Categories
мэдээ нийгэм

Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

“Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал” гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Германы эрдэмтэн Доктор Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээн илрүүлснээс хойш 130 гаруй жил өнгөрсөн хэдий ч уг өвчин дэлхий даяар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлэх 10 өвчний нэг бөгөөд дэлхий дээр жил бүр 10 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,6 сая хүн уг өвчний улмаас нас барж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 230 мянга орчим хүүхэд эндэж байна. Нас баралт өндөр байгаа нь өрх гэрүүд, улс оронд эдийн засгийн хувьд маш том дарамт учруулж байгаа юм.

Монгол улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 улсын нэг болж 4-рт орж байна. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж байна.

Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг Дэлхий даяар “Цаг нь болсон!” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд гол утга нь дэлхий нийтээр сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлж, тэмцлийн үйл ажиллагаагаа түргэсгэн хамтдаа тэмцэх цаг нь болсон гэдгийг уриалж байна. Идэвхтэй илрүүлэг, эмчилгээ, үйл ажиллагааны үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22% -иар буурсан боловч цаашид энэ тоог 2020 онд 35%, 2035 онд 95%-иар, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн юм.
Өнгөрсөн 9-р сард НҮБ-ын сүрьеэтэй тэмцэх дээд хэмжээний уулзалтаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлж, олон сая хүний амийг аврахын тулд алдах цаг мөч байхгүй болохыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей анхааруулав. Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй болгоход улс орнуудын олон талт хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа талаар онцлон тэмдэглэсэн билээ.

Сүрьеэгээс сэргийлэх ажилд бүх салбарын оролцоо, үүнд засгийн газар, орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, иргэний нийгэм, хувийн салбар болон хэвлэл мэдээллийн салбар хамтран ажилласнаар сүрьеэ өвчнөөс сэргийлэх ажил үр дүнд хүрч болохыг Монгол улсын засгийн газар болон ДЭМБ-аас онцолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *