Суварга хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол Архангай аймгийн Цэнхэр суманд энэ сарын 13-нд боллоо. Суварга хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат,Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц болон Архангай нутгаас төрөн гарсан алдар гавьяатнууд, сүсэгтэн олон өргөнөөр оролцов.
Төрийн их хүндэтгэл, ёслол тайлгын ажиллагааг нээж Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ үг хэлэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг арвин, ажил үйлсэд ач тустай хэмээн үздэг ээ. Энэ жил тэнгэр хангай эрт дэлэгнэж хур бороогоо харамгүй хайрлан, газрын цангааг тайлсан нь хангай нутагт дэлгэр зун ирж хүн, малын амьдрах орчинд таатай нөлөө үзүүлж байна.
Архангайчууд Та бүхэн өнгөрсөн онд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр мал сүргээ 3 сая 772 мянга-д хүргэж улсын хэмжээнд хамгийн олон малтай аймаг болжээ. Мөн тус аймаг хонь, үхэр, адуун сүргийн тоогоор улсдаа эхний байруудад орж улс орныхоо хөгжил дэвшилд бахархам хувь нэмэр оруулсан байна. Мал сүрэг өснө гэдэг малчин түмний баяр, буян хишиг билээ. Үүнд эзэн хүний хөдөлмөр, хичээл зүтгэлээс гадна байгаль дэлхийн ивээл бас бий. Хур бороо хугацаандаа орж, өлөн зуд өнөд хол байж, буянт малын хишиг арвин, өтгөс нялхас өвчин эмгэггүй, эх орон элдэв гай зовлон, гамшиггүй байх нь нүүдэлчин түмний нэгэн жаргалан билээ.
Миний бие Хангай нурууны ар өврөөр идээшин амьдарч ирсэн түмэн олныхоо омог сүрийг тэтгэж, эх орон, элгэн нутгийнхаа төлөө улам ихийг хийж бүтээх урам зоригийг тань бадрааж байхыг байгаль эхийн хүү – Суварга хайрханы цэлмэг хөх тэнгэрт сүсэглэн даатгаж байна” хэмээв.
Ийнхүү Суварга хайрханы тэнгэрийг тайх ёслол төгөлдөр сайхан боллоо гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.