Categories
мэдээ нийгэм

Сувилагч нар цалингаа нэмүүлэхийг шаардлаа

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос сувилагчдыг “Улаан ном”-д орох дөхснийг зарлалаа. Сувилагчдын нийгмийн асуудлыг хурцаар хөндөж УИХ, Засгийн газарт хандан шаардлага хүргүүлжээ. Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлвэрчний эвлэл 21 аймаг, нийслэлийн бүх шатлал бүрийн эрүүл мэндийн байгууллагын үйлвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн сонгуультан 120 орчим хүн Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд хуралдан батлан гаргасан шаардлагаа албан ёсоор хүргүүллээ.

Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлвэрчний эвлэлийн дэд дарга Ч.Нарантуяатай ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбарын ажиллах орчин нөхцөл ямар байна?

-Би эдийн засагч мэргэжилтэй хүн. Эрүүл мэндийн салбарын тогоонд 2000 оноос чанагдаж эхэлсэн. Дотор нь хамт буцалж байгаа болохоор энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө анхан шатнаас нь эхлэн одоо үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байна. Маш хүнд нөхцөлд ажилладаг гэж хэлмээр байна. Энэ салбарыг би онцлог салбар гэж боддог, яагаад гэвэл дандаа зовсон зүдэрсэн уйлсан дуулсан сөрөг энергитэй хүмүүстэй харьцдаг. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байж ажлын орчин нөхцөл нь маш муу. Нэг өрөөнд бөөнөөрөө суудаг. Хажуудах хүмүүсийн яриа сонсогддог. Гэвч эмч сувилагч нар зохицуулаад л ард иргэддээ тусламж үйлчилгээгээ үзүүлдэг. Жаахан алдаа гаргахад л үйлчлүүлж байгаа хүмүүс нь янз бүрийн гомдол ярьж дарамтладаг, шахалт үзүүлдэг, сүүлдээ бүр цохидог зоддог болсон байх жишээтэй.

-Эмч нар цалингаа нэмүүлэх хүсэлт гарган жагсаал хийхэд дагаад сувилагч нарын цалинг нэмсэн үү?

-Ер нь бол улс орны эдийн засгийн байдал хүнд гэдэг шалтгаанаар 2014 оноос хойш цалин нэмээгүй. Оны өмнө гал унтраах маягаар төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараасан. Тэр нь яг 300 мянгаараа ирээгүй. Суутгалууд хийж явсаар яг гар дээр хоёр зуу гаран мянган төгрөг л ирсэн. Энэ бол цалин нэмсэн хэрэг биш нэг удаагийн мөнгөн тэтгэмж маягаар өгсөн. Эрүүл мэндийн салбарын хүмүүс зүрх сэтгэлээрээ л ажиллаж байгаа даа.

-Сувилагч нарыг яагаад “Улаан ном”-д орохоор болж гэж тодорхойлов?

-Цалин бага болохоор гадагшаа гарж ажиллах урсгал нэмэгдэх болсон. Нэг эмчид олон улсын жишгээр гурван сувилагч ногдох ёстой бол Монголд нэг сувилагч хоёр хүний ажлыг хийж байна. Гадаадад амьдралаа дээшлүүлж, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олохоор тэтгэвэртээ гарахад хоёр гуравхан жил дутуу байгаа хүн хүртэл гурван сарын визээр солонгос явж байна. Монголд сувилагч олдхоо больсон нь ингэж тодорхойлоход хүргээд байна. Жилд олон зуун эмч мэргэжилтэй залуус төгсөж байгаа ч сувилагч гэсэн мэргэжлээр нэг жилд 200-300 залуу төгсдөг. Мэргэжлээрээ ажилладаг нь маш цөөн.

-Сувилагч нарын дундаж цалин хэд байдаг вэ? Цалингаас гадна бусад нэмэгдэл илүү цагийн мөнгө гэж авдаг уу?

-Янз бүрийн суутгалууд аваад “аваанз” гэж гар дээр 200 гаран мянга, сүүлийн мөнгө гэж бас 200 мянга орчим ингээд 400 хүрэхтэй үгүйтэй цалин л авж байгаа. Нэг хүн хоёр хүний ажлыг хийгээд 24:48 гарч байхад мэдээж илүү цагийн мөнгө гарна. Илүү цагийн мөнгө өгдөг газар ховор. Тэгээд бодоод өгдөг ганц нэг байгууллагууд дээр аудитын газраас хяналт шалгалт хийгээд та нар илүү цагийн мөнгө яасан их олгодог юм, ямар их мөнгө өгдөг юм гээд торгууль тавиад байдаг. Энэ нь хүмүүсийн ажиллах эрч хүчийг мохоож сонирхлыг бууруулдаг. Тэгээд л гадаадыг зорих сонирхол үүсдэг. Нэг эмнэлгээс хорь гучаараа визэнд орох хүсэлт гаргаж материалаа бүрдүүлээд явж байна.

-Хэрвээ та бүхний тавьсан шаардлагын хугацаа дуусвал цаашдаа яаж тэмцэх вэ?

-Тавпугаар сарын 12-ны сувилагч нарын баяраас өмнө дорвитой хариу өгөхгүй бол суулт зарлана. Бид хатуу шаардаад тулгах зүйл байхгүй. Тухайн өдрөөс өмнө хэлэлцээрийн ширээнд сууя, ярья, тохирьё гэсэн болзол тавьж байна. Хэрвээ бидний тавьсан цалин 50 хувиар нэмж чадахгүй юм гэхэд бусад шаардлагуудыг хүлээн аваад шийдвэрлэж өгөх юм бол бид заавал ажил хаях гээд зүтгээд байх шаардлага байхгүй. Ажиллах орчин нөхцлөө л сайжруулмаар байна. Ер нь бол зөвшилцлийн замаар л асуудлаа шийдэхийг бодож энэ хүсэлтүүдийг гаргасан. Бидэнд 2018 онд энэ асуудлыг шийднэ 2019 онд энэ шийдлийг олно гэсэн гарц гаргалгааг хэлээд зөвшөөд өгвөл заавал ажил хаяхгүй. Улсын хэмжээнд цалин хөлсийг нэмэх биш эрүүл мэндийн салбараар нь нэмэх хэрэгтэй. Цаашид энэ асуудлыг яам нь шийддэг болох, бид эрүүл мэндийн яамтай ярьж асуудлаа шийддэг байх тийм шийдлийг олох хэрэгтэй л байна.

Монголын эрүүл мэндийн ажилчны үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан шаарлага нь:

-УИХ-ын 2017 оны 29-р тогтоолын тав зургаа дах заалтыг хүчингүй болгох (хүний нөөцийн хомсдол үүссэн тул төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн шатлал ахиулахыг 2017-2018 онд түр зогсоох болон тэтгэвэрт гарсан хоёр ажилтан тутмын нэг орон тоонд ажилтан авахгүй байх тухай заалт)

-Сувилагчийг төрөөс бодлогоор дэмжих, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож, бодлогын шуурхай арга хэмжээ авч, цалин, урамшууллалыг нэмэх, хүний нөөцийн дутагдалтай ажиллаж байгаа ажилтнуудад 40 хувийн нэмэгдэл олгох, сувилагчийн орон тоог 9000-аар нэмэгдүүлэх

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт нэмэлт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог шинэчлэх ажлыг эрчимжүүлж ангилал зэрэглэл доод жишгийг шинэчлэх ажлыг 2018 оны дөрөвдүгээр сард багтаан эхлүүлж шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх

-Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилтыг хангуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дах заалтыг хэрэгжүүлж, ХАБЭА-н зардлыг нэмэгдүүлэх

-Засгийн газрын 151 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж шаардлагатай хөрөнгийг төсөвт шийдвэрлэх, илүү цагийн хөлсийг олгох

-Засгийн газрын 150-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, үр дүнгийн урамшууллалыг 60 хувьд хүргэж, нэмэгдлүүдийн журамд шаардлагатай өөрчлөлтийг 2018 оны дөрөвдүгээр сард багтаан оруулах

-Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдалтай байдлыг арилгаж, эрүүл мэндийн байгууллагын орон тоог стандартад нийцүүлэн төсөвт тусгаж салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлж, хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт нэмэлт хэлэлцээрийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор эхлүүлэх

-Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгаж, эрүүл мэндийн байгууллагын дарга нарын сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй болгож, чадварлаг удирдлагуудыг томилж ажиллахад үйлдвэрчний эвлэлийн оролцоог хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зэрэг болно.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *