Categories
мэдээ нийгэм

Суурьшлын бүсэд хүн тавьбал торгууль ногдуулах журам гарлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар  “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах” журмыг хэлэлцэн, баталлаа.   Журам батлагдсанаар оршуулгын газрын хил хязгаарыг хэрхэн тогтоох, ямар тохиолдолд хаах нь тодорхой болж байна. Мөн оршуулгын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг тодорхой болж, ил тавьсан шарилыг тойрсон гомдол, саналыг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх, суурьшлийн  бүсэд ил задгай шарилыг тавьсан  иргэн, аж ахуйн нэгжид тооцох хариуцлагыг тусгасан.  Ингэснээр шашны байгууллагаас мөрдөж ажиллах үүрэг тодорхой болж, оршуулгын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бий болгох юм.

Энэхүү журам нь  оршуулгын газрыг байгуулах, хамгаалах, тохижуулах,  хаах болон шарилыг оршуулах, чандарлах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт шинээр байгуулах оршуулгын газрын байршил, хэмжээ, хил хязгаар, хамгаалалтын бүс болон одоо байгаа оршуулгын газрын оршуулах талбайн нөөц, хаагдсан оршуулгын газрыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу сэргээн засварлах, тохижуулах асуудлыг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тодорхойлохоор тусгасан.

Журамд нийслэлийн нутаг дэвсгэрт шарил ил тавих, зөвшөөрөгдсөн оршуулгын газраас бусад газар оршуулгын ажил зохион байгуулах,  цэвэр ус, булаг шандын эх, газар тариалан, аялал зуучлал, иргэдийн суурьшлын бүс, нийслэлийн ногоон бүс зэрэг стратегийн ач холбогдол бүхий бүсүүдэд оршуулгын газар байгуулах, хамгаалалтын бүс дотор газар олголт хийх, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц зан үйлээр оршуулга хийхийг хориглохоор заажээ.

Мөн энэхүү журмыг зөрчвөл иргэн аж ахуйн нэгж, байгууллага, лам хуврага, бөө удган нарт хөдөлмөрийн хөлсийг 3-10 дахин нэмэгдүүлэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах юм байна.