Categories
мэдээ цаг-үе

Т.Батмагнай: Татвараар улс төр хийж болдоггүй юм аа

Татварын ерөнхий газрын дарга Т.Бат­магнайтай ярилцлаа.

-“Оюу толгой”-д 130 сая ам.долларын татварын акт тогтоогоод байсныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 30 сая болгож бууруулсан. Ямар үндэслэлээр татварын дүнг ингэж бууруулсан юм бэ?

-Оюу толгойд татварын шалгалт орж, 130 сая ам.долларын акт тогтоосон. Харин Оюу толгой Маргаан таслах зөвлөлд хандсан юм. Энэ зөвлөлийг Сангийн сайдын тушаалаар байгуулагддаг. Хэрхэн яаж ажиллах, үйлдэл бүрийг нь Засгийн газар тогтоолоор журам гаргаад баталчихсан. Энэ байгууллага татварын хууль тогтоомжийг Монгол Улсад зөв зүйтэй хэрэгжүүлэх, мөрдүүлэх гол зорилготой. Үүний цаана татвар төлөгчийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалж ажиллах чиг үүрэгтэй. Нийтдээ 11 хүний бүрэлдэхүүнтэй, энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд нь Сангийн яам, Хууль зүйн яам, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, татварын байгууллагаас хяналт шалгалтын үйл ажиллагаанд хамааралгүй, үүрэг функцийн төлөөлөл тус тус байдаг. Хяналт шалгалтын процесст шууд оролцдог хүн эргээд энэ маргаан таслах зөвлөлд оролцдоггүй гэсэн үг.

Актны тухайд Татварын байгууллага Оюу толгой дээр хяналт шалгалт хийхдээ Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан татварын тогтворжуулсан орчных нь хүрээнд ажилласан. Хамгийн том зөрчил нь Монгол Улсын БНХАУ-тай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ноогдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх үйлдлээс сэргийлэх зорилгоор байгуулсан, давхар татварын гэрээний хүрээнд тавигдсан. Энэ гэрээний нөхцөл хангагдаж байгаа тохиолдолд Монголын тал татвараа авах эрх нь нээгддэг юм. Маргаан таслах зөвлөл шалгахад энэ гэрээний нөхцөл хангагдаагүй нь тогтоогдсон.Дараагийн зөрчил алдагдал бууруулах тооцоолол дээр яригдсан. Оюу толгой татварын тайлангаар тайлагнасан алдагдал нь хяналтын байцаагчийн тооцооллоор буурсан. Маргаан таслах зөвлөл байцаагчийн тооцооллыг баталгаажуулсан хүн амын орлогын албан татварын суутгал, НӨАТ-тай холбоотой асуудлууд байсан.

-Оюу толгойтой холбоотой чингэлэг дүүрэн орчуулгагүй баримт бичиг ирж, хугацаа алдсан гэх мэдээлэл байсан. Үүнийг тодруулах гэсэн юм?

-Манай байцаагч нар хүнд нөхцөлд маш олон тооны гадаад хэл дээрх санхүүгийн бичиг баримт дунд ажилласан. Шалгалтын хугацаанд татвар төлөгч хангалттай хэмжээгээр баримт материалаа гаргаж өгөөгүй. Шалгалтын явцад Оюу толгой БНХАУ-ын Бээжин хотоос хоёр чингэлэг орчуулагдаагүй санхүүгийн баримт ирүүлсэн. Ийм тохиолдолд татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийх ажиллагаа хүндэрдэг. Хэрвээ татвар төлөгч баримтаа гүйцэд гаргаж өгөхгүй бол өгсөн баримтад нь үндэслээд бусад өгөөгүйд нь жишгээр тооцож акт үйлдэх эрх хяналтын байцаагчид хуулиар бий.Энэ мэтчилэнгээр баримтаа гаргаж өгөөгүй учраас зарим зөрчлийг жишгээр тооцож акт тавьсан. Маргаан таслах зөвлөлд хандах, зөвлөл нь гомдлыг шийдвэрлэх процесс ойролцоогоор гурван сар орчим хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд татвар төлөгч гомдлын үндэслэлээ нотлох баримтуудаа гүйцэд танилцуулсан.

-Таныг болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудыг татвар төлөгчөөс авлига авсан, энэ нь татвараар орж ирэх ёстой 100 сая ам.доллар гэнэт алга болсонтой холбоотой гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлээд байгаад та ямар тайлбар өгөх вэ?

-С.Ганбаатар гишүүнд хардах сэрдэх эрх нь нээлттэй. Энэ бол том татвар төлөгчийн ихээхэн мөнгөн дүнтэй холбоотой асуудал болохоор бүгд хардах эрхтэй. С.Ганбаатар гишүүн УИХ-ын гишүүнийхээ хувиар “Би бол их хурлын гишүүн. Ямар ч баримт материалыг хүссэн газраасаа авах эрхтэй” гэж бидэн дээр орж ирсэн.Тэгэхээр нь “Уучлаарай, хэрэв таны хүссэнээр болбол УИХ-ын үлдсэн 75 гишүүн бие биеийнхээ холбоотой компанийн материалыг авъя гэвэл бид өгдөг болох нь ээ. Ийм боломж, үйлдэл гаргуулахгүйн тулд татварын албанаас баримт, материал гаргах үйлдлийг хязгаарласан, зөвхөн тодорхой тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад өгөхийг заасан хуулийн заалт байгаа. Үүнээс үүдээд гишүүн биднийг санаатайгаар баримт материалыг нуун дарагдуулсан, авлига авсан гэж нийгэмд мэдээлж эхэлсэн.

-Тэрээр энэ асуудлаар АТГ-т холбогдох албан тушаалтнуудыг өгч шалгуулна гэж байсан?

-Маргаан таслах зөвлөлийн хурлын бүх үйл ажиллагаа портокол болж үлддэг. Ауди, дүрс бичлэг хүртэл давхар хийж, архивлагддаг юм. Хэн ч хаанаас ирээд шалгахад юу гэж ярьсан нь цаасан дээр үлдэнэ гэсэн үг. Бид хууль зөрчөөд ямар нэгэн өөрсдийнхөө хувийн эрх ашгийг хавчуулаад авлига хээл хахууль авч, татвар төлөгчийн талд үйлчилсэн үйлдэл байхгүй. Тийм ч боломжгүй.Тиймээс С.Ганбаатар гишүүний шалгуулна гэснийг дэмжиж байгаа.Шалгуулахад асуудалгүй.

-Оюу толгойд тогтоосон актын дүн буурсан нь манай улсын нягтлан бодох бүртгэл, Рио Тинтогийн стандарттай зөрсөн гэсэн үг үү?

-Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Татварын ерөнхий хууль, Төрийн албан ёсны хэлний тухай хуулиудад тодорхой заалт бий. Энэ нь “Төртэй харьцаж байгаа аливаа бичиг хэрэг монгол хэл дээр байх ёстой” гэдэг заалт юм. Нягтлан бодох бүртгэлийн хувьд санхүүгийн баримт тайлангууд бизнесийн үндсэн үйл ажиллагаа явагдаж байгаа нутаг дэвсгэрт хадгалагдах ёстой буюу энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр юм. Татварын ерөнхий хуулинд татвар төлөгч нь татварын байцаагчид гадаад хэл дээр байгаа баримтаа монгол хэл дээр орчуулж өгөх үүрэгтэй гэсэн заалт хүртэл байдаг юм. Дээрх хуулинд байгаа заалтууд нь Оюу толгойн хувьд зөрчигдсөн байсан.

-С.Ганбаатар гишүүний хувьд Сангийн яам болон Татварынхныг байн байн Төрийн ордонд дуудаж мэдээлэл сонсч байгаа. Тэрээр УИХ-ын гишүүний хувьд татвар төлөгчийн нууцын зэрэгтэй бичгүүдийг авах бүрэн эрхтэй юу?

-Гишүүн өөрийн ахалсан ажлын хэсгийн ахлагчийн хувиар баримт материалыг дахин дахин биднээс шаардсан. Бид хуулийн дагуу бүх мэдээлэл материалыг нууцын зэрэглэлтэйгээр ажлын хэсгийн ахлагчийнх нь хувиар өгсөн. Татварын ерөнхий хуулийн 14.3-т зааснаар татварын байгууллага бол төрийн захиргааны байгууллага.Тиймээс хуулийн хэрэгжилтийг хянах, хангуулахын тулд захиргаадалтын арга хэмжээ авах эрхтэй. Иймд энэ байгууллагын эрх хэмжээг хэтрүүлүүлэхгүйн тулд бүх үйлдлийг нь хуульчлаад заагаад өгчихсөн байдаг юм. Татвар төлөгчийн эрх ашгийг хүндлэх үүднээс, түүнд ямар нэгэн хохирол учруулахгүй, цаашлаад татвар төлөгч хэнтэй ямар худалдаа арилжаа наймаа хийсэн, хэдий хэмжээний ашиг олж байгаа гэх мэт татвар төлөгчийн хувийн мэдээллүүдийг хаана гаргаж өгөхийг энэ зүйл заалтад заасан. Энэ мэдээлэл өөрөө Татварын ерөнхий хуулиар татвар төлөгчийн нууц. Тиймээс С.Ганбаатар гишүүнд нууцын зэрэглэлтэйгээр УИХ-ын Тамгын газраар дамжуулаад өгсөн.

-Одоо С.Ганбаатар гишүүнд Оюу толгойн татвартай холбоотой бүх материал байгаа байх нь ээ. Нууцын зэрэглэлийг нь гишүүн өөрөө хариуцах нь гэж ойлголоо?

-Тэгж ойлгож болно. Энэ тухай түүнд албан ёсоор хэлсэн байгаа. “Бид танд бүх нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг өгсөн. Энэ материалын нууцыг одоо та хариуцах ёстой, хойшид та албан бус байдлаар Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр ХМХ цуглуулж байгаад мэдээлэл авах нэрийн дор төрийн байгууллагын ажилтнуудыг дуудаж авчраад ХМХ-ийн өмнө үг хэлүүлэхгүйгээр дүгнэлт хийгээд загнаж болохгүй.Хэрвээ бидний өгсөн баримтад Татварын алба, Сангийн яам, Хууль зүйн яамныхан буруу ажилласан гэж та үзэж байвал тэрийг нь тогтоодог газарт өг. Бид тэр газарт нь очиж ажил үйлдлээ хариулъя” гэж хэлсэн. УИХ-ын гишүүн маань өөрөө бас хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гишүүний бүрэн эрхийн тухай хуулийн 7.1.20-д УИХ-ын гишүүн хүн төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж, задруулахгүй байх бүх арга хэмжээг авна гээд заасан.

Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухайд бид болсон процессыг үнэн зөвөөр тайлбарлаж, мэдээлэл өгөх үүрэгтэй. Тэр мэдээллийг өгч болно. УИХ-ын тухай хуулинд хаалттай хэлэлцэж болно гэсэн нь бий. Тухайн асуудал нь хаалттай хэлэлцэх шаардлагатай ч юм уу, тийм нөхцөл байдал бүрдвэл ажлын хэсгийн хуралдааныг хаалттай хуралдуулдаг.Тиймээс С.Ганбаатар гишүүн Сангийн яам болон татварын албаныхныг дуудаж мэдээлэл сонсоход нь энэ асуудлыг хаалттай хуралдаач гэж бид хүсэлт гаргасан.

-Гишүүний хувьд татвар төлөгчдийн мэдээллийг бүгдийг ил гарга гэж шаардаад байгаа юм биш үү. Тийм боломж бий юу?

-Дээр дурдсан Татварын ерөнхий хуулийн 14.3 дугаар зүйл заалтыг гишүүн “Татварын байгууллага нотлогдсон зөрчлийг нийтэд мэдээлэх үүрэгтэй, та нар тийм эрхтэй” гэж үзээд байгаа юм. Татварын байгууллага бол нотолдог байгууллага биш. Харин шүүх нотолдог.Дээд шатны шүүх эцсийн шийд гарснаар үүнийг хэн ч юу гэж тайлбарлах боломжгүй. Үүний дараа бол тэр мэдээллийг татварын байгууллага ярих боломжтой.

-Уг нь татвараар популизм хийж болохгүй биз дээ?

-Оюу толгойд 130 сая ам.долларын акт гарлаа гэдгийг Монгол байтугай дэлхий даяар мэдсэн.Татвар төлөгч татварынхаа хуулийн дагуу Маргаан таслах зөвлөхөд хандлаа гэдгийг ч дэлхий нийт мэдсэн. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр актын төлбөр 30 сая ам.доллар болсныг бас л дэлхий даяар мэдсэн. Тэгээд ч аливаа улсын хувьд татвар гэдэг бол популизм, улс төр хийгээд байх сэдэв биш. Харин хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, давхар татварын гэрээнүүдийг цаашид хэрхэн боловсронгуй болгох тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Оюу толгойгоос 70 жил татвар авахааргүй боллоо гээд байх юм. Ер нь татвар төлөлт нь хэвийн явагдаж байгаа юу?

-Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Оюу толгой Монголд хөрөнгө оруулалтын гэрээнд заасан татварын тогтворжуулсан орчныхоо хүрээнд төлдөг татвараа төлөөд л явж байгаа.

-Ярианыхаа сэдвийг татварын салбарт хийгдэж байгаа ажлуудаар үргэлжлүүлье. Та Татварын ерөнхий газрын дарга болсноор салбартаа ямар өөрчлөлт шинэчлэлүүдийг хийсэн бэ. Цаашид хийх ажлынхаа талар мэдээлэл өгөхгүй юу?

-Татварын байгууллагын үйл ажиллагаа өмнө хүнээс хамааралтай механик байсан. Энэ байдлыг цахимжуулах, хувь хүнээс хамааралгүйгээр аливаа мэдээлэл үйл ажиллагааг систем дотроо бүгдэд ил тод нээлттэй байлгах чиглэл рүү ажиллаж байгаа. Татварын байгууллагын үйл ажиллагаа хичнээн хувь хүнээс хамааралтай байх тусам авлига хээл хахуульд өртөх, санаатай болон санаандгүй байдлаар татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сулруулах, энд ажиллаж байгаа ажилтан албан хаагчид эрсдэлд өртөх байдал өндөр байдаг юм. Үүнийг систем дотроо автоматжуулаад ил тод байлгаснаар эдгээр эрсдлээс зайлсхийнэ. Энэ чиглэлдээ бүгдийг нь нэгдсэн баазад суурилсан цахим мэдээллийн сан руу шилжихээр ажиллаж байна.

-Манай улсын хэмжээнд хичнээн татвар төлөгч аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг вэ. Татвар орлогын төлөвлөгөө ямар үзүүлэлттэй байгаа бол?

-Монгол Улсад 110 мянга орчим татвар төлөгч байна. Гэтэл идэвхтэй төлдөг нь 30 мянга хүрэхгүй. Үүний 20 мянга нь НӨАТ төлдөг. Ийм баазтайгаар татварын алба олон жил явсаар ирсэн. Улсын төсвийг бүрдүүлэхэд хамаг ачааг нуруун дээрээ үүрдэг нь 50 хүрэхгүй хувь шүү дээ. Тэгэхээр бид бодит бус баазаа цэгцэлье гэж байгаа юм. Улсын төсвийн орлогын бүрдэлтийг харах юм бол жилээс жилд татварын орлого өсч байгаа. Харин 2014 онд олон улсын зах зээл дээр бодитой эерэг өөрчлөлт гараагүй. Яагаад гэвэл манай татвар бүрдүүлэлт экспортод гарч байгаа хэдхэн компаниас дэндүү хамааралтай.

-Эдийн засгийн өршөөлийн хууль батлагдвал татвараас чөлөөлөгдөнө гэсэн ойлголттой байна. Хэрэгжилт нь ямар байх вэ?

-Тийм юм байхгүй. Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийн ач холбогдол бол далд эдийн засгийг ил болгох юм. Хэрвээ танд татварт тайлагнаагүй хөрөнгө орлого байдаг юм бол тэрийгээ албан ёсоор татвартаа бүртгүүлээд бизнесийн үйл ажиллагаандаа тайлагнаад явах ёстой. Түүнээс өнөөдөр тайлангаар үүсчихсэн өрнөөс чөлөөлөх асуудал байхгүй. Үүнийг татвар төлөгчид маань ялгаж, салгах хэрэгтэй. Буруу ойлголтоосоо болоод татвараа төлөхгүй өр болгоод, хүү, алдангид ороод, татварын байгууллагын эрсдэлтэй татвар төлөгч гэдэг ангилалд орох гэх мэт сөрөг үр дагавартай.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *