Сутай хайрханыг тайх ёслол өнөөдөр болно. Уг ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцох аж. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн бөгөөд энэ удаад Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна.
Сутай хайрхан нь Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон уул юм. Сутай хайрхан уул нь тус аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршино. Монгол-Алтайн нурууны 11 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн 13 мөнх цаст оргилын нэг юм. Энэ уул сарлагийн маш сайхан нутаг. Сүү саалиар арвин сарлаг үхэр ихтэй энэ хайрханы нэрийг Сүүтэй уул гэж нэрлэдэг байжээ. Сутай хайрхан янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтанаар арвин мал аж ахуйд маш сайхан өгөөжтэй нутаг. Хайрханы өврөөс есөн зүйлийн гол эх авч урсан Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үед тахиж байсан нэг их сонин овоо байдаг байна.
О.ӨНӨР