2005 оны намар ээж аавынхаа гараас хөтөлсөөр нэгдүгээр ангид элсэн орсон тэр өдөр бид бүгд нэг анги болцгоолоо. Бага ангийн багш маань АБТА С.Биндэрьяа гэж хөдөлмөрч, тууштай багш байсан. Багш минь үргэлж бидэнд нэг хамт олон, нэг анги гэдэг атгасан гар шиг эвтэй, эетэй байх ёстой хэмээн захидаг сан. Биднийг зодож зандарч байгаагүй ч бид багшийгаа уурлуулчихвий гээд их эмээнэ. Ямартаа л өсгийтэй гутлын чимээнээр нь таньдаг, сонсоод л суудлаасаа босдоггүй байлаа. А-Я хүртэл үсгийг, алдаа мадаггүй бичих ухааныг заасан ачтай буянтай багш. Бага ангийн багшийн гараас түүх нийгмийн ухааны багш, АБТА Ж.Оюунбилэг хэмээх жижигхэн биетэй ч жигтэйхэн хөдөлмөрч эмэгтэйн удирдлагад очсон. Багш маань биднийг ирээдүйд ямар хүн болох, ямар мэргэжилтэй болох гээд энэ бүхэнд гүүр нь болж өгсөн гэхэд хилсдэхгүй.
Түүнчлэн урлагийн өндөр авьяастай бүжигчин, дуучин, спортын олон төрлийн мастерууд, сурлагаар манлайлагчид, мэтгэлцээний шилдэг мэтгэлцэгчид гээд салбар бүрийн авьяастай хүүхдүүдтэй хамт олон байлаа. Манай ангийнхан багаасаа л их санаачилгатай байсан, энэ зан нь төгстөл маань арилаагүй. Хаана ямар тэмцээн уралдаан байна тэр бүхэнд идэвхийлэн оролцож түрүүлдэг. Мөн ангиараа “Эх- Орон”-36 хөтөлбөрт түрүүлж, аймаг орон нутгаас зохион байгуулдаг бүхий л төрлийн “Дэвжээ”, АСК, олон төрлийн олимпиад, урлагийн үзлэг, спортын өдөрлөгт үргэлж амжилттай оролцож байр эзэлдэг байлаа. Энэ бүхэнд багш маань үнэхээр их баярлаж бид ч их урамшдаг байсан.
2016 оны хавар сэтгэл гэгэлзэж, үүрнээсээ нисэх гэж буй шувууд шиг догдолж байсан тэр өдөр бид Мөнгөн хонхны баяраа хийв. Нар ээсэн намуухан салхитай хаврын сайхан өдөр 27 охин, 11 хөвгүүнтэйгээр 38-лаа төгссөн. Бага ангийн багш маань дурсамж хичээл орж гуравдугаар ангидаа зурж байсан зураг, тэрлэж байсан шүлгийн номтой хамт сурагч бүртээ өгөхөд нулимс унагаж байсан хүүхдүүд цөөнгүй. Араас нь ангийн багш анх дааж авсан долдугаар ангиас хойших бүхий л болсон үйл явдлыг зурагт бичлэг болгон үзүүлж байсан нь үнэхээр хайрламаар дурсамжууд байлаа. Тэр өдөр миний сэтгэлд баярлах гуниглах зэрэгцэж, харцанд минь нулимс, инээд зэрэгцэн тодорсон юм. Арван нэгэн жил нэг ангид суралцсан болохоор бидний үерхэл нөхөрлөл, дурсамж бүгд үнэхээр сайхан. Зан аашаараа үл ойлголцож байсан зарим нөхөд минь хөтлөлцөн гүйж, олон жил хамт суусан, нөхөрлөсөн найзууд тэврэлдэн уйлж байлаа.
Дээр үеийн дүрэмт хувцас болох форм, парчикаар ижилсэж үсэндээ тууз намируулсан охид, энгэр дүүрэн медальтай хослолтой хөвгүүд алхаж явсан нь саяхан… Мөнгөн хонхны дуу цангинаж ангидаа бужигналдаж байсан тэр өдөр амьдралын минь хамгийн аз жаргалтай өдрүүдийн минь нэг. Хамгийн гэгээлэг, хамгийн жаргалтай, хамгийн хөгжилтэй дурсамжаа арван жилдээ 12В ангидаа л өнгөрөөжээ.
Одоо бид сургуулиа төгсөөд хэдийнэ дөрвөн жил болж. Анги даасан багш нар минь биднийгээ төгсгөөд гавьяаныхаа амралтад гарсан. Ачлалтай багш нарынхаа үгэнд нь өшөө сайн ороод, дахиад ганц хоног ч болтугай хичээлд нь суух юмсан гэх бодол төрнө. Ангийнхан минь одоо сургуулиа төгсөх нь төгсөөд, зарим нь төгсөх гээд, зарим нь аль хэдийнэ ажилдаа орчихсон, зарим нь сайн аав, ээж болцгоожээ. Удахгүй төгссөн сургууль, төгсгөсөн ачит багш нарынхаа нэрийг өндөрт өргөсөн гавьяатнууд, алдартнууд болохоор бүгд л мэрийн хичээж байна даа.