Коронавирусийн халдварын шинэ хувилбар дэлхийн зарим улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК 11 дүгээр сарын 27-ны өдөр яаралтай хуралдаж тодорхой асуудлуудаар шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид авах арга хэмжээний талаар УОК-ны нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрээр “Улсын хэмжээнд нийтдээ 14 тусгаарлан ажиглах байранд 1377 хүнийг хүлээж авах бэлтгэл, бэлэн байдлыг хангаад байна. Эхний ээлжинд халдвар голомтлон тархаж байгаа 11 улсаас ирж байгаа өөрийн улсын иргэдийг 10 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн хязгаарлалтад орсон буюу зарим улсын иргэдийг хүлээж авахыг зогсоосон улс орнуудын жагсаалтыг Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд байршуулан мэдээлэл өгч байна. Шинэ төрлийн халдвар бүртгэгдэж байгаатай холбоотой олон улсад гэнэтийн шийдвэрүүд гарч байгаа учраас ойрын хугацаанд гадагшаа явахаар төлөвлөсөн хүмүүс эрсдэлээ тооцохыг зөвлөе. Онцын шаардлагагүй бол гадаад улс орнууд руу зорчихгүй байхыг УОК-оос анхааруулж буй. Хил гаалийн хяналтыг сайжруулах чиглэлээр УОК-оос тодорхой шийдвэр гаргаж аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгосон. Хилийн хяналтын цэгүүд дээр шинжилгээний цэгийг байршуулсан. Өмнө нь улсын хилээр нэвтрэх хүмүүст 72 цагийн хугацаатай PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж байсан. Үүн дээр нэмээд нисэх буудал, хилийн боомтоор нэвтрэх үед нь түргэвчилсэн болон PCR шинжилгээг авах зохицуулалтуудыг хийж байна” гэсэн юм.