Categories
мэдээ нийгэм

Сургуулиудын өргөтгөл баригдсанаар хоёр ээлжээр хичээллэдэг болно

Нийслэлийн Удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 8930 га газартай Чингэлтэй дүүрэгт 159 мянган хүн ам оршин суудгаас 80 хувь нь гэр хороололд, 20 хувь нь орон сууцны хороололд аж төрж байна. 19 хороотой тус дүүрэгт өрхийн эрүүл мэндийн 16 төв, хоёрдугаар шатлалын 5 эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор 227, мэс заслын 25 тасаг, хүүхдийн 75 тасагтайгаар үйл ажиллагаа явуулж, нийт 637 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна. “Манай дүүрэгт сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 11386 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт хамрагдах ёстой хүүхдүүдийн 75.5 хувь бөгөөд цэцэрлэгийн ачаалал 204 хувиар хэтрээд байгаа. Ерөнхий боловсролын сургуульд 25402 хүүхэд суралцаж байгаа. Манай дүүрэгт 3 ээлжээр хичээллэж байгаа 5, 23, 24 гэсэн 3 сургууль байна. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 он хүртэл 5 цэцэрлэгийн өртгөтгөл, 4 цэцэрлэгийг буулгаж шинээр барих, 2 цэцэрлэг шинээр, 2 хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогболбор баригдахаар төлөвлөгдсөн. Ингэснээр орны тоо 1760 хүүхдээр нэмэгдэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд 5, 23, 24, 50 дугаар сургуулийн өргөтгөл баригдсанаар манай дүүргийн бүх сургууль 2 ээлжээр хичээллэдэг болно” хэмээн Ж.Эрдэнэбат дарга тодотгож байлаа.

Чингэлтэй дүүрэг “Өрхийн хөгжлийн дэмжих жил”-ийн хүрээнд нээлттэй санал асуулга явуулсан байна. Иргэдээс эрүүл мэнд, боловсрол, хууль хүчний байгууллагын үйлчилгээг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, сургалт, орчны тохижилт, газар зохион байгуулалттай холбоотой 3125 санал иржээ. Тухайлбал, газар зохион байгуулалттай холбоотой саналуудаас орц гарц, мухар гудамжийг чөлөөлөх санал 55 хувийг эзэлсэн байна. Иргэдээс ирүүлсэн саналыг ажлын хэсгээс нэгтгэн “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөнд 58 ажлыг тусгажээ.

Чингэлтэй дүүргийн 7 байршилд 198.4 га бүхий газарт “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөл хэрэгжиж байгаа. 3000 өрх хамрагдсан энэ төслийн зарим ажил зогсонги болоод буйг хөдөлгөж явуулах нь зүйтэй гэсэн саналыг дүүргийн удирдлагаас гаргаад байгаа юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *