УОК хуралдааны дараа УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү . “Өнөөдрийн хурлаар хөл хорио, хязгаарлалт хийх шийдвэр гараагүй гэдгийг мэдээллийн эхэнд хэлье.
Манай улсад томуу, томуу туст өвчний эргэлт, халвар маш өндөр байна. Үүнтэй зэрэгцэн ковидын омикрон хувилбарын дэгдэлт эхэлж байна. Халдварын дөрөв дэхь давалгаа эхэллээ.
Мэргэжийн байгууллагын тооцоогоор хоёрдугаар сарын 10 хүртэл халдварын оргил үе манай улсад тохиолдоно. Энэ үед өдөртөө 18-20 мянган халдвар бүртгэгдэнэ гэсэн тооцоо байна.
Омикрон хувилбарт вакцин үйлчилж байгаа нь тодорхой болсон. Вакцинаа хийлгэсэн бол хүндрэл, нас баралтаас хамгаалж байна. Тиймээс нэмэлт тунгийн ач холбогдол өндөр байгааг эрдэмтдийн тооцоо судалгаа баталж харуулж байна.
Өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхдүүдэд эрсдэл өндөр. Тиймээс халдварын давалгааны үед халдвар хамгаалын дэглэмээ сахих хэрэгтэй.
Байгууллага, аж ахуй нэгжийн хувьд ажилчид нэг зэрэг халдварт өртөх эрсдэлтэй учраас дотоодоо зохион байгуулалт хийж, зайнаас ээлжилж ажиллуулахыг анхааруулж байна.
Вакцинд хамрагдсан хүмүүсийн тухайд омикрон хувилбараар хөнгөн өвдөж байгаа учраас гэрийн эмчилгээ зөвлөж байна. Зарим улс оронд өдөрт нэг сая тохиолдол илэрч байна. Тиймээс эмнэлгийн ачаалал маш их нэмэгдэнэ. Тиймээс эрсдэлт бүлгийн иргэдээ эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ” гэлээ.