Categories
мэдээ нийгэм

Сүрьеэ нь нийт халдварт өвчний 10 хувийг эзэлдэг

Жил бүрийн 3 дугаар сарын 24-нийг сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн угтан ЭМЯ-аас төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд бид сүрьеэгийн тархалт өндөртэй 10 гаруй аймагт эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрт ард иргэдийг идэвхтэй оролцохыг хүсч байна. Мөн сүрьеэгийн эсрэг олон ажлууд хийгдээд явж байгаа.

Хэрэв танд удаан хугацаагаар ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх зовиур илэрвэл зайлшгүй эмчид хандаж үзүүлээрэй. Дүүргийн, өрхийн бүх эмнэлэгүүд танд туслахад бэлэн байгаа. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй. Мөн, сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэж байгаа. Сүрьеэ бол эмчлэгддэг өвчин юм” гэлээ.

МОНГОЛ УЛС НОМХОН ДАЛАЙН БАРУУН ЭРГИЙН БҮСИЙН 37 ОРНООС СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛӨӨРӨӨ ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ОРДОГ

Манай Улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байгааг судалгаагаар тогтоожээ. Монгол Улс Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөрөө дөрөвдүгээр байрт ордог. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлдэг.

Жил бүр 4,000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа. 70 гаруй хувь нь 16-44 насны хүмүүс өвчилж байгаа аж. Судалгаагаар 3 сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22.000 буюу түүнээс олон хүн амьдарч байна гэж тогтоожээ.

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас бардаг байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 200,000 орчим хүүхэд эндэж байна.

аашид уг өвчнийг хэрхэн эмчлэх талаар одоогийн баримталж байгаа бодлого, стратегийг боловсронгуй болгох, сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байгааг хэвлэлийн хуралд оролцсон ХӨСҮТ, Глобаль сан, НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэллээ.

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

  • Удаан хугацаагаар (2 долоо хоног ба түнээс дээш) ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цустай буюу цэртэй ханиалгах болон доорхи бусад шинж тэмдэгүүд илэрч болно.
  • Бие суларч ядрах
  • Жин буурах
  • Хоолонд дургүй болох
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

Хэдийгээр дэлхий дахинд олон сая хүн сүрьеэгээр өвчилж, сүрьеэгийн улмаас нас барж байгаа хэдий ч энэхүү өвчнөөр эмчлэгдэж бүрэн төгс эдгэрсэн сая сая хүн байдаг. Сүрьеэ өвчин эдгэрдэггүй гэсэн ойлголт аль хэдий нь үгүй болж сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношилгоо эмчилгээнд хамрагдаж, эмчийн зааврын дагуу эмээ байнга ууж эмчлүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.

СҮРЬЕЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

  • Дархлаажуулалтанд хамрагдах
  • Уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж төгс эмчлэх нь бусдад халдвар тараахаас сэргийлэх үр дүнтэй арга
  • Гэр бүлийн бүх гишүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
  • Амин дэм тэжээллэг хоол хүнс хэрэглэх
  • Ажил амралтаа зохицуулж хэт ядрахгүй байх
  • Өрөө тасалгаа нь цэвэр агааржуулалт сайтай байх нарны гэрэл тусдаг байх
  • Биеийн дархлааг сайжруулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *