2017-2018 оны хичээлийн жилд бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд нэг бүрт таниулж, багаасаа зөв дадал зуршилтай ирээдүйн иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба, “Монголын сургуулийн өмнөх боловсрол хөгжлийн төв” ТББ хамтран бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон “Би өөрөө” сэтгүүлийг 2-4 нас, 4-6 нас гэсэн ангиллаар хэвлэн гаргаж байна.
Уг сэтгүүл нь бага насны хүүхдэд танин мэдэхүйн болон замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, тэдэнд зөв дадал хэвшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээ мэдээллийг хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Тэргүүний 33 дугаар цэцэрлэгт зохион байгуулсан бөгөөд нийт суралцагч хүүхдүүдэд “Би өөрөө” сэтгүүл тараан замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох талаар сургалт зохин байгууллаа гэж Замын цагдаагийн албаны Урдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.