараа уулзах байх. Түүгээрээ Шилмэл загвар компани юу хийдэг, ямар хүмүүс ажилладаг, манай компани юу хийж чаддаг вэ гэдгийг харуулах том шоу болох болно. Надаас гадна хэд хэдэн дизайнер байгаа. Бид баг болоод юу хийж бүтээж байгаагаа тайлагнана. Шилмэл загвар компани шинэ дүр төрхтэйгөөр, юу хийж чадахаа харуулах шоу хийнэ гэж бодож байна.

Энэ дашрамд Шилмэл загварын хамт олондоо, ард минь дэмжиж байдаг найз нөхөд, гэр бүл болон намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *