Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Амаржаргал: ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхиий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Амаржаргалтай ярилцлаа.


-Хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх шинжилгээнд тавдугаар сарын 1-нээс эхэлсэн. Ажил ямар шатандаа явж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдвар болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулахаар тусгасан. Дээрх шинжилгээ, оношилгооны зардлыг санхүүжүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолыг батлан, хэрэгжүүлж эхэлж байна. Энэ хүрээнд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улс, орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулж, бүх насны иргэдийг хамруулж байна.

Өмнө нь зөвхөн 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулдаг байсан бол шинэчилсэн журмаар 0-18 насны хүүхдийн эрт илрүүлгийн хоёр багц шинээр нэмэгдэж, нийт зургаан насны бүлгээр 31 төрлийн өвчин эмгэгийг илрүүлэх 40 төрлийн оношилгоо, шинжилгээг хийх юм.

-Энэ удаад ямар насны ангиллаар, ямар шинжилгээнүүдийг хийх вэ?

-0-5, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш гэсэн насны ангиллаар зургаан багц оношилгоо, шинжилгээ, үзлэгт хамрагдана.

-Багцуудыг тайлбарлаж өгөөч?

-“Багц-1” нь тав хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц. Багцад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх, эмнэл зүйн иж бүрэн үзлэг, биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ, сэтгэц, зан төрхийн үнэлгээ, амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, дүгнэлт бичих, зөвлөгөө өгөх, шилжүүлэх багтана. 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц буюу “Багц-2”-т “Багц-1” дээр сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ нэмэгдсэн. “Багц-3” буюу 18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин), цус болон шээсний ерөнхий шинжилгээ, тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ, ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ, Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг, эмчийн үзлэг, эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт, зөвлөгөө багтсан.

-31-с дээш насны буюу “Багц 4-6”-д ямар үзлэг, шинжилгээ багтсан бэ?

-“Багц 4” буюу 31-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн өлөн үеийн глюкоз, эсийн шинжилгээ –ПАП тест, хэвлий, бамбай, хөхний хэт авиа, улаан хоолой, ходоодны дуран багтсан. “Багц-5” буюу 46-60 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад “Багц-4”-ийн үйлчилгээн дээр өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ, Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил нэмэгдсэн. Харин 61-ээс дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц “Багц-6”-д “Багц-4”-ийн 13 үйлчилгээ багтсан.

-Товлолт хугацааны талаар тодруулахгүй юу?

-Энэ удаагийн Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг жил бүр зохион байгуулах бөгөөд хамгийн гол зорилго нь хүн амыг товлолт хугацаандаа эрт илрүүлэгтээ ордог байх дадлыг суулгах юм.

Товлолт хугацааны хувьд зөвхөн хүүхдийн эрт илрүүлэг буюу 0-5 насны багцад заасан товлолын хугацаа бий. Тухайлбал, 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байх. Харин амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1,6 нас)-гаас эхлэн авахаар товлолыг заасан.

-ЭМД-ын байгууллага энэ үйл ажиллагаанд ямар чиг үүрэгтэй оролцож байгаа вэ?

-ЭМДЕГ-ын үйл ажиллагааны гол зорилго нь иргэн-даатгуулагчийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой санхүүгийн эрсдэлээс хамгаалах, чанартай тусламж, үйлчилгээг худалдаж авч өгөх явдал юм. Манай байгууллагын хувьд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг хийх эрүүл мэндийн байгууллагуудыг сонгож, гэрээ байгуулан хамтран ажиллахаас гадна эрт илрүүлэх үзлэгийг хийж байгаа ЭМБ-уудаас ирүүлсэн нэхэмжлэлд хяналт тавьж, явцын болон гүйцэтгэлийн хяналтыг бодит цагийн горимтоор хүлээн авч холбогдох эрх зүйн хүрээнд тусламж, үйлчилгээний санхүүжилтийг олгоно. Түүнчлэн даатгуулагч иргэдийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломжоор хангах, мэдээ, мэдээлэл өгөх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

-Одоогийн байдлаар Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгээр хичнээн эрүүл мэндийн байгууллага гэрээ байгуулсан бэ?

-ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах түр гэрээг Лавлагаа шатлалын 321 эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан. Үүнээс 103 нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг хийхээр гэрээ хийсэн. Цаашид шаардлага хангасан эрүүл мэндийн байгууллагуудын чадамжийг үнэлэн гэрээ байгуулах бэлтгэл ажлууд хийгдэж байна. Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн гэрээт байгууллагуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай ЭМДЕГ-ын www.emd.gov.mn вэб сайтаас авах боломжтой.

-Иргэд эрт илрүүлэгтээ ЭМД-аараа үнэ төлбөргүй хамрагдах юм байна. ЭМД-ын шимтгэлийн талаарх мэдээллийг өгнө үү?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулсан байх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах даатгуулагч иргэд, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ 2019 оноос хойш тасралтгүй, бүрэн төлсөн байх шаардлага тавьж байгаа.

Зарим иргэдийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс буюу эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлдөг. Үүнд 0-18 насны хүүхэд, 0-2 насны хүүхдээ (ихэр бол 3) өсгөн бойжуулж байгаа ээж, цэргийн жинхэнэ албан хаагч, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, ял эдэлж байгаа ялтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг долоон бүлгийн иргэдийн шимтгэлийг төрөөс хариуцан төлдөг. Харин шимтгэлээ өөрөө хариуцан төлөх даатгуулагчдад хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд багтах бөгөөд сарын 4200, жилийн 50400 төгрөгийн шимтгэлийг төлнө. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хувьд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувиар ЭМД-ын шимтгэлийг төлөх бөгөөд үүнээс хоёр хувийг нь ажил олгогч байгууллага, үлдсэн хоёр хувийг ажилтан цалингаасаа төлөх зохицуулалттай байдаг. Эрүүл мэндийн албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, эрүүл нь өвчтэйнхөө, залуу нь настныхаа (аав ээж, эмээ өвөө), өндөр орлоготой нь бага орлоготойнхоо өвчний улмаас учрах санхүүгийн эрсдэлийг хуваалцах сайн үйл учир даатгалдаа заавал хамрагдан товлолт хугацаандаа эрт илрүүлэх үзлэгтээ орж, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

-Орон нутгийн иргэд эрт илрүүлэгт хаана яаж хамрагдах вэ?

-Насны багцаасаа шалтгаалан анхан шатны, эсвэл лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн тусламж, үйлчилгээг авах боломжтой. Тухайлбал, бага насны болон сургуулийн насны даатгуулагч харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдана. Харин насанд хүрсэн даатгуулагчид өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн урилга, зохицуулалттайгаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас сонгон үйлчлүүлнэ.

-Лавлагаа шатлалын гэж яг ямар эмнэлгийн хэлж байна вэ?

-Сумын дундын, бүсийн оношилгооны төв, аймгийн нэгдсэн эмнэлэг гэх мэт өрхийн эмнэлгээс бусад бүх эмнэлгийг лавлагаа шатлалын эмнэлэг гэнэ.

-Иргэд эрүүл мэндийн төвийн урилгаар эрт илрүүлэгт хамрагдана гэв үү. Тэгэхээр зөвхөн урилгатай иргэд эрт илрүүлэгт хамрагдах юм уу?

-Тийм ээ, ЭМД-ын шимтгэлээ 2019 оноос хойш тасралтгүй төлсөн иргэдийн утсанд мессежээр, эсвэл өрхийн эмнэлгээс цаасаар урилга очно. Та өөрөө очиж оочерлохгүй, урилгаар эмнэлэгт очиж эрт илрүүлэгтээ хамрагдана.

-Жишээлбэл, би 2021 онд ЭМД-ын шимтгэлээ төлөөгүй бол нөхөж төлөөд эрт илрүүлэгтээ хамрагдах боломжтой юу?

-Боломжтой, “E-barimt” аппликэйшнээр шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр сонгон нөхөн төлж болно. Ингэснээр цахим системд шимтгэл төлөлтийн ногдуулалт 20-30 минутад баталгаажиж тусламж, үйлчилгээ авах эрх нээгдэнэ.

-Иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн талаар хаанаас мэдээлэл авах боломжтой вэ?

-ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утсаар дамжуулан даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээллийг шуурхай хүргэж байгаа. Лавлах утасны дугаар нь энгийн утасны тарифаар тооцогддог. Бид хамгийн сүүлийн үеийн дуудлагын программыг ашигладаг тул шугам чөлөөгүй үед холбогдвол дугаар нь системд бүртгэгдэн 5-10 минутын дараа манай мэдээллийн ажилчид эргэн холбогдож хэрэгцээтэй мэдээллийг өгч байна. Үүнээс гадна бид гэрээт эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор эмнэлгүүдэд олон нийтэд зориулсан мэдээллийн хэсэг Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн талаарх хэрэгцээ, шаардлагатай мэдээллүүдийг байршуулж, цаас, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх үүднээс бүх мэдээллийн хуудсуудыг “QR” коджуулж, даатгуулагч иргэдэд гар утсаар кодыг уншуулан илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн. Мөн ЭМД-ын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн талаарх мэдээ, мэдээллийг манай ЭМДЕГ-ын вэ бсайт болон сошиал сувгуудаас хүлээн авах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *