Categories
мэдээ цаг-үе

Сүүлийн хорин жилд хүүхдэд зориулсан ганц бүтээн байгуулалт Ажиа гэгээний эмнэлэг байлаа

Нэр төр, хүнлэг нигүүл­сэн­гүй сэтгэл, итгэл бишрэлийн хүчээр ямар
том бүтээн бай­гуу­лалтын ажил хийж бол­дгийг Ажиа гэгээнтэн харууллаа. Ажиа гэгээний
эмнэлэг хэмээн хүмүүс хэлж заншаад буй зургаан давхар  хүүхдийн эмнэлэг ЭХЭМҮТ-ийн хашаанд үүдээ нээлээ.
Түүнээс гадна сургалт, хурлын гэх тодотголтой гурван давхар байшин мөн боссон байлаа.
Сүүлийн хорин жилд монголчууд хүүхдэд зориулсан ийм том бүтээн босголтын ажлыг хараагүй
билээ.  Эмнэлгийн нээлтэд Ажиа гэгээн өөрийн
биеэр залрав. Ажиа гэгээн ирсэн болохоор Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц,
Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав нараас авахуулаад Монголын  том сүм хийдийн тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байлаа.
Зөвхөн энэ эмнэлгийн нээлтэд оролцохоор Япон, Тайвань, Хятадаас хандив өргөсөн хүмүүс
ирсэн байсныг яана.  Эмнэлгийн Нээлтийн ёслолд
УИХ-ын дарга З.Энхболд оролцож, нээлтийн үг хэлж, Ажиа гэгээнд дурсгалын зүйл гардуулсан
юм. 

УИХ-ын дарга хэлэхдээ “2011 онд “Энэрэл нигүү­сэл оюун билгийн төв”
ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэн гуай мон­гол­чуудынхаа эрүүл мэндэд буян
болох санаачилга гаргаж, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд зориулан
Хүүхдийн цусны эмгэг-хавдарын эмнэлэг барих болсон билээ.

Гурван сая гаруй ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийж, энэ сайхан эмнэлгийг
барьж ашиглалтад оруулж байгаа нь Ажиа гэгээнтний монгол хүний өгөөмөр сэтгэлийн
буянтай үйлс билээ.

Ажиа гэгээнтний энэхүү буянтай үйлсийг УИХ-ын гишүүд дэмжиж, барилгын
дотоод засалд зориулан 400 сая төгрөгийг төсвөөс баталж өгсөн юм. Мөн Ерөнхий сай­дын
санаачилгаар, Монгол Улсын Засгийн газрын хөрөн­гө оруулалтаар хамгийн сүү­лийн
үеийн “Siemens” брэн­дийн тоног төхөөрөмж бүхий Хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг
байгууллаа. Цаашид Австри улсын хөнгөлөлттэй зээлээр Компьютер томографийн тоног
төхөөрөмжийг нийлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Монголын хүүхэд багачуудын эрүүл
мэндийн төлөө Таны хийсэн энэхүү буянтай үйлсийг Монголын төр, ард түмэн мартахгүй”
гэж онцлов.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга М.Энхболд нар мөн ирсэн
байна лээ. Ажиа гэгээнд өөрийн биеэр хандив гар­дуулж, зургаа хамт авахуу­ла­хыг
хүссэн хүмүүс ч байлаа.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий  захирал
Ш.Энхтөр нээлтийн үеэр “Энэхүү барилга  үйлч­лүү­лэгчийн
хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн. Тав тухтай орчин бүрдүүлж, өвчтөний аюулгүй байдлыг
хангасан. Хүчилтөрөгч ба агаарын нэгдсэн системтэй  баригдсан юм. Давхар бүрт хүлээлгийн өрөө, уулзалтын
өрөөнүүдээс гадна хүнд өвчтэй хүүхдэд зориулсан бүх л нөхцөл хангасан.   ЭХЭМҮТ-ийн өргөтгөлийн гаднах зам талбай, машины
зогсоолыг Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Гудамж” төслийн
хамт олон тохижуулж өгсөн. Эмнэлгийн ачаалал ихдэж, нэг өвчтөнд ногдох талбайн хэмжээ
багас­сан үед энэхүү барилга богино хугацаанд баригдсан нь манай эрүүл мэндийн салбарт
үлэмж ач холбогдолтой  үйл явдал боллоо. Эзэн
хүний ёсоор хайр гамтай хандана” гэж амлав.

