Монголчууд сувдыг эртнээс гоёл чимэглэлд хэрэглэсээр иржээ. Харин яагаад далайн гаралтай энэ эд, эрт дээр үеэс монголчуудад олдоод байсан баталгаатай эх сурвалж одоохондоо байдаггүй аж. Зарим нь Чингисийн байлдан дагуулалтын үеэс хэрэглэж эхэлсэн гэдэг бол зарим нь түүнээс ч эрт өмнөдүүдийг уулгалдаг байх үеэсээ сувдан чимэгтэй болсон гэж маргадаг. Учир нь дээр үед сувдыг зөвхөн далай, тэнгисээс, тэр тусмаа маш гүнээс олборлодог байсан юм. Сувдны хэрэглээгээр азийнхан өнө эртнээс тэргүүлсээр ирсэн бөгөөд одоо ч Энэтхэг, Хятад улс хамгийн өндөр хэрэглээтэй. Анх Азийн орнуудын дээд зиндааг илтгэсэн гоёл байсан бол нэгэн хугацаанд далайн орнуудын төлбөрийн хэрэгсэл байсан мэдээ байна. Монголчуудын хувьд олсон сувдныхаа ихэнхийг эмэгтэйчүүдээ гоёход зориулдаг байсан бол, далайн орнуудын хаадын хувьд элдэв гал тогооны сав суулганаас эхлээд морь, зэвсгээ хүртэл гоёдог байсан нь дайсандаа зөвхөн газар дээр биш, усанд ч хүчтэй гэдгээ харуулж, сэтгэл зүйн дарамт үзүүлэх зорилго агуулж байсан гэнэ. Харин орчин цагт сувдаар цөөнгүй зүйлийг гоёдог болжээ. Учир нь сувдыг таримал аргаар боловсруулдаг болсон аж. Энэ нь үнэ өртгийг нь бууруулж нийлүүлэлтийг ихээр нэмэгдүүлдэг байна. Орчин цагийн залуус сувдаар гоёх нь цөөрч Энэтхэг, Хятад тэргүүтэй Азийн орнуудын хөгшчүүд л олдохын хэрээр хэрэглэдэг болсон гэнэ.
Харин дээр үед сувд олборлоно гэдэг нь амь насанд дүйсэн ажил байжээ. Далайн гүнд 100-150 метр хүртэл шумбах чадвартай хүн л сувдыг түүж чаддаг байж. Сувд нь зарим тохиолдолд бөөнөөр байх боловч маш ховор. Сувдан арлаас болж дайн болж байсан цөөнгүй түүх байдаг гэнэ. Мөн зарим буурай орнууд хүчирхэг орнууддаа сувдан татвар төлж хамгаалалтад нь ордог байжээ. Энэ бүхнээс харахад сувд улс орны эдийн засагт чухал нөлөөтэй байсан байна. Хэргийн учир сувд үнэт эдлэлийн анхных байх магадлалтай аж. Хүмүүс алт мөнгө хэрэглэх нь бүү хэл тийм зүйл байдгийг мэдэхгүй байхдаа сувдыг гоёонд ашигласан байдаг. Учир нь сувд олон өнгөтэй, зөөлөн, хэлбэр загварт оруулахад хялбар байсан нь анхны гоёо болох суурь тавигджээ.
Дэлхийн зах зээл дээр алт, брилиант, сувд нь өөрийнхөө ханшийг зохицуулах чадвартай байдаг. Энэ бүхнийг хянах чадвар зөвхөн Японы Засгийн газарт бий. Ялангуяа сувдыг япончууд бараг бүрэн хянана. Өмнөд тэнгисийнхэн өөрсдийн олборлосон багагүй хэмжээний сувданд үнэ тогтох гэж оролддог боловч иений ханшаас хамаарч эргээд л япончуудын хяналтад орно. Япончуудын зарж байгаа сувдны 30 хувь нь үнэ зохицуулах зориулалттай байдаг тул хэн дураар үнэ тогтоох боломжгүй гэнэ. Хэдэн жилийн өмнөөс Лондонд Тиффани компани чанартай сувд зардаг томоохон дэлгүүр нээсэн байдаг.
Лондонгийн гудмаар сэлгүүцэх хоёр давхар улаан автобуснууд дээр “Сувд- энэ бол эмэгтэйчүүдийн хамгийн сайн найз” гэсэн реклам явуулжээ. Энэ нь барууныханд сувд сонирхох сэдлийг багагүй төрүүлсэн гэдэг. Өнөөдөр америкчууд том хэмжээний цагаан сувдыг сонирхдог. Германууд гялалзсан, Бельги, Голландууд бага оврын сувдыг сонирхдог аж.
Гэхдээ өнөөг хүртэл зөвхөн сувд, сувдан бүтээгдэхүүний дэлгүүр маш ховор. Сувд нь хэзээ ч ямар нэгэн брэнд бараа болж чадахгүй. Үнэт эдлэлийн зах зээлийн 15-20 хувийг л эзэлсээр ирсэн юм. Цаашдаа ч энэ хувь дээр байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Бас нэг сонирхолтой судалгаа бол зарим үнэт эдлэл бусдынхаа үнийг тогтооно. Жишээлбэл бриллиант 1000 доллар бол сувд 500 доллар байх ёстой. Харин 10000 доллар бол 5000 байх зарчим үйлчилнэ. Үнэт чулууны дэлгүүр бусад чулуугаа 100000 доллараар зарж байгаа бол сувдны үнэ 30 мянга болж буурна. Энэ зарчим нь бизнесменүүдэд богино хугацаанд, шударгаар наймаалцах, итгэлтэй харилцах хөшүүрэг болдог.
Орчин цагт байгалиас гаралтай сувд маш бага. Ургуулдаг, эсвэл лабораторийн аргаар гаргадаг нь сувдны зах зээлийн ихэнх хувийг эзэлнэ. Байгалийн сувд нь хамгийн ашигтай бизнес. Энэ бизнесийг удаан хугацаанд эрхэлсэн Оросын нэг бизнесмен “Би 2-3 худалдааны сувагтай байсан. Байгалийн сувд хиймэл сувднаас байнга 50 дахин илүү үнэтэй. Гурав дахин богино хугацаанд зарагддаг байсан” хэмээн ярьжээ. Гэхдээ хиймэл сувдаас байгалийн сувдыг зөвхөн рентгенээр ялгах боломжтой. Энэ нь худалдан авагч болон шударга бус наймааг өөгшүүлдэг гэдэг. Олон тохиолдолд хүний санаад оромгүй том сувднууд зарагдсан тохиолдол байдаг. Гэхдээ нэг нь ч жинхэнэ байгаагүй гэдэг.
Энэ бүхэн ч сувдны наймаанд багагүй сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ энэ нь хүүхнүүд сувданд дургүй гэсэн үг биш. Жишээлбэл Английн хатан хаанд гурван ширхэг сувд байдаг. Түүнээс хоёр нь байгалийнх. Диана гүнж сувданд дуртай байгаад зогсоогүй сувдны рекламанд тоглодог байжээ.
Сувдны нэг онцлог нь химийн бодисоос өөр ямар юманд гэмтэхгүй халуун нар, хүйтэн бороо, далайн шуургыг давж олон зууныг давж ирсэн байдаг. Одоогоор мэдэгдэж байгаагаар 800 настай сувд бий.
Сувдны тухай олон домог байдаг юм байна. Тэдний нэгийг сонирхуулъя. Эртний Энэтхэгт сувдыг могой хаан Ассур мангастай тулалдах үедээ асгасан цус бөгөөд голд унасан нь бадмаараг, харин Ганга мөрөнд асгасан нь элсэнд шингэн анар чулуу болон хувирсан гэх. Ялагдсан хааны уур хилэнгээс болж далайд ойрхон цөлд унасан нь маргад эрдэнэ, харин амь алдсан хааны төлөө уйлсан нулимс нь далайд сувд болон хувирсан гэсэн нэг домог бий. Энэтхэгийн өөр нэгэн домогт бороон дусал хясаан дотор орж тогтсон гэдэг. “Далайн нулимс”, “Борооны дусал”, “Чулуужсан сарны гэрэл”, “Далайн гүнжийн ул мөр” гэх зэргээр хүмүүс сувдны үүсэл гарлын нууцыг тайлахыг оролдсоор ирсэн юм.
Харин өнөө цагт сувдны үүсэл гарлыг хэдийнэ нээсэн бөгөөд нэгэн төрлийн нальхан хорхойн биеэ хамгаалах реакц юм байна. Хясаан дотор далайн давалгаагаар элс болон чулуу үе үе ордог бөгөөд түүнийг тойрон танан давхаргууд үүсдэг байна. Сувдыг бүрдүүлэгч бодисын 90 хувь нь карбонат кальци, таван хувь нь ус, үлдсэн таван хувь нь цементийн үүрэг гүйцэтгэгч конохлин хэмээх органик бодис юм. Сувд нь хясаанаас гадна кокосын самар дотор бүрэлдэн бий болдог бөгөөд үүний нууцыг эрдэмтэд одоо болтол тайлаагүй байгаа юм. Кокосын доторх сувд нь хясааны сувдыг бодвол илүү том байдаг аж. Кокосын сувд нь эмчилгээний чанараараа гайхамшигтай.
Сувдны нунтгийг Азийн орнуудын эмийн санд байнга худалдаалдаг.
Х.БАТ