Увс аймгийн Тэс сумын харьяат МУГТ Монгол Улсын өсөх идэр начин Төмөрийн Артагийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Барилдааныг МҮБХ-той Увснуур дэвжээ, Т.Артаг начны гэр бүлээс хамтран зохион байгуулсан юм. Барилдааныг үзэж сонирхохоор дархан аварга Х.Баянмөнх гэр бүлийн хамт, улсын арслан Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, Н.Батсуурь, улсын заан Д.Бумбаяр, Ж.Ганболд, улсын харцага Г.Намсрайжав, “Увснуур дэвжээ”-ний гүйцэтгэх захирал Б.Цэрэнсамбуу, Т.Артаг начны гэр бүл, үр хүүхдүүд хүрэлцэн ирэв.
Т.Артаг начин нь Улсын наадамд 1972 онд гурвын даваанд Г.Пүрэв-Очир (начин)-ыг, дөрөвт Т.Зундуй зааныг, тавд Ш.Батсуурь аваргыг давж зургаад Ө.Эрдэнэ-Очир заан (арслан)-д унаж улсын начин цол авч, 1973 онд тавын даваанд Д.Галдандагва начинг давж, зургаад П.Дагвасүрэн арсланд унаж өсөх идэр чимэг нэмсэн. 1969, 1971, 1975, 1978 онуудад дөрөв давж Ч.Лундаа(начин)-тай тунаж, аймгийн арслан Ц.Лхамаа (начин)-тай тунаж, Д.Цэрэндаш начинд, М.Мөнгөн заан (арслан)-д тус тус унаж байсан хүчтэн юм. Зүүн талтай, зүүн хөл хонгодох орох, этэх, зүүн мушгиж тонгорох, давхар ачих, бусгах зэрэг мэхийг голдуу хийдэг. Мехикогийн 1968 оны XIX олимпоос чөлөөт бөхийн 78 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын гавьяат тамирчин юм.
Барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга аймгийн арслан А.Отгонбаатар, Д.Батжаргал, Т.Занданбат, О.Баярхүү, Б.Хашбат, Г.Батням, Бо.Батжаргал нараар магнайлуулсан аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ, “Доолт” компаний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэлээ.
Аймгийн арслан Б.Хаш-Эрдэний хувьд нэгийн даваанд аймгийн начин Ө.Баяцогт, хоёрт аймгийн заан Б.Баатарсүрэн, гуравт аймгийн хурц арслан зүүний магнай Ё.Эрдэнэжаргал, дөрөвт аймгийн арслан Бо.Батжаргал, тавд аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр /тунаж/, зургаад аймгийн арслан М.Бадарч, долоод аймгийн арслан Б.Хишигбаатар /тунаж/, наймд аймгийн хурц арслан Б.Одгэрэл нарыг давж өнөөдрийн барилдааны түрүү бөхөөр тодорсон юм. Их шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Их богд дэвжээний бөх аймгийн арслан Н.Золбоо, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Хантайшир дэвжээний бөх аймгийн арслан Б.Хишигбаатар нар шалгарав.