Ажиа гэгээнд хэлж ярих юм зөндөө байлаа. Тэрээр “Гурван жилийн хугацаанд
буяны ажил үйлийг сайхан бүтээгээд, өнөөдөр сайхан эмнэлэг боссонд би их баяртай
байна. 2011 онд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Эх нялхсын төвд хүүхдийн хавдрын асуудал
хэцүү байна. Та  энд нэмэр болбол их сайн
байна. Энд гурван давхар байшин бариад өгвөл хоёр давхрыг нь эмнэлэгт бэлэглээд,
нэг давхарт нь та буяны ажил явуул гэсэн юм. 2012 оноос эхлээд энэ барилгыг эхэлсэн
дээ. Судалгаа хийж үзэхэд Монголын хүүхдийн хавдрын өвчлөл их байсан. Гурван давхар
биш зургаан давхар байшин барихаар болоод ажлаа эхэлсэн юм. Гурван жилийн дараа
зургаан давхар, суурьтайгаа долоон давхар болоод нэг байшин барих гэж байснаа хоёр
байшин сайхан бүтлээ” гэлээ. Ажиа гэгээн Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл
байх ёстой гэж онцлоод гадаадад сурч төгссөн сайн эмч нар Монголдоо ажиллаасай гэж
хүсдэгээ илэрхийлсэн.    Гурван давхар бөмбөгөр
оройтой байшинг гадаадаас ирсэн зочин эмч нар амьдарч болохоор тохижуулжээ. Мөн  ээж, аав нар өвчтэй хүүхдийнхээ төлөө залбирч
бясалгал хийх боломжтой  Манал бурханы өрөөг
бий болгосон гэнэ. “Бурхан бүтээх, суварга босговол их буян гэж би өөрөө итгэдэг
юм. Сургууль босгоод, эмнэлэг барих бас адилхан буян гэж боддог. Тайванийн найз
нар, Сингапурийн шавь нар, хятад, япон, америк олон шавь, найз нар мөнгө хандив
оруулсан” гэж Ажиа гэгээн ярьсан юм. Цаашид ч хандив хэрэгтэй гэдгийг тэр илэн далангүй
хэлж байна. “Зуун мянган төгрөгийн хандив өргөхөд Сүмбэр уултай адилтгаж, нэг төгрөгийн
хандив өргөсөн ч Сүн далайд дусал буяны сан боллоо гэж ерөөж байгаа” гэнэ. “Мөнгө
өгсөн хүмүүст баярлаж байгаа. Мөнгө өгнө гэчихээд өгөөгүй хүмүүс хурдан өгөөрэй”
гэж Ажиа гэгээн айлдахад цугласан хүмүүс инээцгээж байв. Том компаниуд, үйлдвэр
аж ахуйн газрынхан  нэг өдрийн цалингаа буяны
үйлст хандивлахыг Ажиа гэгээн уриалж байна лээ. Дахин хандив цуглавал юунд зарцуулах
талаар Ажиа гэгээнээс тодруулав.   

-Энэ байранд бие засдаг газар, телевиз, тоног төхөөрөмж бүгд байгаа.  Мөн бид компьютер, MRI оруу­лах гэж байгаа. Нэг
MRI сая доллар байгаа даа. Тэгвэл их мөнгө хэрэгтэй. Бас хан­див цуглуулж байж дутуу
үлд­сэн ажлуудаа сайхан дуусгаад, сүүлд буяны ажил их явуулахыг бодож байгаа. Яваандаа
бид  хөдөөгүүр явж  эмчлэх хөтөлбөр бодож байгаа гэж Ажиа гэгээн ярилаа.

Хүүхдийн хавдрын тасагт хөнгөвчлөх тусламж үйлчилгээ  ч үзүүлэх аж. Хүнд өвчтэй хүүхэд гэрийнхэнтэйгээ
байхыг бодолцож гал тогооны өрөө ч  бэлтгэсэн
гэнэ.

Шинэхэн зургаан давхар эмнэлэг хэзээ хүүхдүүдээ хүлээж авах талаар
Ш.Энхтөр захирлаас асуулаа. 

-Энэ долоо хоногт дутуу ажлуудаа хийж гүйцээчихнэ. Бүх тавилга, тоног
төхөөрөм­жүүдээ оруулна. Хуучин эмнэ­лэгт байсан зарим тасгууд ийшээ орж ирэх юм.
Нярайн тасаг, зарим өндөр технологи шаардсан мэс заслууд энд хийгдэнэ. Цусны эмгэг
хавдар судлалын тасгийн өвчтөнүүд ийшээ орно. Одоо бид хүзүүвч бариад эхэлсэн. Есдүгээр
сарын 18-нд хүлээлгэж өгөх ёстой. Өргөтгөлөө үндсэн эмнэлэгтэйгээ холбож байж, хүзүүвчээрээ
өвчтөнүүдээ зөөнө. Бас мэргэжлийн хяналт энэ тэрээс зөвшөөрөл авна шүү дээ.

Манай Цусны эмгэг, хавдар судлалын тасгаар жилд 800-900 хүүхэд эмчлүүлдэг
юм. Одоо 50 ортой болсон. Хуучин 23 ортой байлаа. Дээрээс нь 2016 оны нэгдүгээр
сарын 1-нээс эхлээд бүх төрлийн хавдартай хүүхдүүдийг Хавдар судлалын үндэсний төвөөс
манай эмнэлэг шилжүүлж авах юм. Хавдартай хүүхдүүдийг хүүхдийн эмнэлэгт эмчилдэг
дэлхийн тогтолцоо руу орж байгаа юм. Ямар ч байсан байртай болчихлоо. Эм тариаг
төсвөөс хангадаг болсон. Лабораторийн иж бүрэн шинэчлэл хийчихсэн. Маш олон эмч
сургасан даа.

-Эмч
хүрэлцээтэй юу?

-Нарийн мэргэжлийн эмч нарыг нэмж сургах шаард­лагатай. Нөөц мэргэжилтэн
байх ёстой. Тэр утгаараа бид зөндөө сургасан.

-Эмнэлгийн
хүчин чадал хэр нэмэгдэв?

-Шинэ эмнэлэг 75 ортой. Гамшгийн үед 200 ортой эмнэлэг болгон дэлгэх
хангалт­тай нөөц талбайтай. Нярайн сэхээн амьдруулах тасаг 25 ортой. Өмнө нь мэс
заслын өвчтэй нярай, дотрын өвчтэй нярай холилддог байсан. Мэс засалд орсон хүүхэд
нь ханиадтай хүүхдээс халдвар аваад хүндрэх тохиолдол ч гарна. Одоо бид тусад нь
байлгах өрөөтэй болсон учраас нярайн аюулгүй бай­далд чухал алхам боллоо. Сэхээнд
байнга арван орон дээр 20 орчим хүүхэд байдаг бол одоо 25 ортой, хангалттай нөөц
талбайтай гэсэн үг. 

-Ангиографийн
аппарат­тай болсон болохоор урьд нь хийж байгаагүй ямар шинэ үйлчилгээ үзүүлэх вэ?

-Зүрхний хагалгаа хоёр янз байдаг. Нэг нь цээжийг нь нээж байгаад
хагалгаа хийдэг.  Нөгөө дэх нь судсаар гуурс
оруулаад, төрөлхийн  хөгжлийн гажиг таславч
хоорондын цоорхойг тусгай бодисоор бөглөдөг хагалгааг Монголд хийх юм. Урьд нь энэ
хагалгааг гадагшаа явж хийлгэдэг байсан. Нэг хүүхдийн эмчилгээний өртөг 100 орчим
сая төгрөг байдаг. Одоо Монголдоо үнэгүй хийх юм. Есдүгээр сард энэ хагалгааг гурваас
дөрвөн хүүхдэд хийнэ. Одоо бид Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван
сая ам.доллартай тэнцэх тоног төхөөрөмжийн захиалга өгсөн. Дараа жилийн дөрөвдүгээр
сар гэхэд суурилагдаад дуусна. Дандаа сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хагалгааны
өрөөний тоног төхөөрөмжүүд л дээ. Дутагдаад байдаг амьс­галын аппаратууд орж ирнэ.
Рентген аппарат гэхэд ерээд оны аппарат байгаа, түүнийгээ шинэчилнэ. Бид тоног төхөөрөмжийн
илүүдлээ анх удаа хөдөө орон нутгийн эмнэлэг бусад газарт шилжүү­лэх боломжтой болох
нь. Нэг хэсэг өндөр хөгжсөн орнуудаас дандаа хуучин тоног төхөөрөмж гуйлгаар авдаг
байсан. Одоо бусад эмнэлгүүддээ өгөх цаг ойрхон байна гэж ЭХЭМҮТ-ийн захирал ярилаа.

Ардын эмч, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч 
Д.Малчинхүү Эх нялхсын эрдэм шин­жилгээний төвийн нүсэр том барилга үүдээ
нээж байх үеийн гэрч. 50 шахам жил  хүүхэд
чагнаж буй тэрбээр “Ажиа гэгээн санаачилж, олон түмний буянаар бүтсэн энэ сайхан
эмнэлэг Монголын ард түмэнд олдож байгаа их аз завшаан” гэлээ.  “Өнөөдөр 
хүүхдийг анагаах салбарт шинэ хуудас нээгдэж байна.  Цаашдаа сургалт эрдэм шинжилгээ цогцоороо хөгжих
боломжтой. Орчин үеийн дэлхийн шилдэг технологиуд нэвтэрч байна. Хүмүүсээ сайн бэлтгэвэл
дэлхийд өрсөлдөх ирээдүй байна” гэж өвгөн эмч бахархаж байна лээ.

 Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *