Нэг өдрийн өмнө Малайзын зорчигч тээврийн “Боинг-777” онгоц Украины зүүн нутагт осолдон 298 хүн амиа алдсан хэрэг гарсан. Украин улс онгоцыг пуужинд оногдож сүйрсэн гэж үзэж буй. Энэ он гарсаар дөрөвхөн сарын зайтай хэдэн зуун хүний амийг авсан онгоцны ослууд дараалан гарч, түүхэнд хараар бичигдэн үлдлээ. 1980-аад оноос энэ оны гуравдугаар сарыг хүртэл дэлхийн түүхэнд гарсан онгоцны томоохон ослуудыг “Ёнхап” жагсаасан байна. Үүнд:
-БНСУ-ын “Korean Air” компанийн “KAL007” нислэгийн дугаартай “Боинг 747” нисэх онгоц Сахалины дээгүүр нисэж байхдаа ЗХУ-ын цэргийн пуужинд оногдон сүйрч, онгоцонд сууж явсан 269 зорчигч амиа алдсан байна.
-1987 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр БНСУ-ын “Korean Air” компанийн “Боинг 707” онгоц Энэтхэгийн далай дээгүүр нисэж байхдаа БНАСАУ-ын тагнуулын ажилтан Ким Хён Хыгийн халдлагад өртөн дэлбэрч, 115 зорчигч амиа алджээ.
-1994 оны дөрөвдүгээр сарын 26-нд Хятадын “China Airlines” компанийн “Аэробус А300” онгоц Японы Нагоягийн нисэх буудалд газардах үедээ шатаж, 264 зорчигчийн амийг авсан осол гарсан.
-1996 оны долдугаар сарын 17-нд АНУ-ын “Trans World Airlines” компанийн “Боинг 747” онгоц агаарт дэлбэрч, Нью-Йоркийн Лонг-Айлендын ойролцоо далайд унаж, онгоцонд сууж явсан 230 хүн амь үрэгдсэн.
-1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Саудын Арабын “Saudia Airlines” компанийн “Боинг 747” онгоц Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели хотын ойролцоо Казахстаны ачааны онгоцтой мөргөлдөж 349 хүн амь эрсэджээ.
-1997 оны наймдугаар сарын 6-ны өдөр БНСУ-ын “Korean Air” компанийн “Боинг 747” онгоц Гуамд осолдож 228 хүн амь насаараа хохирсон.
-1997 оны есдүгээр сарын 26-ны өдөр Индонезийн “Garuda Indonesia” компанийн “Аэробус А300” онгоц Индонезийн Медан нисэх буудлын ойролцоо осолдож 234 хүн амь эрсэдсэн.
-1998 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Хятадын “China Airlines” компанийн “Аэробус А300” онгоц Тайпэй хотын нисэх буудалд газардах үедээ осолдон 203 хүн амь үрэгджээ.
-1998 оны есдүгээр сарын 2-ны өдөр “Swissair” компанийн “MD-11” онгоц Канадын Нова Шотландын ойролцоо Атлантын далайд унаж 229 хүн амь үрэгдэв.
-1999 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Египетийн “Egypt Air” компанийн “Боинг 747” онгоц АНУ-ын Массачусетс муж улсын “Nantucket Memorial” нисэх буудлын ойролцоо осолдож, 217 хүн амь насаараа хохиров.
-2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “American Airline” компанийн “Аэробус А300” онгоц Нью-Йоркийн “John F. Kennedy” нисэх буудлаас хөөрч байх үедээ осолдон 265 зорчигч амь үрэгджээ.
-2002 оны тавдугаар сарын 25-ны өдөр “China Airlines” компанийн “Боинг 747” онгоц агаарт хуваагдан Таиваны далайн эргийн ойролцоо унаж, 225 хүн амиа алдсан байна.
-2003 оны есдүгээр сарын 19-ны өдөр Ираны цэргийн онгоц осолдон 275 хүн амь үрэгджээ.
-2009 оны зургадугаар сарын 1-ний өдөр “Air France” компанийн “Аэробус А300” онгоц Бразилын Рио-Де-Жанейро хотын нисэх буудлаас хөөрч Атлантын далайд осолдон 228 хүн амь үрэгдсэн байна.
-2009 оны зургадугаар сарын 30-ны өдөр Йемений төрийн өмчийн агаарын тээврийн “Yemenia” компанийн “Аэробус А300” онгоц Йемений нисэх буудлаас хөөрч, Коморын холбооны арлуудын ойролцоо далайн усанд осолдсоны улмаас 153 зорчигчийн дөнгөж нэг нь л амьд гарчээ.