Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Бат-Оргил: Намын гишүүнчлэл, санхүүжилтийг устгаагүй үед Монгол Улс хөгжих ямар ч боломжгүй

Эрх зүйч Т.БатОргилтой ярилцлаа.


Намын хатуу гишүүнчлэлийг иргэд олон нийт, улс төрийн хүрээнийхэн ч эсэргүүцсээр ирсэн. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би намын хатуу гишүүнчлэлээс салах ёстой гэж үздэг, энэ саналыг маш их дэмждэг. Учир нь намын хатуу гишүүнчлэл гэдэг ангийн тэмцэл гэж ярьдаг байх үеийн л үзэгдэл шүү дээ. “Бид ийм олуулаа. Тиймээс та нарыг бяц дарна” гэсэн айлган сүрдүүлэх л ач холбогдолтой. Орчин үед бол чи аль ч намын гишүүн нь байх албагүй. Намын үйл ажиллагаанд нь оролцоод хөрөнгө мөнгө босгоход нь тусалж хандив өргөж болно, заавал гишүүн байх албагүй. Өнөөгийн байдалд намын гишүүнчлэл нь тухайн хүний итгэл үнэмшилтэй ямар ч хамааралгүй, мөнгө тараалтыг далдлах, нууцлах луйврын систем болчихоод байгаа. Сонгууль болоход намын гишүүддээ мөнгө өгч, тэдгээр нь гэр бүлийнхээ гишүүдэд тараадаг болчихсон.

Гишүүнчлэлийнхээ тоог нэмэхийн тулд намууд янз бүрийн л арга сүвэгчилдэг. Ажил албанд орох гэсэн хэн нэгнийг, эсвэл үзэл бодол нь тогтож, аль нам эвслийг сонгох ёстойгоо ухамсарлаагүй оюутан, залуусыг ч ашиглаж байх шиг харагддаг л даа.

-Монгол Улсын иргэдийг үзэл бодол, шашин шүтлэгээр нь ялгаварлахгүй гэж Үндсэн хуульд заасан хэрнээ бодит байдал дээр намын гишүүнчлэл нь хүмүүсийг ажилд авах нэг үзүүлэлт болчихоод байгаа. Энэ нь агуулгаараа Үндсэн хуулиа шууд зөрчөөд эхэлж байгаа л хэрэг. Хэлбэрээрээ бол бүгдээрээ л худал дүр эсгэсэн байдалтай байгааг нуух ямар ч аргагүй болчихлоо шүү дээ. Олон нийтийн радио, телевизийн даргад нэр дэвшигч нам бус байна гэх зэрэг сайхан юм хуульдаа тусгасан байгаа ч хэзээ ч тэр нь биелдэггүй. МҮОНРТ-ийн даргаар тухайн намын шууд даалгавраар ажилладаггүй юм аа гэхэд үгэнд нь ордог хүнийг томилдог. Намын гишүүнчлэл байснаар тухайн улс оронд, ард түмэнд, аж үйлдвэр, эдийн засагт ямар хэрэгтэй юм бэ. Ийм нэг сайн талтай юм даа гээд хэлчих ганц ч зүйл заалт гарч ирэхгүй. Энэ нь зөвхөн ялзарсан намуудын тогтолцоонд л хэрэгтэй. Энэ нь өөрсдийнх нь эрх мэдэл, мөнгө төгрөгөө босгодог, хуваарилдаг систем нь л болчихсон, түүнээс гишүүнчлэлд өөр ач холбогдол байхгүй. Монгол Улсыг доройтол, сүйрлийн ирмэгт авчирсан гол буруутан нь улс төрийн намууд. Би зөвхөн МАН гэж хэлээгүй. Монголын бүхий л намууд, намын тогтолцоо нь энэ улсыг ангал руу түлхэж байгаа. Үүнд үндсэн хоёр шалтгаан бий.

Тэдгээрийг тодруулаач?

-Нэгдүгээрт, намын санхүүжилт. Энэ олон ажилгүй хүмүүсийг бүтэн дөрвөн жилийн туршид тэжээж, намын гэгдэх тэр их байр савыг бүгдийг нь авч явах шаардлага намын даргад тулгардаг. Энэ утгаараа түүнд намаа яаж санхүүжүүлэх вэ гэдэг бодит эдийн засгийн асуудал үүсдэг. Дээрээс нь сонгуулийн үеэр хуульд заасан дүнгээс хэдэн арав, зуу дахин мөнгө зарцуулдаг. Гэсэн хэрнээ нам гэдэг байгууллага ямар ч бизнес эрхэлдэггүй. Энэ утгаараа намын санхүүжилт гэдэг нь булай бузрыг бий болгох эдийн засгийн үндэслэл нь болчихоод байгаа юм. Хүнийг итгэл үнэмшил, мэргэжлийн ур чадвараар нь төрийн албанд томилно гэдэг ямар ч боломжгүй болчихсон. Учир нь тэр намыг дөрвөн жилийн турш мөнгөөр угжиж малласан этгээд түүнийхээ төлбөрт улс төрийн шагнал, урамшуулал авдаг. Албан тушаал, тендер авч, өөртөө хэрэгтэй хууль батлуулдаг. Хоёрдугаарт, энэ бүх мөнгийг нам гэх мутацид орсон муухай байгууллагын судсаар гүйлгэдэг зүйл нь гишүүнчлэл юм. Энэ хоёрыг устгаагүй тохиолдолд Монгол Улс хөгжинө, сайхан болно гэж төр засгийн хүмүүсийн хэлж байгаа нь зүгээр л мөрөөдөл. Биелэх ямар ч үндэслэл байхгүй. Тиймдээ ч дүр эсгэсэн ардчиллын үндэс суурь нь өнөөдөр намууд болчихоод байна.

Гэтэл намууд намын гишүүнчлэлийн тоогоороо өрсөлдсөн хэвээр л байна. Угтаа аливаа намууд бодлогоороо өрсөлдөж байх ёстой биз дээ?

-Ер нь МАН, АН-ын бодлого нь юугаараа ялгаатай вэ гэдгийг мэдэх нэг ч хүн байхгүй. Намын дарга нар нь өөрсдөө ч мэдэхгүй. Эдийн засгийн ач холбогдол, эрх зүй, төрийн удирдлагын талаасаа ултай, суурьтай аваад үзэх юм бол энэ намуудын удирдлага, гишүүд нь тус намууд чухам юугаараа ялгаатай вэ гэдэгт ямар ч хариулт хэлж чадахгүй.

Яахав, яруу найраг шиг юм ярих байх л даа. Гэхдээ онолын үүднээс ярих юм тэдэнд ганц ч байхгүй. Намуудад ямар ч бодлогын шинж чанар байхгүй, зүгээр л гэмт бүлэглэлүүдийн дүрээ хувиргасан системүүд юм. Дээрээс нь нам дотроо фракц болчихсон. Аливаа улс орнуудын намд үзэл баримтлал, салбар, эсвэл сонгогчдынхоо онцлогоос хамаарч фракц үүсдэг. Гэтэл манайд гэмт бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийг л илэрхийлж байгаа. Түүнээс манайд байх намуудын фракцын ард итгэл үнэмшил, үзэл баримтлал, онол байхгүй. Ингээд үзэхээр Монгол Улсад улс төрийн нам нэг ч байхгүй. Тиймээс эдгээрийг татан буулгах хэрэгтэй. Нам дотор байх эрүүл ухаантай ганц, нэг хүмүүс нь намуудаа татан буулгах зориг, эрх мэдэл хүрэх нь үү гэдэг л асуудал байна.

Нөгөөтэйгүүр бүхэл бүтэн улсыг хөгжүүлэх бодлогыг хүмүүс сонгуулийн 14 хоногийн дотор яаж ойлгож, тэр олон намуудын хоорондын ялгааг хэрхэн мэдэж сонголт хийх вэ. Бодлого гээчтэй нь танилцах боломжийг тэд хүмүүст олгодоггүй. Мөн шинээр өөр өрсөлдөгч гарч ирэх боломжийг ч тэд бий болгодоггүй. Сар хүрэхгүй хугацаанд сонгууль зохион байгуулж, хэн мөнгөтэй нь энэ зодоонд ялна гэдэг энгийн дүрмээр хийдэг. Тиймдээ ч бодлогоор өрсөлдөх ямар ч боломж байдаггүй. Бусад улс оронд тухайн нам нь өөрийнхөө бодлогыг бүтэн жилийн туршид тайлбарлах, ухуулан сурталчлах боломжтой байдаг. Мөн нэр дэвшигчдээ маш эртнээс зарладаг. Муу муухай юм байдаг бол тэр нь эртнээс ил болдог. Яг ийм эрүүл саруул процесс явахын тулд сонгуулийн хугацаа хамгийн багадаа нэг жил байх ёстой юм. Яахав, саналаа өгөх хугацаа нь долоо, эсвэл 14 хоног байж болно шүү дээ.

Та бие даагч, нам бус иргэдийн төлөөлөл. Сүүлийн үед ямар асуудлуудаар идэвхтэй байр суурь илэрхийлж байгаа вэ?

-Бие даагчид нам биш учраас хурал зохион байгуулж, тохиролцоод яриад байх зүйл байхгүй л дээ. Бидний хувьд намуудыг татан буулгаж, шинээр бүрдүүлэхдээ босгыг нь өндөрсгөе гэсэн ерөнхий байр суурьтай. Жишээ нь, нам байгуулахад 801 хүний гарын үсэг зуруулдаг. Бие дааж нэр дэвшихэд мөн ялгаагүй 801 хүний гарын үсэг зуруулдаг. Тэгэхээр би бүхэл бүтэн нэг нам явж байгаа биз. Хамгийн гол нь ийм зүйл байж болдог юм уу. Нам, бие даагч хоёр адилхан 801 хүнээр хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг шударга бус зүйл гэдэг нь тодорхой. Үүнийг жаахан хүүхэд ч хэлээд өгөх байх. Монгол Улсын Үндсэн хуульд шударга ёс гэж үг байхгүй гэж Цэц дүгнэлт гаргаж байсан удаатай. Цэц нь хүртэл ийм болчихсон шүү дээ. Энэ бол гэмт бүлэглэлийн үнэн мөн царай нь юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *