Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Т.Ариунаа: Очих орон гэргүй, өр зээлэнд баригдсан бид үхсэн ч хамаагүй өлсгөлөн зарлахаас өөр яах билээ DNN.mn

“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа болон төлбөрөө 100 хувь бүрэн төлж, залилуулсан хохирогчид тус хотхоны суурины дэргэд гэр барьж, нойтон өлсгөлөн зарлаж эхлээд 27 хонож байна. Тус хотхон нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ба 576 айлын орон сууц хэлбэрээр баригдах ёстой байж. “2023 оны дөрөвдүгээр улиралд байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө” гэж орон сууц захиалагчтай байгуулсан гэрээндээ тусгасан ч одоог хүртэл доод сууриас өөр барилгын ажил хийгдээгүй иржээ. Тиймээс байрны урьдчилгаа болон бүрэн төлбөр төлсөн иргэд гэрээ дууссаны дараа хохирлоо барагдуулах, мөнгөө эргүүлэн авах хүсэлтийг тус компанийн удирдлагуудад удаа дараа тавьсан боловч янз бүрийн шалтгаан хэлж, хугацаа алдсаар өдийг хүрчээ. Өчигдөр тус газар өлсгөлөн зарлаж буй 11 хүнээс нэг хүний бие нь маш муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ба 10 хүнээс хоёр нь эмнэлгийн тусламж аваад өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн байдалтай байв. Мөн “Зууны мэдээ” сонины хэвлэлийн танхимд өчигдөр хурал зарласан ч түр хойшлуусан байна. Хохирогч иргэдийн төлөөлөлтэй ярилцлаа.


Н.Цэндсүрэн: “Монтай бүрд” ХХК төлбөрийн маш уян хатан нөхцөл амлаж иргэдийн тархийг угаасан

-Анх яагаад өлсгөлөн зарлахаар болсон бэ?

-Би анх 2022 онд захиалга өгсөн. Тухайн барилга баригдаагүй суурь ухсан байдалтай хоёр жил болсон. Захиалгын гэрээний хугацаа ч дууссан. Буцаагаад хохирлоо гаргуулахаар жил гаруй нэхэмжлэн цагдаагийн байгууллагад хандаж, тухайн компанийн захирал Х.Батхишигээс мөнгөө нэхэхэд шалтаг тоочин, худал хэлсээр сүүлдээ утсаа ч авахгүй, гэр орноо ч нүүлгээд алга болсон учраас бид аргаа бараад нойтон өлсгөлөн зарласан юм.

-Өлсгөлөнгөө зогсоож, гэрээ буулгасан гэсэн мэдээлэл байсан. Дахин яагаад суултаа үргэлжлүүлэх болов?

-Тухайн үед бид дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш нийтдээ 15 хоног тасралтгүй өлсгөлөн зарлачихсан байсан. Бүх хүмүүсийн биеийн байдал маш муудсан байсан.

Ихэвчлэн даралт өндөртэй, цус нь өтгөрсөн байсан. Тэр үед тухайн барилгын компани бидэнтэй хэлэлцээр хийхдээ хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг дээр тохиролцоо хийсэн нь ч нөлөөлсөн. Энэхүү барилгын компанид хоёр тэрбумын барьцаа хөрөнгө буюу агааржуулалтын систем байна. Та хэд үүнийг аваад эхний ээлжинд өлсгөлөнгөө зогсоож байгаач ээ гэсэн. Яг одоо энэ мөнгийг барагдуулах боломжгүй байна. Нэг уурхай зарах гэж байгаа. Гэрээн дээр жаахан асуудал үүсээд байгаа тул 35 хоногийн хугацаа хэрэгтэй байна. Үнэхээр юмгүй бууж чадахгүй байгаа бол барьцаа хөрөнгө өгье гэдэг тохиролцоонд хүрсэн. Тохиролцсоны дагуу бид өлсгөлөн зарлаж байсан гэрээ эхлээд буулгасан. Гэр буулгахад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бүрэн бүрэлдэхүүн ирсэн. Бид тухайн өдөр хүлээсэн ч гэрээ контакт хийгдээгүй. Маргааш нь ч хийгдээгүй. Тиймээс бид нэгэнт хохирлоо барагдуулж чадаагүй юм чинь нойтон өлсгөлөнгөө тавдугаар сарын 21-нээс эхлээд үргэлжлүүлээд долоо дахь хоногтоо ороод явж байна. Хамгийн анх 2024 оны нэгдүгээр сараас хохирогчид өргөдлөө өгч эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн Н.Чойсүрэндорж гэдэг байцаагч дээр анх хэрэг үүсгэж байсан. Дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 20-иод хүн өргөдөл, гомдол гаргасан . Байцаагч нар нь солигдоод л, удаашралтай, хэрэг шалгагдаж байгаа гэсэн байдалтай байна.

-Анх ямар тайлбар хэлж байсан бэ?

-Анх мөнгө авч байхдаа газраа ухчихсан. Бүрэн цутгамал барилга хэмээж төлбөрийн маш уян хатан нөхцөл амлаж байсан. Барилга чинь яагаад баригдахгүй байгаа юм бэ, ер нь баригдах юм уу гэхээр одоо ингээд арматураа захиалчихсан, долоо хоногтоо ирнэ гэсэн. Тэгээд долоо хоногийн дараа нь дахиад асуухаар жаахан саадтай, асуудалтай байна гэж аргалсаар байгаад жил болгочихож байгаа юм. Дандаа ухсан газар хараад суугаад байна гэж юу байхав. Мөнгө төгрөгөө авъя гэхээр өө тэгье дансаа, гэрээгээ цуцлах өргөдөлтэйгөө өгчих гэж байгаа юм. Өргөдлөө өгсний дараа 14 хоног, долоо хоног хүлээчих гээд сүүлдээ бүр оффисоо цоожлоод алга болчихсон. Утас руу нь залгахаар авахгүй. Хааяа холбогдохоор уул уурхай яриад л удахгүй та нарын мөнгийг өгнө гэсэн байдалтайгаар жил гаруй явуулчихлаа. Сүүлдээ бүр гэрээ ч нүүлгээд, оффис нь ч цоожтой, утсаа ч авахгүй болсон тул аргаа бараад өлсгөлөн зарлаад сууж байна.


Хохирогч Т.Ариунаа: Очих орон гэргүй, өр зээлэнд баригдсан бид үхсэн ч хамаагүй өлсгөлөн зарлахаас өөр яах билээ

 

-Та нар их олон газар өргөдөл гаргасан гэж сонссон л доо?

-Бид өргөдөл, гомдлоо өгөөгүй газар байхгүй. Өлсгөлөн зарлаад тав хоноод сууж байхад цагдаа, эмнэлэг гээд тоосон хүн ч үгүй. Энд өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн асуудал үнэхээр хүнд байна гээд аргаа бараад Хан-Уул дүүргийн Б.Жагар гээд төлөөлөгчид хандсан. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүстэй нийлээд 130 айлын асуудал хөндөгдөж байна. Б.Жагар төлөөлөгч ирснээс хойш цагдаа сэргийлэх нь тоож эхэлсэн. Ингээд тухайн компанийн захирал Х.Батхишигийг олж ирэхэд тэр хүн надад гурав хоног өгчих гэж хэлж байсан. Бид хүлээе, хохирол барагдуулсан тэр цагт өлсгөлөнгөө зогсооно гэж хэлсэн л дээ. Худал хэлсээр байгаад өдийг хүрчихлээ.

-Та бүхэн өлсгөлөн зарлаж эхлэхээсээ өмнө эмчийн хяналтад орсон уу?

-Өлсгөлөн зарлахаас өмнө эмчийн хяналтад ороход бидний бие эрүүл байсан. Үнэхээр бид хэцүү байдалд байна. Бие муу, гэр оронд асуудал их гээд л. Энэ хүмүүс маань сар ажлаа хийсэнгүй. Байрны түрээсний мөнгөгүй, гэр оронгүй, ах дүү нарынхаараа амьдарч байгаа хүмүүс. “Монтай бүрд ХХК” ядаж араам босгосон бол бага ч гэсэн барилгадаа бидний мөнгийг зарцуулж гэж бодохсон. Улайм цайм залилан байгаад байхад цагдаа нар шийдэж өгөхгүй байгаад байна. Очих гэргүй, банк болон банк бусын зээлтэй, өр зээл нь ихэдсэн хүмүүс чинь үхсэн ч хамаагүй дахиад өлсгөлөнгөө зарлая гэсэн байдалтайгаар эрүүл мэндээ хаяад эргээд энд ирсэн. Бид хуульчтай болсон. Батхишиг гэж хүн дахиж өлсгөлөн зарласнаас хойш нэг ч ирээгүй байна. Төр гэж байдаг юм уу. Өөрсдийн хөдөлмөрөөр олсон мөнгөө залилагчаас эргүүлж авахын тулд л явж байхад цагдаа нар нь биднийг чангалж байна.

Нийслэлийн поркуророос нэг хүнийг шалгахад 14 хоногийн хугацаа орно. 130 хүнийг шалгахад дахиад бид жил гаруй хүлээх болж байна. Мөн эргээд хэрэг нь буцаагдчихаж болох юм. Энэ хүн нэр дээрээ ямар ч хөрөнгөгүй байна гэдэг сонин. Бид энэ хүнээс мөнгөө олж авах эсэх нь тодорхойгүй байна. Бид талбай дээр хоёр цаг болоод л буцсан. Нэг газраа бай гэснээр эндээ л өлсгөлөнгөө зарлаад байна.

-Таны биед одоо ямар зовиур илэрч байна вэ?

-Байнга даралт ихэсч байсан бол сүүлийн үед даралт буураад хоёр даралт хоорондоо ойртчихоод байж байна. Зүрхний хэм алдагдалтай, байнгын савлагаатай. Би сахаргүй байсан, одоо сахартай болсон. Бөөр уургаа алдаад эхэлчихсэн. Цагаан эс, улаан эсээ алдаж байна. Шулуун гэдсээрээ цус алдалттай. Зарим хүмүүсийн нойр булчирхай уйланхайтай, цөс өтгөрөлттэй, шулуун гэдэснээс цус алдалттай цаашид бид байнгын эмчийн хяналтад байх болох жишээний. Үнэхээр бидний биеийн байдал маш муу байна. Яагаад ярьж сууж чадаад байна гэхээр бид эмээр хооллож байгаатай холбоотой. Нэг хүний маань биеийн байдал муудаад, цаашид өлсгөлөнгөө үргэлжлүүлэх боломжгүй болж, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэж байна. Тус дотрын тасгийн Цэнгэлмаа эмч бидэнд хяналт тавьж байгаа. Орох оронтой элэг бүтэн сайхан амьдрах хүсэлтэй мөнгөө өгчихөөд өдийд ийм байдалтай байна.

Хохирогч Т.НАРАНЦЭЦЭГ: ЖҮЖИГЧИН БАТАА, АГЛУУ ЗЭРЭГ ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮС ЭНЭХҮҮ БАРИЛГЫГ МАШ ИХ РЕКЛАМДСАН

-Эмч нарын зүгээс юу гэж зөвлөж байна вэ?

-Одоо өлсгөлөнгөө боль оо, эрүүл мэндээ бод гэж гуйж байгаа. Өлсгөлөн зарлах үед илэрдэг шинж тэмдгүүд чинь бүгд хүндэрч байна. Бид одоо эндээс хөдлөөд яах юм. Нэгэнт бие нь ийм болчихсон, мөнгөгүй, очих газаргүй хүмүүс чинь хаана очиж үхэх вэ дээ.

-Та хэдэн сая төгрөг өгсөн бэ?

-32 сая төгрөг өгсөн. Яагаад залилуусан гэхээр залилуулахгүй байхын аргагүй бүх бичиг баримт нь байгаа юм чинь. Барилгын яамны зөвшөөрөл, А даалгавар гээд бүгдийг нь харсан. Жүжигчин Батаа, Аглуу гээд олны танил хүмүүс энэхүү барилгыг маш их рекламдаж байсан. Хохирогчдын дунд цагдаа, эмч нар ч байгаа. Тэд нар чимээгүй ажлаа хийж байна. Найдваргүй барилгад яагаад барилгын яам нь зөвшөөрөл өгөөд байгаа юм. Энэ асуудал олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Бид зөвхөн хохироод байгаа юм биш. Бидний ард ар гэр гээд хичнээн хүний эрх ашиг зөрчигдөж байна вэ. Элэг бүтэн байсан хүмүүс энэ залилангаас болоод салж, үр хүүхдүүд өнчирч байна. Бидэнд ч тохиолдож байна хэмээв.

Нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас “Хөх дэгд” хотхоны асуудлаар тодруулахад “Одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Маргааш/өнөөдөр/ “Монтай бүрд” компани болон залилангийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Энэ үеэр мэдээлэл авах боломжтой” гэв.

 

Л.Минжмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *