“Өдрийн сонин”-ы 2017.06.30-ны Баасан №145 (5712) дугаараас авч нийтлэв.
Монголын төр засаг ард түмэндээ ээлтэй, тэднийхээ төлөө ажил хийдэг болмоор байна. Ард түмний төлөө ажил хийнэ гэдэг ард түмнийг бэлэн мөнгөөр угжихын нэр биш. Халамжаар халамжлаад гэрэлт нийгэмтэй, аз жаргалтай ард түмэнтэй болдог бол болохоор хугацаа өнгөрснийг дэлхий байтугай монгол нотолчихоод байгаа. Гэтэл өнөөдөр дэлхийн хаана ч халамжинд сэтгэл ханасан ард түмэн байхгүй. Тэгээд ч ард түмнээ 100 хувь халамжлах гэж оролдсон улс бүхэн сөнөдөгийг бид бүхэн хангалттай харж байгаа. Төр засаг нь иргэдээ 100 хувь халамжилж хүчрэхгүй учраас эмзэг бүлгээ илүү тойлж мөрөөрөө хийж бүтээж, хөдөлмөрлөж яваа хэсгээ алагчилдаг. Ажилгүй, ажилладаггүй нөхдийг төр нь халамжлахыг хараад хоногийн хоолоо залгуулахын төлөө хийж бүтээж, махран зүтгэж байгаа хэсэг нь уурладгийн жишээ ч олон. Сая Монгол Улсад үүнийг нотолсон сонгууль болж өнгөрлөө. Ер нь дэлхийн бүх сонгууль ийм байгаа. Франц орныг хар. Эрх барьж байсан, эрх барьсан намуудын бодлого үйл ажиллагаа нь ард түмнийхээ сэтгэлд хүрээгүй учраас шинэ нам гарч ирсэн. АНУ-ын сонгууль ч ялгаагүй. Огт төсөөлөөгүй Дональд Трамп сонгогдож байх жишээтэй. Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ч үүнтэй агаар нэг. Хэний ч тооцоолоогүй С.Ганбаатар таавар будлиулан орж ирээд бараг л гарсан.
Энэ сонголтоороо ард түмэн төр засагт юу хүсээд байгаагаа тулган хүлээлгэхийг зорьсон байж болно. Улс эх орноо хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, бүх хүн хөдөлмөр эрхэлж, бүх хүн орлоготой байх үндэс суурийг тавих шаардлагатайг шаардсан нэг төрлийн эргэлт байсан ч байж мэднэ. Нөгөө талаар төр засаг, Их хурал, Засгийн газрыг юу хийх ёстойг хатуу сануулсан үйлдэл гэж харж ч болох байх. Манай сонины бичээд байдаг ганц, хоёр хүн баяждаг, ганц хоёр хүн бүх хөрөнгийг булаадаг, ганц хоёр хүн өрмийг нь хамж ард түмэнд хусам ч олддоггүй байдлыг өөрчлөх гэсэн, сүүлийн үеийн засаг, төрийн эрхэнд байгаа намуудын бодлого буруу байна гэдгийг сануулсан, хоорондын хэрүүлээс нь залхаж ээлтэй байхыг харуулсан ийм л сонгууль боллоо. Гэхдээ ард түмэн С.Ганбаатарыг гарч ирээд учиргүй ажил хийнэ гэж лав итгээгүй ч яалт ч үгүй өөр сонголт мөнөөсөө мөн байж. Юм хийх бололцоог олгоод өгчихөж магадгүй гэж горьдсондоо л ийм шийдвэрийг үгссэн мэт гаргасан нь ажиглагдаж байгаа.
Уул уурхай тойрсон бүлэглэлүүд баяжиж, ард түмэнд юу ч нялзаж, наалдахгүй байгаа учраас дургүйцлээ ийнхүү илэрхийлсэн байж таарна. Ерөөсөө төр засгийн юу нь ч Монголын ард түмэнд таалагдахгүй байгаагийн нотолгоо энэ. Бас улстөрчдийн буюу элитүүдийн хоорондын мөнгө төгрөгөө булаацалдсан хэрүүлээс, хар хорын зарга зайлхайгаас ард түмэн үнэндээ залхсан байж. Ард түмний амьжиргаа үнэхээр муу, ажилгүй, итгэл найдваргүй байсаар зэвэрчихэж. Эзэнгүй айлын хүүхэд шиг удсан учраас лэнсийрч, туйлдсан байна. Тэгэхээр улс эх орныг цоо шинээр цогцлоон байгуулах, цоо шинийг бий болгох хүсэл ард түмнээс ингэж илэрлээ. Ард түмэн чинь урд байсан, одоо байгаа амьдралаасаа тэс өөрийг, цоо шинийг хүсч эхэлснийг олж харах хэрэгтэй байна, төр засаг.
Монголчууд бусад ард түмний хүсдэгийг л хүсч байгаа юм. Хүн төрөлхтний туйлын мөрөөдөл нь ядарснаа өөд татаж задарснаа дарж нийгмээрээ, нийтээрээ сайн сайхан амьдрах. Ажил хийх, мөнгө олох нь чөлөөтэй, ТҮЦ-ийг нь хурааж, татварыг нь нэмээд байдаггүй нийгмийг л хүсдэг. Товчхондоо дэлхийн бүх ард түмэн түүн дотор монголын ард түмний хүсэл ийм л байгаа. Иймхэн хүслийг нь биелүүлж чадахгүй байгаа учраас, ирээдүйдээ итгэхгүй байгаа болохоор ард түмний сонголт айхтар савалж байгаа юм. Энэ намуудад итгэл хүлээлгэж чадахаа ч больсон. Яагаад гэвэл 27 жил ард түмнээ хуурч, хооронд нь хэрэлдүүлэн туйлдуулсан учраас тэр. Улстөрчдөд итгээд жалга довоороо, сум сууриараа талцаж талцаж эргээд харахад нь зөвхөн улс төрд оройлон явсан хэдхэн нөхөд л хожсон байсан. Ард түмэн тэнэг биш болохоор үүнийг нь олж хараад хатуу анхааруулж эхэллээ.
Тэгэхээр одоо ард түмний энэ хүслийг яаж хангах вэ, ямар тохиолдолд ард иргэд хожих вэ, Монгол Улс яавал хүчирхэг болох вэ гэсэн асуултын хариултыг хайсан бодлого стратеги хэрэгтэй байгаа. Францын сонгуулиар бодит байдлыг хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр тайлбарлан гарах гарцыг хэлж өгсөн хүн ялалт байгуулсныг харж байгаа байх. Намууд, улстөрчид үүний төлөө явахгүй хуучин байдлаараа өөрсдөө хожих санаа агуулсаар байвал том алдана. Намуудын улс төр гэж яриад байгаа, түүндээ хөтлөгдөж хийгээд байгаа ажлууд буруу байсан нь өдрөөс өдөрт нотлогдсоор байна. Энэ бүхнээ засч бодлого үйл ажиллагаагаа 100 хувь эргүүлэн ард түмэндээ ээлтэй болгох цаг иржээ. Улс хөгжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн ашиглалт, бүтээн байгуулалтыг хийх ёстой юу гэвэл тийм. Үүний үр шим улс орон даяар мэдэгдэж, ашиг тусыг ард түмэн хүртдэг байх хэрэгтэй байна. Ард түмэндээ үүнийг нь л хийгээд өгчих. Ийм итгэл найдварыг нь сэргээгээд өгчихвөл ямар ч Пи-Ар хэрэггүй, ард түмэн шууд дэмждэгийг С.Ганбаатарын жишээнээс харж болно.
Гэхдээ бидний ирээдүй хэр гэрэл гэгээтэй байгаа билээ. Долдугаар сарын 1-буюу маргаашнаас шатахууны гаалийн, хосолмол хөдөлгүүрт автомашины гаалийн онцгой албан татварууд нэмэгдэх гэж байна. Удахгүй хэд хэдэн татвар нэмэгдэнэ. Энэ бүхэнд ард түмэн, Монгол Улс л хохирч үлдэх нь ойлгомжтой байгаа. Энэ татвараар гадны өнгөлзлөгөөс сэргийлэхийн тулд батлан хамгаалах салбараа хүчирхэгжүүлэх үү, эрүүл мэндийн салбараа сайжруулж, багш, эмчийн цалинг нэмэн эрүүл мэндийн тоног төхөөрөмжөө сайжруулах уу. Төр засаг хэзээ ч ийм санаа тээж татвар нэмж байсангүй. Одоо ч нүсэр удирдах бүтцээ тэжээх гэж татвар нэмж байна. Төсвийн алдагдалгүй болгоно гэдэг сүүлийн 27 жил байсан удирдах бүрэлдэхүүн, тусгай хэсгээ тэжээх оролдлого байсаар ирсэн. Энэ бүх татвар ард түмэнд нялзахгүй учраас дургүйцлээ сонголтоороо илэрхийлдэг болсон байна. Үүнийг өрсөлдөж байгаа намууд бодох цаг нь иржээ. Сүүлийн 27 жил явж байгаа төр засаг, улстөрчид, улс төрийн намуудын бодлого буруу байна гэдгийг харуулсан сонгууль болж өнгөрлөө.