Сүүлийн 24 цагт тус аймгийн бүх суманд буюу 13 суманд халдварын 356 тохиолдол шинээр бүртгэгдснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 8353 боллоо. Баруун-Урт, Сүхбаатар сумдад хамгийн олон халдвар бүртгэгдсэн бөгөөд аймаг даяар халдварын тархалт эрчимжиж байгааг ЭМБ-аас анхаарууллаа.
Ялангуяа бага насны хүүхэд халдварт өртөх эрсдэл өндөр хэвээр байна. Одоогоор ЭМБ-т хэвтэн эмчлүүлж байгаа 537, гэрийн эмчилгээнд 1310 иргэн байгаагаас жирэмсэн эмэгтэй 41, 0-18 насны хүүхэд 213 байгаа аж.
Халдварын тохиолдол нэмэгдэх тусам хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэж байна. Мөн үүнийгээ дагаад нас баралт ч өсөх хандлагатай байна гэлээ. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээг авах, ЭМБ-д хандахыг анхаарууллаа. Учир нь шинж тэмдэг илэрсэн ч хөнгөн байна гээд үл тоон олон нийтийн харилцаанд орох, ажлаа хийх зэрэг нь бусдыг эрсдэлд оруулж, халдвар тарааж байна гэдгийг хэллээ.