Categories
мэдээ цаг-үе

Сургуулийнхаа “од” 10б-гийнхэн

Нийслэлийн 67 дугаар сургуулийн 1998 оны О.Цэндсүрэн багштай 10б ангийн төгсөгч Ч.Гантулга, С.Отгонтуяа, Н.Пүрэвдорж, Б.Буянтогтох нар ангийнхныгаа дурсан дуу шуугиантай байхад нь уулзлаа. Тус сургууль Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрладаг бөгөөд бүгдээрээ тэр хавь ойрын л хүүхдүүд байсан аж. Ойролцоо гэртэй хэсэг хэсгээрээ нийлж ангиа цэвэрлэдэг байжээ. Дараа нь нэг нэгнээ хүргэж өгдөг ажилтай. Нэгийгээ хүргэж өгөхөөр өнөөх нь буцааж гаргаж өгч явсаар орой болчихдог талаар дурсан хөгжилдөж байлаа. О.Цэндсүрэн багш хэл уран зохиолын хичээл орно. Ангийн багшийн хичээл ангийн ажил болж өнгөрчих талтай байдаг. Харин тэдний багш яг л хичээлээ заадаг зарчимтай байж. Мөн бие даалгаж төрөл бүрийн ном уншуулж, хооронд нь санал бодлыг нь солилцуулдаг байсан гэнэ. Энэ талаар Н.Пүрэвдорж “Манай ангийнхан өдий зэрэгтэй яваа нь багшийн л нөлөө юм шүү дээ. Биднийг хурцлах үедээ хурцалж, зэмлэх үедээ зэмлэдэг байлаа” хэмээн дурссан юм. Харин С.Отгонтуяа “Багш зүгээр л сургууль дээр хичээлээ заагаад байгаад байхгүй. Ангийнхаа хүүхдүүдийн гэрээр явж ар гэрийнхэнтэй нь ч ярилцдаг байсан. Хүүхдийн төлөө сэтгэлтэй хүн дээ” хэмээв. Ангийнх нь багш үерхдэг хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг ч анхаардаг байжээ. Эдний анги нэг хостой. Тэр нь Н.Пүрэвдорж, Б.Цолмон нар юм. Гэр бүл болоод 19 жил өнгөрч хоёр хүүхдийн эцэг, эх болжээ. Н.Пүрэвдорж Бид хоёрын үерхдэгийг багш мэддэг байсан юм. Бид хоёр муудалцана. Нэг удаа багш өрөөндөө дуудаад бид хоёрт амьдрал ийм байдаг юм шүү гээд ярьж билээ. Хүүхдүүдийнхээ сэтгэл зүй ямар байгааг анддаггүй” гэж хуучлав. Мөн хүүхдүүддээ “Та нар Баянхошууны хэмжээнд битгий сэтгээрэй. Илүү томоор сэтгэж байгаарай. Баянхошууг муу гэж байгаа юм биш. Гэхдээ энэ хавийнхаа хүнтэй суугаад эндээ амьдраад, ажиллаад л насыг барчихаж болохгүй. Илүү хол явж том харж байгаарай гэж захидагсан” хэмээн шавь нар нь дурсаж байна.

Дашрамд сонирхуулахад өнөөдөр тус сургуулийн 40 жилийн ойн баяр болж байна. Тэд сургуулийнхаа үе үеийн төгсөгчдийг ойн үйл ажиллагаанд ирэхийг уриалж байна лээ. Тус сургууль 1976 оны есдүгээр сарын 1-нд Баянхошууны Сайрын ам хэмээх газар 30 орчим багш, 10 гаруй ажилчинтай байгуулагдаж байсан байна. 30 сургуулиас ирсэн 751 сурагч 22 бүлэгт хуваагдан хичээллэж эхэлжээ. Сургууль анх 120 хүүхдийн багтаамжтай нэг давхар хоёр дан барилгатай байсан аж. Анхны захирал нь П.Наваан гэдэг хүн байв. 1985 онд гурван давхар хичээлийн байртай болсон бол 2002 онд бага сургуулийнхаа шинэ барилгыг хүлээж авсан юм байна. Өдгөө энэ сургуулийн мянга мянган төгсөгч ажил амьдрал нь дэлгэр сайхан яваа. Тэднийгээ бүгдээрээ сургуулийнхаа ойд ирээрэй гэдгийг дахин дахин уламжилсныг дамжуулъя.

10б ангийн хувьд урлаг, спорт, соёл, сурлагаараа алгебр Хоролсүрэн, геометр Баатарсүх зэрэг багш нараа нэрлэж байлаа. Ихэнх нь онц сурдаг байсан болохоор хуулах явдал бага байж. Гэхдээ л сэргэлэн хуулаачид ч мэр сэр байсан гэнэ. Тухайлбал, охид шилэн триконы дотуур гуян дээрээ томьёоны хураангуй хавчуулдаг байсан талаар хэлэв. Хөвгүүд ч юугаар дутахав гутлын үдээсэн дотуур шипи хийчихдэг байсан аж. Өөр аргууд байсныг нь өнөө хүртэл хэн ч мэдээгүй байгаа гэнэ шүү. Бүгдийг нь дэлгэчихвэл залуус дүү нарт муу үлгэр дуурайл болох тул нууц хэвээр нь үлдээхээр тохиролцов.

Шилдэг тэргүүний хүүхдүүд байхаас ч аргагүй юм байна. Наймдугаар анги төгссөн жил нь найман өөр ангиас сонгож сонгоны анги байгуулжээ. Тиймээс хамгийн адтайчууд нь байсан аж. 10б ангийн Ч.Гантулга, Д.Амармэнд, Б.Чанцал-Орлом, Эрдэнэтуяа нар сургуулиа алтан медальтай төгсчээ. Б.Буянтогтох “Сургуулийн тэргүүний анги, Алтан намар спартикиадын аварга, сагсан бөмбөгийн цомын хоёр удаагийн аварга гээд одууд нь байлаа. Сургуулийн сагсан бөмбөгийн цомын аваргын тэмцээн спортын уралдаанууд дундаа хамгийн том нь байлаа шүү дээ. Наймдугаар ангиас хойш түүнд хоёр удаа түрүүлнэ гэхээр сургуульдаа аваргууд л байсан хэрэг” хэмээж байв. Сурлагын хувьд сонгоны хүүхдүүдтэй эгнэх анги байгаагүй бололтой.

Урлаг ялангуяа бүжигт авьяастай хүүхдүүд олон аж. С.Отгонтуяа “Монголжингоо” уралдаанд орж түрүүлж байж. Уралдаанд оролцохдоо Н.Пүрэвдоржтойгоо бүжгийн үзүүлбэр үзүүлсэн зураг нь байх юм. Ер нь эдний ангийн хамаг хөгтэй явдлууд Н.Пүрэвдоржтой нь холбоотой байдаг гэх. Ангийн дарга нь Ц.Тунгалаг бол хамгийн спортлог нь Ц.Гансүх, хамгийн авьяастай нь СТА, ТВ5 телевизийн нэвтрүүлэгч У.Мөнгөнцэцэгийг байсан гэцгээв. Тэдний ангийнхан сургуулиа төгсөөд бүгдээрээ их, дээд сургуульд элсчээ. Өдгөө ажиллаж буй салбартаа мундаг яваа аж. Барилгын салбарт Г.Баяржаргал, Б.Санчир, Т.Сайнболд, Ч.Кандайжав, эрүүл мэндийн салбарт Б.Сүхбаатар, Б.Буянтогтох, Б.Чанцал-Орлом нар ажиллаж байна. Тэгвэл уул уурхайн салбарт Д.Амармэнд, Б.Мөнхбат, худалдаа үйлчилгээний салбарт С.Отгонтуяа, Гантөгс, Дөлгөөн нар амжилттай явааг дурдацгаалаа. Мөн А.Алтантунгалаг ШУТИС-д багш, Н.Пүрэвдорж Жим интернэйшнлийн маркетингийн албаны дарга гээд эдний ангийнхан бүгд л ойр ойрхон уулзаж, алив мэргэжлийн чиглэлээрээ бие биедээ тус дэм болох дуртай гэнэ.

13 хөвгүүн, 22 охинтой тус ангийнхан бүгдээрээ л гэр хороололд өсчээ. Түлээ түлш бэлдэх, ус авах, хашаа хороо цэвэрлэх гээд ажил мундахгүй. Энэ бүхнийг найзуудтайгаа хамтраад хийчихдэг байсан талаар ч дурсацгааж байлаа. Хэдэн гудамжны зайтай л ангийнхан нь байдаг болохоор нэг нэгнийхээрээ их л орж гардаг байсан гэнэ. Ангийнх нь охидод хөвгүүд захиа их өгдөг байж. Түүнийг нь булааж уншаад уйлуулж ч явж, өөр ангийн хүүхдийн захиаг зөөгөөд ч гүйж л байсан аж. Хөвгүүдийг нь ч бусад ангийн охид сонирхоно. Тэр тоолонд охид нь бас харамладаг л байсан гэнэ. Тэр нь цонхны тавцан дээр өөр ангийнханд зориулж бичиж үлдээсэн зурвасанд их шингэсэн бололтой. Өнөөдөр шиг ухаалаг гар утас, фэйсбүүк, интернэт байгаагүй үед ширээ, цонхны тавцан л мэдээлэл харилцааг орлож байсан гэж хуучлав. Мөн ангидаа цаасан дээр юм бичээд дамжуулдаг байж. Хоёр хүн харилцан бичиж байхад гурав дахь нь дундуур нь ороод юм нэмээд биччихнэ. Өнөөгийнхөөр бол групп чат юм уу даа. Түүнчлэн хоёр нь аминчхан зүйлсээ цаасан дээр бичээд нэг нэг рүүгээ шидэж байхад дундуур нь өөр хүн шүүрч аваад уншчих аюул ч байж.

Арван жилийн зурагнуудыг нь үзэж байхад хөвгүүд нь цөмөөрөө л яг голоор нь хоёр хагалж самнасан үстэй байв. Ч.Гантулга “Сандаг үс л гэдэг байсан юм даа. Ид моод болж байлаа. Доороос шуугаад дээд талаа ургуулаад хоёр хуваана. Тухайн үед “Камертон”, “Номинталст” хамтлагууд ид гарч ирж байлаа. Тэдний дуунуудыг л сонсоно шүү дээ” хэмээн хуучилж байв. Түүнчлэн хип хопчдын өмсдөг том куртик өмсдөг байж. Дурсгалын дэвтэр аялуулж ангийнхныхаа нандин үгсийг бичүүлж авч байсан тэр л өдрүүдээ өнөөдөр дурсахаар сургууль руугаа явна гэснээр бидний уулзалт дууссан юм.

Ж.БАЯРСАЙХАН

Т.АРИУНТУНГАЛАГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *