Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Батжаргал: Төрийн зохицуулалт хийхгүй бол агаарын тээврийн үйлчилгээ орон нутагт хөгжих боломжгүй

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаа өөрөө зохицуулж чадахгүй болсон нөхцөл үүсэхэд төр нь оролцож үндэсний үйлдвэрлэл, нийгмийн хамгаалал, зах зээлээ аврах зохицуулалтыг хэрэгжүүлдэг байна. Дэлхийд төрийн оролцоогүй зах зээлийн эдийн засаг хаана ч байдаггүй бөгөөд төрийн оролцоо нь их байх эсвэлбага байж болно.

Ер нь төрөөс зохицуулалт хийснээр эдийн засгийн хөгжлийг дэмжих, нөхцөл байдлыг макро, микро түвшинд тогтвортой байлгах, нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх явдал чухалюм. Иймээс эдийн засагт өсөлтийг хурдасгах, үнийн өсөлтийг бууруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, хуримтлал, ажлын байр бий болгох, орлогын тэгш хуваарилалт хийх, оновчтой хөрөнгө оруулалтыг хийх, нийгмийн ашгийг нэмэгдүүлэх зэрэг нь төр засгаас хийх ёстой зохицуулалтын чухал арга хэрэгслүүд юм.

Монгол Улс зах зах зээлийн харилцаанд шилжсэн нь гарцаагүй зөв сонголт байсан хэдий ч стратегийн чухал ач холбогдолтой уул уурхай, түлш шатахуун, гурил махны ба арьс шир, ноос, эрчим хүч, зам, тээвэр, холбоо, хот төлөвлөлт гэх мэт салбаруудынүйл ажиллагааг анхнаас нь төрийн зохицуулалт, хяналтгүй зөнд нь орхисны алдаа, гамшгийг өнгөрсөн 30 жилийн түүх харууллаа. Зохицуулалтгүй эдийн засгийн зах зээлийн харилцаа нь Монголын нөхцөлд төдийлөн зохимжтой байсангүй гэдгийг үндэсний аж үйлдвэрийн олон салбарын уналт нотоллоо. Монгол Улсад баян хоосны ялгаа хэт ихэссэн, нийгмийн баялаг цөөн хэдхэн гэр бүлийн мэдэлд орж ажилгүйдэл хавтгайрч иргэдийн амьдрал ядуурсан, гадаадаас авсан өр зээлийн хэмжээ туйлдаа хүрсэн, хууль ёс завхарч авилга хээл хахууль гаарч байгааг энэ цаг үед амьдарч, түүхэн үзэгдлийн амьд гэрч та бид харж сууна.

Үндэсний аж үйлдвэрийн салбарт сүүлийн 30 жилд тохиолдсон эмгэнэлт олон жишээг дурьдаж болох боловч энэ удаа Иргэнийн нисэхийн салбарын орон нутгийн нислэгийн үйлчилгээг жишээ болгохыг зорилоо. Агаарын тээврийн салбарт орон нутгийн зорчигч тээврийн нислэг үйлчилгээ сүүлийн 30 жилийн турш уналтаас босч чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Монгол Улс нь эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам газар нутагтай, хүн ам нь цөөн, орон нутгийн засаг захиргааны нэгжүүд (аймаг, сум, бригадын төвүүд) алслагдмал зайд таруу байршилтай, тэдгээрийн хооронд авто болон төмөр зам тээврийн сүлжээ сайн хөгжөөгүй, эдийн засгийн чадамж сул, нэгэн цагт хүртээмжтэй үйлчилж байсан агаарын тээвэр өгүүлэгдсээр байна.

Манай улсын 12 аймгийн 120 гаруй сумд аймгийн төвөөсөө 150-340 км хол алслагдсан байгаа нь өвлийн улиралд олон уул даваа, зам харгуй цасанд хаагдах, авто замын мөстөлт, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол, эндэлд өртөх амь нас, эрүүл мэндээрээ хохирох, зуны улиралд шавар, усанд боогдох зэрэг байгалийн бартаа саадыгдаван туулж зорчиход цаг хугацааны болон эдийн засгийн ихээхэн хохирлыг ард иргэд маань амссаар байна. Тухайлбал өнгөрсөн 2019 оны тээврийн статистикаас үзэхэд орон нутгийн авто зам дээрх 509 ослын тохиолдол гарч 561иргэн амь насаа алджээ. Үүний цаана эмнэлгийн яаралттай түргэн тусламж үйлчилгээ авч чадалгүй хохирсон хүнд өвчтөн, алс бөглүү нутагт хоцорсон зорилтот бүлгийн иргэд нилээд байгааг тооцож үзвэл зам тээврийн салбарт дорвитой төрийн зохицуулалт хийх ялангуяа агаарын тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх нийгмийн эрэлт хэрэгцээ их байгааг нотолсоор байна.

Урин дулаан цагт хөдөөг зорих төв суурин газрын хүмүүсийнхөдөлгөөн эрс ихэсдэг бол хүйтний улиралд хөдөө орон нутгийн иргэд аймгийн төв, нийслэл хотруу чиглэсэн зорчих хөдөлгөөн идэвхиждэг. Энэ үед агаарын тээврээр үйчлүүлэхэд хэт өндөр үнэтэй нислэгийн тийз худалдан авах төлбөрийн чадамжгүй иргэдэд хямд өртөгтэй авто тээврийн үйлчилгээг сонгон тохь тухгүй хол замд ядрах, осол эндэлд өртөх, хүнд өвчтөнд эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ цагтаа хүрч амжихгүй хоцрох зэргээр байнгын бэрхшээл зовлон учирдаг байна. Энэ нь дан ганц авто тээврээс хараат байдалд байдаг хөдөө, орон нутгийн иргэд, оршин суугчдад биед амар, цаг хугацаа товчилсон агаарын тээврийн шуурхай үйлчилгээг тэгш хүргэхэдгагцхүү төр манлайлж зохицуулах ганц зам байна.

Өнгөрсөн 2019 оны статистикаас үзэхэд орон нутагт нийт 22’2 сая (хотын дотоод нийтийн тээврийг оролцуулаагүй) зорчигч тээвэрлэсэн байна. Үүнд авто замаар 19 сая буюу 85 хувь, төмөр замаар 2’8 сая буюу 13 хувь, агаарын тээврээр 440 мянга буюу 2 хувь нь зорчсон байна. Агаарын тээврээр зорчсон нийт зорчигчдоос 317’392 зорчигч хуваарьт бус захиалгат нислэгээр (Өмнөговийн чиглэлийн уул уурхайн компаний ажилчид) байсан бол үлдэх 115’975 зорчигч нь орон нутгийн бусад чиглэлд зорчсон байв. Энэ үзүүлэлт нь орон нутгийн зорчигч тээврийн 75 хувийг (1989 онд 826’000 гаруй зорчигч тээвэрлэсэн) нэгэн үед дангаараа тээвэрлэж байсан агаарын тээврийн салбарт хувьд дэндүү чамлалттайүзүүлэлт юм.

Монгол улс социализмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны 1960-аад оны эхнээс иргэний агаарын тээврийг хөгжүүлж ард иргэддээ түргэн шуурхай, өртөг зардал багатай агаарын хөлгөөр үйлчлэх бодлогыг төр засгаас ихээхэн анхаарч ирсний үр дүнд үндэсний агаарын тээвэрлэгч байгууллага Монголын Иргэний Агаарын Тээврийн “МИАТ” Нэгтгэл үүсэн хөгжиж 1990 он гэхэд 17 аймгийн төвийг нийслэл хоттой, 300 орчин сум, бригадыг аймгийн төвүүдтэй агаарын тээврээр холбож чадсан нь нийгэм соёл, эдийн засгийн хөгжилд гарсан том амжилт байв.

Тухайн үед хот хоорондын зорчигч тээврийн нислэгт 1957-1974 онуудад 35-37 зорчигчийн суудалтай Ил-14, 1964-2004 онд 50 зорчигчийн суудалтай Ан-24, Ан-30, агаарын хөлгөөр өдөр бүр зарим томоохон аймгуудад өдөрт 2-3 рейс, оюутны амралт, цэрэг татлагын үеэр шөнийн нэмэгдэл нислэг хийдэг байв. 1961-1991 онд 30 жилийн хугацаанд сумдын нислэгт 12 зорчигчийн суудалтай Ан-2 хэмээх жижи, хөнгөн агаарын хөлгүүд орон нутгийн нисэх буудалд суурин байрлаж 7 хоногт 2 удаа тогтмол цагийн хуваариар зорчигч, шуудан тээврийн нислэг үйлчилгээг 30 жилийн турш тогтмолжуулж, эмнэлгийн яаралттай түргэн тусламж болон бусад тусгай үүргийн зориулалтаар өргөнөөр ашиглагдаж ард, иргэд агаарын тээврийн ач тусыг мэдэрсэн байв. Үүний зэрэгцээ байгал хамгаалал, хөдөө аж ахуйн салбарт олон чухал ажил үүрэг гүйцэтгэв. Тухайлбал жилд 2 сая га бэлчээрийн талбайг хөнөөлт мэрэгчээс, ойн сангийн 250’000 гахүртлэх талбайг хортон шавьжнаас хамгаалах, мөн ой хээрийн түймэртэй тэмцэхэд 1000 цагийн нислэг үйлдэж, газар тариалангийн ургамал хамгаалахад 150’00-200’000 мянган га талбайн хогтолтыг устгах авиа химийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн судалгаа, тооцоон дээр хамтын уялдаатай ажилладаг мэргэжлийн байгууллагууд сайтар төлөвлөж нисэх онгоцоор амжилттай гүйцэтгэж ирсэн юм.

Гэтэл чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихэд нисэхийн салбарт баримтлах төрийн бодлого, зохицуулалт дутагдсанаас үүдэн улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд шууд болон тойруу замаар үр өгөөжөө өгч байсан орон нутгийн агаарын тээврийн зорчигч шуудан тээврийн нислэг үйлчилгээ болон байгаль орчин, хөдөө аж ахуйд нисэх онгоцоор агаараас гүйцэтгэдэг ажил үйлчилгээнүүд бүр мөсөн зогсч олон зуун сумдын аэродромын газар, хашаа хамгаалалт, радио холбооны тоноглол, олон арван нисэх онгоц, сэлбэг хэрэгсэл, тусгай тоноглол үрэн таран болж, олон зуун мэрэжлийн боловсон хүчин тарж бутрав.

Үүний улмаас алслагдсан бүс нутгийн иргэд явгарч зам тээврийн гачаалд оров. Улмаар зах хязгаар нутаг эзгүйрэх нэг хүчин зүйл болжээ. Байгал эколог, хөдөө аж ахуйг элдэв хөнөөл сүйтгэлээс хамгаалах ажлыг тооцоо судалгаанд үндэслэн, системтэйгээр хэрэгжүүлж байсан мэргэжлийн тогтолцоо нурж, төрийн бодлого зохицуулалт орхигдсоны улмаас бэлчээрийн онц хөнөөлт мэрэгч үлийн цагаан огтоно 40 сая га бэлчээрт тархаж үүнээс 5 сая га талбайд хөнөөлийн голомт үүсгэсэн, ойн сангийн 2’997’100 га талбайд хортон шавьж тархаж 322’200 га талбайд хөнөөлийн голомт үүсгэсэн, ой хээрийн түймэрт 2007-2019 онуудад нийт 599’4 тэр бум төгрөгийн хохирол учруулсан байна. Хөдөө аж ахуйд таримал ургамал хамгааллын авиа химийнажил орхигдсоноос жил бүр ихээхэн хэмжээний улаан буудайн ургац авч чадалгүй алдах нэг нөхцөл болж байна. Хэдийгээр өнөө цагт зардал багатай ч газрын техникээр болон энгийн механик хоцрогдсон аргаар дээрх ажил үйлчилгээг гүйцэтгэж багаа боловч бүтээмж муу, үр дүн бага байна.

Манай улсын иргэний нисэхийн түүхэнд 1957 оноос хойш 2004 оныг хүртэлх 40 шахам жил орон нутгийнхот хоорондын зорчигч тээврийн тогтмол нислэг үйлчилгээг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед болон зах зээлийн чөлөөт эдийн засгийн шилжилтийн жилүүдэд төрийн өмчийн МИАТ ХК тасралтгүй гүйцэтгэж ирсэн орон нутгийн нислэгээ 2004 оноос зогсоож олон улсын нислэг үйлчилгээг дагнан гүйцэтгэх болсон байна. Энэ үеэс орон нутгийн нислэгийн зах зээл дан ганц хувийн хэвшлийн мэдэлд 100% шилжиж, одоогоор “Аэро-Монгол” ХХК, “Хүннү эйр” ХХК гэсэн хоёр компани цөөн тооны холын аймгуудад зорчигч тээврийн цагийн хуваарьт нислэг үйлдэж байна. Эдгээр компаниуд нийслэгийнтийзийн үнэ тариф, цагийн хуваарь давтамжийг өөрсдийн үзэмжээр тогтоож байна.

Өнөөдрийн байдлаар “Аэро-Монгол” ХХК нь EMB-145 хэмээх 50 зорчигчийн суудалтай нэг ширхэг агаарын хөлгөөр, “Хүннү эйр” ХХК-иуд ATR72-500 хэмээх 74 суудалтай нэг, EMB190-100 хэмээс 92 зорчигчийн суудалтай нэг агаарын хөлөг буюу нийт 3 агаарын хөлгөөр Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнө говийн чиглэлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Нэг чиглэлд 7 хоногт 2 удаа нислэг үйлдэхдээ нэг өдөр давхардан нисч байгаа нь хэрэглэгчдийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээж байна.

Хөндлөнгөөс ажиглахад орон нутгийн нислэгт үйлчилж байгаа хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч энэ хоёр компани өөрсдийн бизнесийн ашиг сонирхолыг нэн тэргүүнд тавьж ашигтай гэсэн цөөн чиглэлд нислэг үйлдэх, өндөр үнэ тарифын тийз борлуулалтаар агаарын хөлгийн суудал дүүргэж ашиг орлогоо их байлгах, нислэгийн давтамж хоорондын зайг холтгох замаар зардлаа бага байлгах бодлого агуулдаг байна. Мөн тийзийн үнэ тарифыг олон төрлөөр (Аэро Монгол 8 төрөл, Хүннү Айр 5 төрлийн) зохиож мөрдөхдөө ихэвчлэн өндөр үнэтэй тийз борлуулдаг явдал нь иргэдийг цаг хугацаа товчилсон агаарын тээврийнүйлчилгээнээс татгазахад хүргэж, тав тух муу хэдий ч хямд үнэ тарифтай авто тээврээр үйлчлүүлэхээс өөр сонголтгүй болгож байна. Энэ нь нэг талдаа хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчдэд асар их ашиг орлого оруулж байгаа боловч, нөгөө талдаа орон нутгийн нислэг үйлчилгээний цар хүрээгхумих, иргэдэд өндөр үнэ тарифтай үйлчилгээг тулгах, үгсэн хуйвалдаж зах зээлд монополь тогтоосон гэх хардлага төрүүлэхэд хүргэж байна.

Авто тээврийн тухай хуулийн6.1.7дугаар зүйлд тээвэрлэлтийн зай, ачааны төрлөөс хамааруулж зорчигч, ачаа тээвэрлэлтийн жишиг тарифыг батлана …гэжзаасныг үндэслэн ЗТХ-ийн сайдын 2013 оны 162 тоот, 2019 оны 274 тоот “Авто тээврийн жишиг тарифыг шинэчлэн батлах тухай” тушаалаар тухайн чиглэлд нийтийн тээврийн авто хөсгөөр зорчих км тутмын үнэлгээг зааж өгсөн нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн бөгөөд хот хоорондын 63 чиглэлд хувийн хувийн хэвшлийн 61 аж ахуйн нэгж том болон дунд оврын автобусаар тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Гэтэл агаарын тээврийн бизнес эрхлэгч хувийн хэвшлийн авиа компаниудын орон нутгийн нислэгийн тийзний үнэ тарифын дээд хязгаар тогтоох, хямдруулах, нислэгийн чиглэл давтамжийг нэмэгдүүлэх тал дээр зам тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зоригтой нөлөөлж чададхгүй байна. Харин үйл ажиллагааг дэмжиж их хэмжээний татаас, нөхөн олговрыг ИНЕГ-аас сүүлийн жилүүдэд олгож ирсэн байна.

Тухайлбал АэроМонгол ХХК2016 онд 200 сая, 2018 онд 405 сая, Хүннү Айр ХХК-д 2016 онд 400 сая, 2019 онд 251,1 сая төгрөгийг боловсон хүчний сургалтанд зориулж олгосны зэрэгцээ эдгээр компаниудад нөхөн олговортой нислэгийн татаас хэмээн 2’225’5 тэрбум төгрөгийг 2013-2020 онд олгожээ. Гэвч агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээг үзүүлэх ёстой алслагдсан бүс нутгийн чиглэлд энэ дэмжлэгийг үзүүлэлгүй Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Мөрөн гэх мэт нийслэл хоттой авто замаар холбогдсон, дундын зайд оршдог аймгуудын чиглэлд хуваариласан нь оновчгүй юм.

Өнөөгийн бодит байдалд хөдөө орон нутагт оршин суугч иргэд байнгын ажлын байргүй, тогтмол орлогогүй, өрхийн олж байгаа орлогоос гэр бүлийн нэг гишүүнд ногдох хувь хэмжээ нь тухайн жилийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур, төлбөрийн чадвар сул байна. Иймээс орон нутгийн нислэгээр ихэвчлэн төлбөрийн чадвар өндөртэй бизнес эрхлэгчид, гадаадын жуулчид, албан томилолтын зардлаар төрийн албан хаагчид үйлчлүүлж, мөн агаарын тээврээр зорчихоос өөр сонголтгүй болсон цөөн иргэд, хүнд өвчтөн зэрэг зорчигчид үйлчлүүлдэг байна.

Энд нэг зүйлийг онцлон дурьдахад хөдөө, орон нутгаас хэвтрийн зорчигч хэмээгддэг дамнуурган дээр авч явдаг хүнд өвчтөнүүд нийслэлийн клиник эмнэлгүүдэд ирж эмчлүүлэхболомжнь сүүлийн жилүүдэд хаагдсан байна. Учир нь хувийн хэвшлийн эдгээр авиа компаниуд хэвтрийн нэг зорчигч тээвэрлэхийн тулд дөрвөн зорчигчийн суудлыг хэвтүүлэх шаардлагатай болдог учир тухайн өвчтөний зүгээс аялалын хоёр талд нийт 8-12 зорчигчийн суудлын үнэ төлөхийг шаарддаг байна. Эмчилгээнийхээ зардлыг арай ядан дааж яваа хэвтрийн ядарсан өвчтөн өөрийг нь эмчилж явах эмч, сувилагч болон дагалдан асарч явах ар гэрийнхэн гээд олон хүний тийзийн зардлыг тэр бүр хариуцах төлбөрийн чадвар үгүй билээ. Энэ мэт гажуудлыг чөлөөт зах зээлийн харилцаа зохицуулж чадахгүй байгаа тул зовж зүдэрсэн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүргийг төр нь зохицуулалт хийж хүлээнэ. Тухайн үед МИАТ компаний орон нутгийн нислэгийн 5-6 рейс тутамд нэг хэвтрийн зорчигч үйлчлүүлж байсан бөгөөд нэг л хүнд ногдох тийзийн төлбөр хийж зорчдог байна.

Иргэдэд аялалын эхлэлийн цэгээс эцсийн цэг хүртэл агаарын тээврээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж нийслэл хотоос аймгийн төвүүдэд ирсэн зорчигчдыг цааш нь сумдруу задардаг богино маршрутын нислэг үйлчилгээг төрөөс санаачлан агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээг татаасын үндсэн дээр хүртээмжтэй болгох шаардлагатай байна.

Орон нутгийн ихэнх нисэх буудлууд долоо хоногт зөвхөн нийслэлээс эхлэлтэй цөөн тооны тогтмол аяллын нислэгт үйлчилж ихэнх хугацаанд ачаалал багатай байдаг бол ойрын аймгууд болох Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий (Архангай, Орхон, Төв аймаг нисэх буудлаа татан буулгаж газрыг нь өөр зорилгод ашигласан) аймгийн төвийн нисэх буудлууд зорчигч, үйлчлүүлэгчдээ хүлээсээр 30 жил сул зогсолтонд байна.Гэтэл нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй Цесна-208 маягийн 9-12 зорчигчийн суудалтай жижиг агаарын хөлөг “Геосан”, “Тэнгэрийн улаач шинэ”, “Скай жет” зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн өмчлөлд 4 ширхэг байдаг боловч өвлийн саруудад ажилгүйдэн сул зогсдог ажээ.

Энэ мэт нисэх онгоц, техник, мэргэжлийн хүний нөөцийн өнөөгийн байгаа боломжийг зөв зохистой ашиглаж төр, хувийн хэвшил хамтын үйл ажиллагаанытүншлэлийнзарчмаар алслагдсан сумдын тогтмол нислэгийг хөдөөгийн иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхждэг хүйтний улиралд зохион байгуулж нийгмийн эрэлт хэрэгцээг хангах боломж байсаар байна. Алслагдсан сумдад зорчигч тээврийн нислэг зохион байгуулах санлыг судлагаа тооцоотой гаргаж тавьдаг боловч яам, агентлагийн удирдлагууд ойр ойрхон солигддог, мэдлэг туршлаггүй, хэт болгоомжилдог, ажил хэрэг болгох дургүй зэргээр асуудалд идэвхгүй ханддаг байна. Тухайлбал;Зам тээврийн салбарын сайд нь сүүлийн 5 жилийн дотор (2016-2020) 6 удаа солигдсон, мөн Иргэний нисэхийн асуудал эрхэлдэг төрийн захиргааны байгууллага ИНЕГ-ын удирдлага 2012-2016 онд 6 удаа солигдсон, дунд түвшний албан тушаалтнууд туршлаггүй, мэрэгжлийн чадамжгүй, залхуу хойрог, идэвх санаачлаггүй, амиа хоохойлсон зэрэг байдал нь салбарын болоод улс орны хөгжилд ихээхэн саад тотгор болж байна.

Зах зээлийн баримжаатай төрийн зохицуулалтаар орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг ард түмэнд хямд, хүртээмжтэй болгохын тулд хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зардлыг хямдруулах бүхий л арга замыг (парк шинэчлэлд хийсэн банкны зээлийн хүүг бууруулах, татвар хураамжийг хөнгөвчлөх, НӨТ–өөс чөлөөлөх, шатахууны үнийг хямдруулах, шатахууны сөрөг тээврийг шийдэж улсын баруун болон зүүн хязгаараар нисэх онгоцны шатахуун татан авалт, нөөц бий болгох, нисэх буудал, холбоо навигац, газрын үйлчилгээний хураамжаас чөлөөлөх, нарийн мэргэжлийн хүний нөөцийн сургалтын зардлыг төрөөс даах гэх мэт) хамтаар эрэлхийлж хамтын зохицуулалт хийх боломж юм. Ингэснээр тухайн агаарын хөлгийн нислэгийн нэг блок цагийн зардлыг бодитоор тооцон гаргаж нэг зорчигчид ногдох зардал буюу тийзийн үнэ, тарифыг хямдруулах, тухайн чиглэлийн нислэгийн тоо давтамжийг олшруулах, зөрүү алдангыг арилгахадямар хэмжээний эдийн засгийн зохицуулалт, татаас үзүүлж болохыг тооцон гарах хэрэгтэй байна. Мөн агаарын тээврийн үйлчилгээг ардиргэдэд хямд, хүртээмжтэй болгох нэг боломж нь Төрийн өмчит МИАТ компаний үйл ажиллагааг орон нутагт эгүүлэн оруулж ирж урьдын уламжлалт нислэг үйлчилгээг сэргээх ажил бөгөөдИргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагаас энэ тухай бодлого, шийдвэрээ гаргах хэрэгтэй юм.

Энд нэг жишээ татахад жил бүр нийслэл Улаанбаатар хотын төсөвт нийтийн тээврийн алдангад зориулж олон арван тэрбум төгрөг төсөвлөдөг байна. Тухайлбал 2017 онд 88.6 , 2018 онд 94.0, 2019 онд 104.0, 2020 онд 116.0 тэрбум төгрөг тус тус төсөвлөн зарцуулжээ. Энэ зардал нь нийслэл хотын нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиход нөхөн олговорт, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн машины цагийн тариф болон сэлгэн суулгалтын зардалд, нийтийн тээврийн өр барагдуулахад тус тус зарцуулагддаг байна. Нийслэл хотод оршин суугчдад үзүүлж байгаа хөнгөлөлтийн нэгэн адил алслагдсан сум, бүс нутгийн иргэдэд агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээг хүргэхэд хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчдэд зохих эдийн засгийн зохицуулалт, татаас олгох төрийн зохицуулалт хийхболомжтой юм.

Монгол төр агаарын тээврийн аюулгүй, хямд, хүртээмжтэй үйлчилгээг ард түмэндээ хүргэх үүрэгтэй. Агаарын тээврийн өвөрмөц онцлог, агаарын хөлгийн нислэгийн хурд, даац суудлын тоо, шатахуун зарцуулалт, аялалын замналын урт зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг тухайн аймаг орон нутгийн хүн ам, алслагдсан байршилтай уялдуулжнийслэл хотоос 400 км дотор оршдог Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уулаймгуудыг “ойрын аймаг”, 400-800 км зайд орших Баянхонгор, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгуудыг “дундын аймаг”, 800 км-ээс дээш зайд орших Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудыг “холын аймгууд” гэж орон зайн алслалт, байршлаар 3 ангилах нь оновчтой байна.

Ойрын зайд оршдог аймгуудруу нислэг үйлдэхэд ашиглах агаарын хөлөг нь 250-350 км/цагийн хурдтай, 20 хүртэлх зорчигчийн суудалтай, хос сэнсэн тийрэлтэт хөдөлгүүртэй, шороон гадаргуут зурвас дээр буулт, хөөрөлт үйлдэх боломжтой байх. Дундын зайн аймгуудад нислэг үйлдэх агаарын хөлөг нь 40-70 зорчигчийн суудалтай, нислэгийн хурд 450-650 км/цаг, сэнсэн тийрэлтэт хөдөлгүүртэй, шороон болон хатуу хучилттай нислэгийн зурвасанд буулт, хөөрөлт үйлдэх боломжтой байх. Холын зайн аймгуудад нислэг үйлдэх агаарын хөлөг нь 700-800 км/цагийн хурдтай, тийрэлтэт хөдөлгүүртэй, 50-100 зорчигчийн суудалтай байвал тохиромжтой байна. Зорчигч тээврийн тогтмол нислэг үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчдээр гүйцэтгүүлэх ажлыг бодлогын яам, агентлагийн санаачилга оролцоотой судлаж зохицуулах шаардлагатай байна. Мөн Иргэний нисэхийн тухай хуулинд орон нутгийн нислэгийн тийзийн жишиг үнэ тариф тогтоохыг Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тусгаж өгөх нь зүйтэй байна.

Судалгаанаас харахад манай улсын Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтайзэрэг холын 4 аймаг нийслэл хотоос 1000 км цааш алслагдсан иргэд авто хөсгөөр дунджаар 20-22 цаг явж нийслэл хотод ихээхэн ядарч ирдэг ба өвлийн улиралд эдгээр аймгуудын иргэдэд агаарын тээврээс өөр сонголтгүй болдог байна. Энэ чиглэлд орчин үеийн тийрэлтэд хөдөлгүүрт агаарын хөлөг дунджаар 1-1,5цаг нисдэг байна. Дундын зайд орших Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгууд хатуу хучилттай авто замаар нийслэл хоттой холбогдсон. Эдгээраймгуудад нислэгийн тийзний үнэ, тариф нь авто машины үнэ тарифаас олон дахин өндөрбөгөөд хөдөлмөрийн хөлсний дундаж орлогын ихээхэн хувийгэзэлж байгаа тул иргэд ихэвчлэн авто тээврийг сонгон үйлчлүүлж байна. Харин эдгээр аймгуудад агаарын хөлгөөр зорчиход дунджаар 1, 2 цаг зарцуулах боловч авто хөсгөөр зорчиход дунджаар 10-12 цаг зарцуулдаг байна. Гэвч эдгээр 6 аймгуудад зорчигч тээврийн нислэг үйлчилгээ тогтворгүй байна.

Ойрын 5 аймаг болох Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймгуудад 1992 оноос хойш хот хоорондын зорчигч тээврийн нислэг үйлдэхгүй бүр мөсөн зогссон. Шалтгаан нь нийслэл хотод харьцангуй ойр, засмал замаар холбогдсон, иргэд хувийн машинтай болсон, хот хоорондын нийтийн авто тээврийн тийзний үнэ хямд гэх мэт. Гэтэл нийслэл хотоос дээрх аймгуудад авто хөсгөөр замдаа зогсолт хийлгүй явахад, тухайлбал Архангай, Булган, Өвөрхангай, Хэнтий аймагт зорчиход дунджаар 5-7 цаг, Дундговь аймагт дунджаар 3 цаг зарцуулагддаг байна. Гэтэл нисэх онгоцоор эдгээр аймгуудад Цесна-208 маягийн жижиг хөнгөн агаарын хөлгөөр зорчиход нэг талдаа дунджаар 1-1,5 цаг зарцуулна. Мөн хүн амын нягтшил ихтэй, зах зээл харьцангуй хөгжсөн Дархан, Орхон, Сэлэнгэ аймгуудруу ч богино маршрутын агаарын тээврийн үйлчилгээг зохион байгуулах боломжтой байна.

Хэрэв төр манлайлан алслагдмал бүс нутагт агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээг тэгш хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж орон нутгийн агаарын тээвэрт тохирох орчин үеийн тохилог, хурдтай, ашиглалтын зардал багатай жижиг хөнгөн нисэх онгоцоор сум орон нутгийн зорчигч тээврийн нислэг үйлчилгээг сэргээн хөгжүүлбэл хот хоорондын зорчигч тээврийн нислэгийн давтамж, зорчигч урсгал эрс нэмэгдэж ялангуяа аялал жуулчлалын салбарт эергээр нөлөөлөх юм. Ингэснээр хот хөдөөгийн ялгааг багасгах, орон нутгийн иргэдийн ажлын байр, өрхийн орлого нэмэгдэх, орон нутгийн авто зам дээр гардаг ослын тоо, хэмжээ буурах, улмаар нийслэл хотын төвлөрлийг сааруулах, зах хязгаар нутагт нутаг эзгүйрэх явцыг зогсооход нэгэн чухал түлхэц болох, тэнд оршин суугч иргэдийн төрд итгэх итгэл сэргэн хөгжил дэвшил хийгдэхэд нэг чухал нөлөө үзүүлэх юм.

Орон нутгийн нислэг үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээний салбарт дорвитой үр нөлөө, манлайлал үзүүлэх хүчирхэг хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчид гарч ирээгүй, агаарын тээврээр үйлчлүүлэхийг хүсэх иргэдийн төлбөрийн чадвар сайжрахгүй байгаа ийм салбарт хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих төрийн бодлого сул манай Монгол шиг улс оронд эдийн засгийн тоглогчдын хөрөнгө оруулалтын сонирхлыг татах, бизнесийн эрсдэлийгбууруулах зах зээлийн баримжаатай төрийн бодлогын оролцоо, манлайлал зайлшгүй хэрэгтэй байна.

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаанд “хамтын зохицуулалтын механизм” дэмжигдэдгүй учраас зах зээлийнбаримжаатай төрийн оновчтой бодлогын оролцоо, манлайллын доор “төр-хувийн хэвшлийн хамтын зохицуулалтын механизм, институци” бий болгосон үед орон нутгийн зорчигч тээврийн тогтмол нислэгийн үйлчилгээ цар хүрээгээ тэлж, эдийн засгийн олон оролцогч бүхий, бие даан амьдрах чадвартай, улс орны нийгэм эдийн засаг, байгал орчинд үр ашигтай байхүндэсний хэмжээний агаарын тээврийн салбар болон хөгжих хөрс бүрдэх болно.

2020.09.22

ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга,инженер нисгэгч Т.БАТЖАРГАЛ(Dh.P)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *