УИХ-ын чуулганыг завсарлуулсны дараа Т.Аюурсайхан гишүүн мэдээлэл хийсэн юм. Тэрээр “УИХ-ын дэгийн тухай хуулийн 38.2-т Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах, эсэх санал дүгнэлт гаргаснаас хойш долоо хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Тэр өдөр нь өнөөдөр дуусгавар болж байна. Хоёрдугаарт, ээлжит бус чуулганыг тодорхой асуудлаар зарлаж хуралдуулна гэсэн хуультай. Энэ удаагийн ээлжит бус чуулган хуралдуулах саналыг УИХ-ын дарга гаргасан. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд, Шадар сайд хоёртой холбоотой тагнасан, чагнасан гэх асуудлаар завсарлага авчихлаа. Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд үүнийг тусгаагүй. Ганц хэлэлцэх асуудал байсан нь 30 гишүүний гарын үсэг зурж өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудал. Гэтэл түүнийг хэлэлцэхийн оронд өөр асуудлаар завсарлага авсан нь хууль зөрчсөн асуудал” гэв.
С.АЛТ