УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, тус салбарт төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2022 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.
Мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээний 63.2 хувийг дотоодоосоо хангаж, үлдсэнийг гадаадаас импортоор оруулж ирж байгаа талаар мэдээлж, сүүний урамшуулыг нэмэгдүүлэх, үргэлжлүүлэн олгох талаар ажиллаж байгаагаа ярив. Сүүний урамшууллыг зөвхөн үнээний сүүнд олгож байсан бол өнгөрсөн оны 11 дүгээр сараас бүх төрлийн сүүнд олгох болж, өнөөдрийн байдлаар 10 аймгийн 24 үйлдвэр, цехэд 1.0 литр сүүнд бол 1000 төгрөгийн урамшуулал олгож байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 22 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлжээ. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлүүдийг 2023 онд 1800 гаруй аж ахуйн нэгжид арилжааны 10 банкаар дамжуулан олгосон байна. Сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй байгуулах зориулалт бүхий таван жилийн хугацаатай 6.0 хувийн хүүтэй зээлд 34 тэрбум төгрөг төсөвлөснөөс одоогийн байдлаар 5.6 тэрбум төгрөгийг 49 иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна. Мөн хүүхдийн сүү, сүүн тэжээл боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр найман аж ахуйн нэгжид 18.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
07 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд мөн асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал үндэсний үйлдвэрүүддээ шингэн сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, сүү цуглуулах, өндөр ашиг шимтэй малыг хөгжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж ярьсан бол УИХ-ын гишүүн Ц.Туваан сүүний урамшуулал 2020 оноос үр дүнтэй хэрэгжиж байгаа талаар дурдаад, сэрүүний улирлын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд урамшууллын хугацааг сунгах шаардлагатай гэлээ. Мөн арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа зээлийн хүү өндөр байгааг анхааруулж, мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах тал дээр нэгдсэн бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 70 сая мал малтай атлаа сүүний хэрэглээгээр дэлхийд сүүлээсээ 20-д ордог, гадаадаас сүү импортолдог манайх шиг улс дэлхийд байхгүй гээд, малын гаралтай нэг ч гэсэн бүтээгдэхүүнийг үнэтэй болгож байгаа сүүний урамшуулал, энэ бодлогыг санаачлан батлуулсан Ц.Туваан, Д.Өнөрболор, С.Ганбаатар нарын гишүүд, үр дүнтэй хэрэгжүүлж байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамт олонд баяр хүргэсэн юм. Урамшууллын хугацааг сунгах тухай Ц.Туваан гишүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, жилийн турш тасралтгүй олгодог болгох хэрэгтэй гэв. Сүүний бэлтгэн нийлүүлэлт, тээвэрлэлтийн технологи, даац, логистикийг шинэчлэх шаардлагатай байгааг тэрбээр дурдаж, үнээгээ жил тойрон саахын тулд тэжээлийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай болдгоор жишээлэн нэг үйлдвэрлэл бий болгосноор бусад нь дагаж хөгжих боломж бийг онцолсон юм.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй сүүний үйлдвэр, цехүүдийг урамшуулалт хамруулах талаар УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд хөндөж, урамшууллыг хавтгайруулбал хяналт тавих боломжгүй болохыг анхааруулж, журмын зохицуулалтыг улам нарийвчлан сайжуулах шаардлагатай зөвлөв. Үүний дараа Үйлдвэржилийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн санхүүгийн бүтцийг оновчтой болгох, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх талаар тус байнгын хорооноос Засгийн газар өгсөн чиглэлийн хэрэгжилтийн тухай мэдээллийг сонссон юм. Мэдээллийг мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг хийлээ. Тус яамнаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн орчин үеийн бүтэц, тогтолцоо ямар байгаа талаар олон улсын туршлагыг судалж, Жижиг, дунд үйлдвэрлэлийн корпораци байгуулах санал боловсруулан холбогдох газруудад хүргүүлсэн байна.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийн ажлын байрыг дэмжихтэй холбоотой хэсэг нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамаарсан бөгөөд үүнд нийт 2.0 их наяд төгрөгийг 25 000 зээлдэгчид олгосноор 110 000 ажлын байр хадгалагдсан хэмээн дэд сайд танилцуулсан юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2020-2023 онд 88 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн техник технологийг шинэчлэх зорилгоор шинэ тоног төхөөрөмжийг 2026 оныг дуустал гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраар батлуулжээ. Уул уурхайн компани болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд жижиг дунд үйлдвэрүүдийг оролцуулах чиглэлээр дөрвөн аймагт ажлын хэсэг байгуулж ажилласны үр дүнд 2019 онд улсын хэмжээнд 200 гаруй сая төгрөгийн нийлүүлэлт хийж байсан бол 2023 онд гэхэд дээрх дөрвөн аймагт нийт 4.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.
Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Т.Аубакир нар асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүд том компаниуд болон жижиг дунд үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа хэр тогтвортой талаар, зээл санхүүжилтийн эргэн төлөлт ямар байгаа талаар, Жижиг, дунд үйлдвэрлэлийн корпораци байгуулах саналыг олон улсын байгууллагууд дэмжихгүй байгаагийн учир шалтгааны талаар асууж, жижиг дунд бизнесийн зээлийн батлан даалтын тогтолцоог сайжруулах замаар эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эргэн төлөлтийг хүүгийн хөнгөлөлтөөр урамшуулах, жижиг дунд үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Т.Аубакир байнгын хорооны дараагийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын бүтээн байгуулалтын үйл явц, нутгийн иргэдэд олгох нөхөн олговор, Асгатын уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явцын талаар мэдээлэл сонсох санал дэвшүүлэв.
Хуралдаан даргалагч, Үйлдвэржилийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд “10 их наядын хөтөлбөр” болон Жижиг дунд үйлдвэрийн газрын зээлүүдийн эргэн төлөлтийг сайжруулахад анхаарч ажиллахыг зөвлөөд, корпорацийн зохион байгуулалтад орж ажиллахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.