Эдийн засгаараа дэлхийд эхний наймд, Азидаа гуравт ордог Солонгос улсын ерөнхийлөгч Пак Гынь Хе саяхнаас нэг шинэ бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Пак генералын охин ажилгүй иргэдээ ажилтай болгохын тулд үйлдвэрүүдийнх нь гол ажлыг нугалсаар ирсэн гадны иргэдийг нутаг буцаах аян өрнүүлж байна. Өмнө нь үйлдвэр гэх мэт хүнд хүчир ажил сонирхдоггүй байсан хангүгчүүд сүүлийн үед эдийн засгийн байдлаас болжидэвхтэйгээражил хайх болжээ. Солонгосчуудын ажил хийх сонирхол, төрийн тэргүүнийх нь бодлого монголчуудад нөлөөлж эхэлсэн гэнэ. Хууль бусаар ажиллаж байгаа бол баригдах эрсдэл өндөр болсон гэж тэнд ажилладаг монголчууд ярьж байна. Хараар амьдардаг нутаг нэгтнээбарьж өгвөл 500 мянган воны шагнал амлах болсон нь баригдаж нутаг буцах иргэдийн тоо өсөхөд нөлөөлжээ. Сүүлдээ гудамжинд монголтойгоо таарахаар дуугарахгүй зөрөх хүн олон болсон гэнэ. Албан бус тоогоор Солонгост 30 мянга орчим монгол хүн амьдардаг юм байна.
Иргэд нь ажилгүй орлогогүй байгаад бухимдсан төрийн бус байгууллагууд гадаад ажилчдыг улсаасаа гаргах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Бүр хууль бусаар ажил хийж буй оюутнуудыг ч үзэхээ байсан бололтой. Саяхан гэхэд Илсанд тайз засаж байсан долоон монгол оюутан “Хууль бусаар ажиллаж байгаа гадаад оюутнуудыг нутгаасаа гаргая” гэсэн бичиг барьсан хөдөлгөөнийхөнд баригдаж нутаг буцжээ. Оюутнуудын тухайд хууль бусаар цагийн ажил хийж байгаад баригдвал хамгийн гайгүй шийтгэл нь нэг сая вонны торгууль юм байна. Ихэнхдээ л сургуулиа орхиод нутаг буцахаас аргагүйд хүрдэг байна. Баригдсан оюутнуудын олонх нь сургуулиа төгсөхийн тулд “харладаг” аж.
Солонгост суралцдаг оюутнууд долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй гэнэ. Ажиллах газартайгаа гэрээ байгуулж, имегрэшнээр тамга даруулсан нөхцөлдбол асуудалгүй. Цагийн хөлс нь дунджаар 5210 вон гээд бодохоор долоон хоногтоо зуу гаруй мянган вонн халаасалчих боломжтой юм билээ. Сонирхуулж хэлэхэд нүүлгэлтийн ажил дээр бусад улсын иргэд монгол залуустай өрсөлдөөд байдаггүй аж. Хүч шаардсан ажил учраас Сөүлд гэхэд л гурван монгол залуу нүүлгэлтийг нь хариуцан ажиллаж, монголчуудыгаа ажлаар хангадаг юм байна.
Хангүгчүүд Солонгос үсгийгзохиосон Сэжун вангаа үндэстнээрээ хүндэтгэдэг нь юухнаас ч харагдах юм. Сөүлийнхээтөвд хөшөөг нь сүндэрлүүлж, дүрийгньмөнгөн дэвсгэрт дээрээ мөнхөлжээ. Тавинмянгатын дэвсгэртээ хүртэл Сэжун вангийн ээжийнх нь зургаар чимжээ. Сайн хүү төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн гэж тэр. Солонгос үсгийг зохиосон энэ эрхмийн шавийнх нь зураг бас мөнгөн дэвсгэрт дээр нь дурайж байна. Мөнгөн дэвсгэрт дээрээ гуравхан хүний хөргийг онцолсон нь сая дурдсан гурав.
1910-1945 онд Японы хаант улсын эзэмшилд орж байсны ул мөр өнөөдөр ч байдаг юм билээ. Хөх толботой хүүхэд төрвөл манай хүн гэж хөл хөөр болдог гэнэ.Харин хөх толбогүй төрвөл япон цустай гээд таагүй хандах нь тийм ч гайхахаар үзэгдэл биш аж. Гэхдээ Солонгосын эдийн засгийн хүчирхэгжлийн нэг том шалтгаан нь1965 онд Японтой харилцах харилцаагаа хэвийн болгосон нь гэж судлаачид ярьдаг. Энэ үеэс гадаад худалдаа, хөрөнгө оруулалт их хэмжээгээр нэмэгдсэн гэдэг.
“ӨВЛИЙН ХАЙРЫН ДУУ”-ГААР ЖУУЛЧЛАЛАА ХӨГЖҮҮЛСЭН АРАЛ
Солонгос руу аялах дуртай, аялал жуулчлалыг нь тэтгэдэг гол үндэстний нэг нь япончууд. Япон жуулчдын ихэнх нь хөгшчүүл. Тэднээс мөрөөдлийг нь асуухад ихэнх нь Солонгосын олон ангит киноны зураг авалт хийсэн газарт очиж зургаа авахуулах хүсэлтэй гэж хариулжээ. Зүгээр ч нэг тэнэмэл яриа биш, судалгаа хийсний эцэст гарсан хариу гэнэ. Ер нь солонгос кинонд хамгийн дуртай улс нь Японы эзэгтэй нар бололтой.”Ханжин” гэж Солонгостоо хоёрт бичигддэг аяллын компанийн анхнымонгол жуулчны нэг нь болж Сөүлд тав хоног саатахдаа япончуудын Солонгосыг зорьдог нэг том шалтгааныг мэдэж авсан нь энэ. Аяллын хөтөч маань Сони гэж гуч гаруй насны бүсгүй. Аяллын эхний өдөр бидэнд Нами арлаа сонирхуулав. Сөүлээс цаг гаруй явж байж хүрэх энэ аралд дайны цагт нь Нами гэдэг жанжин амьдарч байж. Япончууд очих дуртай учраас энэ газрыг аяллын маршрутдаа багтаажээ. Азийн улс учраас япон жуулчдын очих дуртай газрыг сонгосон гэж хөтөч бүсгүй тайлбарласан. Энэ арлыг өмнө нь хэн ч мэддэггүй байж. “Өвлийн хайрын дуу” олон ангит киноны зураг авалтыг хийснээс хойш түм түжигнэж бум бужигнасан олны хөлийн газар болжээ. Япон жуулчид очихоороо дуу алдаад жигтэйхэн догдолдог гэнэ. Киноны гол дүрийн баатрууд энэ газаранх удаа үнсэлцсэн, үүгээр зугаалсан, унадаг дугуй нь энэ байна гэж ирээд хөтчийн ярьж буй тайлбар бүхэн “Өвлийн хайрын дуу”-тай холбогдох юм. “Өвлийн хайрын дуу” л энэ арлыг хөгжүүлжээ.
Биднийг тэнд байх цаг гаруйн хугацаанд арал руу ирэх хөлөг онгоц бүр дүүрэн хүнтэй байсан гэхээр Нами арлыг хамаардаг Чүнчон хотын төсөвт эндээс багагүй мөнгө төвлөрдөг бололтой. Сөүлийн төвд байх хааны ордон XIII зууны үед баригдсан янзаараа. Ийм ч учраасжуулчдыг татдаг гол газрын нэгд зүй ёсоор ордог байна. Сөүлээс цаг орчим явах зайд тэр үеийнтосгоныг яг тэр хэвээр нь барьсан нь ч анхаарал татахаар санагдсан.Сонигийн тайлбарласнаар “Жангүм” киноны зураг авалтыг хийсэн энэ хуучны тосгонд Солонгосын олон ангит түүхэнкиноны зураг авалтыгхийдэг юм билээ. Мөн л япончуудын ирэх дуртай газар. “Энд ирсэн хүмүүсийн үзэх дуртай зүйл нь олсон дээрх үзүүлбэр. Амьд үзүүлбэр учраас 50 мянган воноор сонирхуулдаг” гэж Сони тайлбарлав. Тухайн үеийн олсон дээрх үзүүлбэрээ яг тэр хэвээр нь авч үлдэж чадсан нь жуулчдаас мөнгө “саах” томоохон үзүүлбэр болж чаджээ.
“САМСУНГ”-ИЙН ЗАХИРАЛ АВТОБУСААР АЖИЛДАА ЯВДАГ
Нийтийн автобусаар биш л дээ. Өөртөө зориулж автобус худалдаж аваад жолоочтойгоо хоёулхнаа ажил руугаа автобусаар сүнгэнүүлдэг гэнэ. Арвангуравдугаар зууны эртний тосгон сонирхохоор явах замд Ганнам дүүргээр дайрсан юм. Баячууд нь амьдардаг, манайхаар бол Зайсан маягийн хэсэг. Гэхдээ нэг зүйлээрээ ялгаатай.Энд том компаниуд, голлох байгууллагууд нь төвлөрдөг юм билээ. Тэр утгаараа түгжрээ ихтэй. Автобусны замыг цэнхэр зураасаар зааглажээ. Суудлын машинууд хажуугийн эгнээнд түгжирч байхад автобуснууд бол саадгүй сүнгэнээстэй. “Самсунг”-ийн босс ийм шалтгаанаар үнэтэй, тансаг суудлын тэргийг биш автобусыг илүүд үзжээ. Ганнам дүүрэг байгуулагдсан түүх нь сонирхолтой юм. Манайд хэрэгжүүлэхэд ч болохгүй юмгүй санагдсан. Ганнам өмнө нь тариачдын ногоогоо тарьж амьжиргаагаа залгуулдаг эзгүй газар байж. Сөүлд хэт төвлөрөл үүсч замын түгжрээнээс эхлээд асуудал үүсэнгүүт шинэ хот байгуулъя гээд Мёндунд байсан том компаниудын оффисыг ийш нь нүүлгэж эхэлжээ. Том байгууллагууд нь төвлөрөөд ирэнгүүт тариачид газрынхаа үнийг өсгөж гэнэт баяжицгаасан гэнэ. Ганнамд газар үнэтэй байдгийн шалтгаан нь энэ аж. Газраар зогсохгүй үйлчилгээ нь ч өндөр өртөгтэй байдаг юм билээ. Сөүлийн төв Мёндунд 40-70 мянган вонд цадталаа хооллох бол Ганнамд сая воныг өдрийн хоолондоо зарах хэрэг гардаг гэнэ. Ер нь төв газраа амьдралын өртөг өндөр учраас Сөүлийн иргэд аль болох хотоосоо зайдуу амьдрах сонирхолтой болжээ. Сони гэхэд л Инчонд амьдардаг юм билээ.
ӨНӨӨДӨР Ч ДАЙНЫ БЭЛЭН БАЙДАЛД…
Өнгөрсөн хавар Солонгост сургууль дүүргэсэн Б.Болорчулуун Сонигийн яриаг бидэнд хэлмэрчилж явсан юм. Үе үе түгшүүрийн дохио зарлаж дайны байдалд байгааг иргэддээ сануулдаг нь эхэндээ сонирхлыг нь татдаг байж. Харин одоо бол хангүгчүүдтэй адилхан байдаг л зүйл мэт хүлээн авдаг болжээ. Хойд солонгосчууд дайрвал хамгийн түрүүнд доллар, гадаад паспорт, алчуур аваад метроны хонгилоор өөр хот руу дүрвэхийг зөвлөдөг гэнэ. Метрогоо ийм бодлогоор барьжээ. Шаардлагатай үед хэрэглэх усыг чтэндээ нөөцөлдөг гэнэ.
АМИА ХОРЛОГЧДЫН КЛУБ
Солонгосын хувьд амиа хорлолт санаа зовоосон асуудал хэвээр байгаа аж. Амиа хорлогчдын клуб хүртэл байдаг гэнэ. Цуглахаараа яаж амиа хорлохоо ярилцахын тулд ижил сонирхолтой хүмүүс нэгддэг талаар өмнө нь дуулсан ч Сонигоос сонсч байж л баттай гэдэгт нь итгэв. Амиа хорлохыг хүсэгчид сүүлийн үед зочид буудлын өрөөнд цуглаж байгаад хортой өвс үнэрлэн амьдралаас буцах нь ихэсчээ. Өрөнд ороод яах ч аргагүй болсон, шалгалтандаа унасан, зүгээр л амьдралаас уйдсан гээд элдэв шалтгаантай хүмүүс ингэж нэгдэж амиа хорлох болжээ. Өдөр бүр инээлдэж хөгжилддөг хөршийнхөө аз жаргалд атаархаад аминд нь хүрсэн гэх мэтих хотын стрессээс үүдэлтэй хачирхалтай хэргүүд ч мэр сэр гардаг гэнэ.
ЭРЭМБЭ, ДАРААГ ШҮТСЭН НИЙГЭМ
Хааны ордны зочин хүлээж авч, хуралдаан хийдэг үүдэн хэсгийг тайлбарлах үеэрээ Сони “Хааны хоёр талаарх хүмүүсийн суух дараалал нь нийгэмд эзэлдэг эрэмбээсээ хамаарна.Дээд тушаалын хүн нь хааны ойролцоо дээхэн талд, доод тушаалын хүмүүс доогуур хавьцаа сууцгаадаг байсан” гэж тайлбарлахад Болорчулуун хажуугаас “Одоо ч эрэмбэ их чухал байдаг” гэв. Оюутнууд гэхэд л нэг курсээр илүү л бол нас чацуу ч байсан хүндэтгэж харьцдаг гэнэ. Хэрвээ хүндэтгэж харьцахгүй бол өнөө хүнийх нь ойр дотнын хүмүүс хүртэл харьцахаа байдаг аж. “Дээд анги л бол хоолонд орсон ч хүндэтгэж харилцана. Усыг нь хийж өгнө. Хамгийн доор нь сууна. Солонгост хүндэтгэдэг хүндээ ус хийж өгдөг юм. Ажлын газраараа ресторанд орсон ч хамгийн залуу нь дороо сууж нөгөөдүүлдээ үйлчилнэ. Ажилд орлоо гэхэд ширээгээрээ хүртэл ялгарна. Албан тушаалынх нь эрэмбээс хамаарч ширээнийх нь хэмжээ хүртэл өөр байдаг” гэж Болорчулуун яриагаа үргэлжлүүлэв. Төр засгийнхаа шийдвэрийг хүлээж авахдаа ч энэ соёлоороо хүлээж авдаг аж. Нэгэнт гарсан шийдвэр л бол дагах учиртай гэсэн бичигдээгүй хуулийн уг үндэс нь хааны ордны жаягаас улбаалж амьдралд нь шингэсэн эрэмбэлэх ёстой нь холбоотой юм билээ. Тавиад онд Азийн хамгийн ядуу орны нэг байсан Солонгос ингэтлээ хөгжсөний гол шалтгаан нь ч энэ аж.
Японы захиргаанд байх үедээ байгалийн баялгийнхаа ихэнхийг олборлож дуусгасан энэ улс Солонгосын дайны үед бүрэн сүйрсэн гэж эдийн засагчид онцолдог. Жараад онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг авсан Пак Чон Хи ЗХУ-ын загвараар таван жил тутмын макро эдийн засгийн төлөвлөгөө гаргаж амжилттай хэрэгжүүлсэн нь ч амьдралд нь нэвт шингэсэн эрэмбэлэх ёстой нь холбоотой гэж учир мэдэх улс ярьдаг нь оргүй биш аж. Төр шийдвэр гаргасан тохиолдолддагах ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй учраас бодлого гарлаа л бол хэрэгжүүлэхэдасуудал гардаггүй байна. Ердөө дөчхөн жилийн дотор газар тариалан, загас агнуурын орноос өндөр технологи бүхий аж үйлдвэржсэн орон болж хувирсаны, генерал ерөнхийлөгч нь “Хан мөрний эрэг дэх ид шид” гэж дуу алдсанынууц нь энд байх шиг санагдсан.Өнөөдөр Солонгосын эдийн засгийн үндэс нь автомашин, усан онгоцны үйлдвэрлэл гэдгийг уншигчид андахгүй. Өмнөд Солонгосын “Хюнда моторс”, салбар нь болох “Киа моторс” гэхэд л дэлхийн тав дахь том машин үйлдвэрлэгч. Усан онгоцны үйлдвэрлэлээрээ бол дэлхийд тэргүүлэгч. Ган хайлуулалтаараа эхний гуравт жагсдаг.Гар утас үйлдвэрлэлээрээ “Apple”-ийн хүчирхэг өрсөлдөгч нь “Samsung” гэдгийг цэнхэр гариг даяараа хүлээн зөвшөөрдөг. Дэлхийд ийм орон зайтай энэ улсын инфляци нь гурван хувь, Төв банкных нь мөнгөний бодлогын хүү хоёр хувь. Манайхаас арав дахин бага гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгийн салбарт л үнийн хөөс байгаагаас биш бусад бараа бүтээгдэхүүний үнэ бодитой, тогтвортой гэдгийг дээрх статистикаас харчихаж болно.
Ц. БААСАНСҮРЭН