Categories
гадаад мэдээ

Сүүлийн хоёр долоо хоногт Тайваньд ковидын олон зуун тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст цар тахал гарах үед тайваньчууд хатуу хөл хорио тогтоож, үр дүнтэй арга хэмжээ авсны ачаар дотооддоо нэг ч халдвар бүртгэгдээгүй гэх мэдээлэл хөвөрч байсан нь саяхан. Гэвч сүүлийн хоёр долоо хоногт байдал эрс өөрчлөгдөж, Тайваньд олон зуун тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Тайванийн засаг захиргаа халдварт өвчний аюулын гуравдугаар түвшинд шилжиж буйгаа тавдугаар сарын 19-нд зарлаж байв. Харин саяхан уг хоригийг зургадугаар сарын 14-нийг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.

Хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Тайванийн арал руу нэвтрэх, оршин суух зөвшөөрөлгүй хүмүүсийг дамжин өнгөрөхийг хориглосон байна. Мөн сургуулиудыг хааж, кино театр, номын сан, амралт, сувиллын газар гэх мэт олон нийтийн үзвэр үйлчилгээний бүх байгууллагын үйл ажиллагааг бүрэн хязгаарласан аж.

Коронавируст халдварын шинэ давлагаанд өртсөн Тайваньд Бээжин дэх Тайванийн хэрэг эрхлэх албанаас урьдчилан сэргийлэх тарилга нийлүүлэх тухай мэдэгдсэн нь тайваньчуудын эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэдний үзэж буйгаар Хятадын эрх баригчид худал мэдээ тарааж, ДЭМБ-ыг өөрийн бус нутагт хүрч ажиллахад нь саад учруулж байна гэж шүүмжилж буй юм. Харин Хятадын эрх баригчид Тайванийн засаг захиргааны талаар байр сууриа илэрхийлэхдээ цар тахлыг хэт улстөржүүлж, өөрсдөдөө ашигтайгаар ашиглах санаатай байгаа нь цар тахлыг дарах хамтын хичээл зүтгэлийг хойш татсан хэрэг юм гэжээ.

23 сая хүн амтай Тайваньд одоогийн байдлаар 700 мянга гаруй вакцин нөөцөнд байгаа аж. Тиймээс Бээжингийн зүгээс “Бидний зорилго бол энгийн бөгөөд ойлгомжтой. Тайваньчуудтай аль болох түргэн хэл амаа ололцож, вакцинаар хангаж, шаардлагатай гэж үзвэл эмнэлгийн багаж хэрэгсэл, мэргэжилтнүүдээ тус бүс нутаг руу илгээхэд бэлэн” гэж мэдэгдсэн байна.

Үүний хариуд Тайванийн засаг захиргаанаас “Халдварын тоо ихсэх бүрт Бээжин Тайванийн засаг захиргааг буруутгасаар ирсэн. Тэд вакцинаа шахах гэж оролддог. Түүнээс биш Тайвань вакцины асуудалтай гэдгийг хэн бүхэн мэднэ. Үүнийг дахин дахин нурших шаардлагагүй. Тайваньчууд Хятадын вакцинд итгэлгүй” гэдгээ ч мэдэгдсэн. Бидний хувьд “Хятадын эрх баригчдын саналыг хүлээн зөвшөөрөх нь ДЭМБ-тай шууд харилцах бидний боломжийг хаах гэсэн оролдлого юм” гэжээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын тал ядуу буурай орнуудад 80 сая гаруй тун вакциныг зургадугаар сарын сүүлд нийлүүлэх гэж буйгаа мэдэгдсэн удаатай. Үүний багагүй хэсэг нь Тайваньд нийлүүлэгдэх аж.

Дэлхий даяар үйлдвэрлэгдсэн ковидын эсрэг вакцины дийлэнх хувийг АНУ болон Европын чинээлэг орнууд худалдан авч нөөцөлсөн байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх тарилгын хүрэлцээ нь буурай орнуудад төдийгүй дундаж орлоготой орнуудад ч хомс байна. Мэргэжилтнүүдийн онцолсноор эрүүл мэндийн тогтолцоо муу гэгдэх алслагдсан хот, тосгод, ядуу дүүргүүдэд олон сая хүн вакцинд хамрагдаагүй нь вирус мутацилагдах бас нэг шалтгаан болсон гэлтэй.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *