Categories
мэдээ цаг-үе

Сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэхэд насаа зориулсан гавьяат багш П.Бямбадорж

Сар шинийн баярыг тохиолдуулан тухайн жилд амжилт бүтээлээр манлайлсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч одон, цол тэмдгээр шагнадаг уламжлал хэдийнээ тогтсон билээ. Сая сар шинийн баярын урьд өдөр Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цол, тэмдгээр энгэрээ мялаасан МУБИС-ийн ахмад багш П.Бямбадоржийнд энэ удаа өнжсөн юм. П.Бямбадорж багш сургуулийн өмнөх бага боловсрол буюу цэцэрлэгийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой ба Монгол Улсын бага боловсролд оруулсан түүний хувь нэмэр арвин их юм. Хотын төвд байрлах гэрт нь яваад очиход П.Бямбадорж гуайнх сар шинэ хуучирч буй хэдий ч тавгийн идээгээ бүрэн хураагаагүй нь шавь нараас нь эхлээд зочид тасрахгүй ирдэг нь илэрхий байв. П.Бямбадорж гуай Орост Багшийн их сургуулийг сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалыг багшийн мэргэжлээр суралцаж төгсөж ирж байсан тэртээх 1962 оноос хойш тасралтгүй 50 гаруй жилийн турш энэ л салбартаа ажиллахдаа шинэ залуу багшийг бэлтгэхэд голлон ажиллажээ. Түүний төрж өссөн нутаг болох Булган аймгийн Хишиг-Өндөр суманд долдугаар ангиа төгсөх үед эжий нь бурхан болсон учраас хот руу төрсөн эгчийндээ шилжин иржээ.

Ингээд I сургуульд суралцаж аравдугаар ангиа төгсөх үед сургуулийнх нь захирал Сундуй, хичээлийн эрхлэгч Намсрайжав нар “Чи сурган хүмүүжүүлэгч болох уу?” гэж асуухад сурган хүмүүжүүлэгч гэхээрээ яг юу хийдэг ажил юм бол гэж гайхан асууж байсан П.Бямбадорж Монголоос Ж.Алтанцэцэгийн хамт ЗХУ руу суралцахаар явжээ. Тэднийг дөрвөн жил сургуулиа амжилттай сайн төгсөөд ирэхэд Гэгээрлийн яамны дарга нар хүлээн авч уулзан “Та хоёр их сургуулиа төгсөөд ирсэн энэ үед Монгол Улс маань цэцэрлэгийн техникумтай болж та хоёрт бэлэг барьж байна” гэж хэлээд Ж.Алтанцэцэгийг цэцэрлэгийн техникумд багшаар томилж, П.Бямбадоржийг Гэгээрлийн яаманд цэцэрлэг хариуцсан байцаагчаар томилжээ. Одоогийн мэргэжилтэн гэх хэллэгийг тухайн үед байцаагч гэж нэрлэж байв. Тухайн үед манай улс нийт 200 орчим цэцэрлэгтэй одоогийн 1000 хол давсан цэцэрлэгийн үетэй харьцуулахад бага насны боловсролыг хэрхэн олгох вэ гэдэг цоо шинэ зүйл байв. Орост сургууль төгссөний хувьд П.Бямбадорж гадаадад төгсөж ирсэн мэргэжлийн анхны шахуу хүний нэгд орж байсан бөгөөд цэцэрлэгийн сургалтын бүхий л хөтөлбөр дээр гардан ажиллах болжээ. Гэгээрлийн яаманд ажиллах хугацаандаа Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон төр засгийн тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, тухайн үед цэцэрлэгт мөрдөж байсан сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах төсөл хөтөлбөрийг биечлэн хийж байсан байна. Тухайн үед цэцэрлэгийн сургалт ерөнхий боловсролын сургуулийнх шиг байсныг өөрчлөн хүүхдийг хөгжүүлэх арга барилыг шинэчлэн тогтоож, тоглоомын аргаар сургах гэх мэт шинэ аргыг нэвтрүүлэн ажиллах нь түүхэн цаг үеийн шаардлага байсан гэнэ. Тухайн үед цэцэрлэгүүдэд хүүхдийн тоглоом ч их дутмаг.

Хүүхдийн тоглоомын дэлгүүр нэг ширхэг байхгүй. Улсаас хуваарилагдан ирдэг хэдхэн тоглоомтой. Мебель үйлдвэрийн дэргэд хүүхдийн тоглоомын үйлдвэр ажиллаж эхэлсэн ч ганц нэг модон машин, модон тэрэг хийхээс хэтрэхгүй байсаар энэ үйлдвэр хаагджээ. Цэцэрлэгийн техникум буюу одоогийн нэршлээр МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуульдаа багш, сургалтын албаны дарга, хичээлийн эрхлэгч, орлогч захирал гэх мэтээр анхан шатнаас нь эхлэн бүхий л шатанд 40 гаруй жил тасралтгүй ажиллахдаа үүнээс 30 гаруй жилийг нь хичээлийн эрхлэгчээр ажиллаж өнгөрөөжээ. П.Бямбадорж багшийн уран бүтээлийн сан хөмрөг арвин их бөгөөд 60 гаруй сурах бичиг, гарын авлага, ном, зөвлөмж бичжээ. Энэ нь багш, оюутнуудад сургалтын гарын авлага болон одоог хүртэл ашиглагдсаар байна.

Сүүлийн жилүүдэд үе үеийн багш нартай хамтарсан баг бүрдүүлэн “Цэцэрлэгийн багшийн сургууль”, “Сургуулийн өмнөх боловсролын сургууль”, “Үсэг нүдэлж, уншиж сурцгаая”, “Хамтдаа тоглоцгооё” гэх мэт ном бичиж хэвлүүлжээ. Түүхээс бичихэд 1962-2000 оны хооронд цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд П.Бямбадорж гуай таван удаа оролцож, уг ажлыг хэрэгжүүлэх ажлаар улсын хэмжээнд багш нарын дунд сургалт, семинар зохион байгуулж багш нарын боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллажээ. Нам засгийн ажлын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн хорооны тэргүүлэгчээр ажиллаж байсан. Тус хорооны даргаар Монгол Улсын төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвал ажиллаж байсан ба эмэгтэйчүүдийг дагуулаад хөдөө орон нутгаар явж соён гэгээрүүлэх ажлыг хийдэг байсан гэнэ. Өдөр нь ажлаа хийчихээд орой нь С.Удвал гуай бидэнд үлгэр ярьж өгдөгсөн. Маш олон үлгэрийг цээжээр мэднэ. Бид ч тойрч суугаад үлгэрийг шимтэн сонсдог байлаа хэмээн П.Бямбадорж гуай дурсамжаасаа хуваалцсан. Тухайн үеийн эмэгтэйчүүдийг соёлжуулах ажлыг ид хийж байх үед “Соёлын довтолгоон”-ы хүрээнд эмэгтэйчүүдэд хоол хийх аргыг заах, ариун цэвэр сахиулах, ном уншуулах гэх мэт ажлыг зохион явуулдаг байсан аж. П.Бямбадорж гуайн хань Д.Цэрэндагва Монголын анхны геологичдын нэг. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн орд газрын нөөцийг тогтоох, үйлдвэр байгуулах ажилд гар бие оролцсон анхны инженерүүдийн нэг юм. Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрж өссөн Д.Цэрэндагва Праг хотын Карлын нэрэмжит их сургуулийг геологич Мягмар, Сандуйжав нартай хамт төгсөж ирээд манай улсын геологийн салбарт алдар нэрээ дуурсган ажиллаж иржээ. Тухайн үед Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Б.Хурц гуай “Д.Цэрэндагва гуай дэргэд минь зөвлөж, түшиг болдог байлаа. Дүү хүний хувиар мэдэхгүй чадахгүй зүйлээ байнга асуудаг байсан” гэж дурсан ярьсан байдаг юм. Эднийх гурван хүүтэй. Аав шигээ гурван хүү нь гурвуулаа инежнер мэргэжлийг эзэмшсэн. Том хүү Ц.Энхжаргал геологийн инженер бол дунд хүү Ц.Энхбаяр нисэхийн инженер, харин бага хүү Ц.Энхтүвшин барилгын инженер мэргэжилтэй. Д.Цэрэндавга гуай “Геологийн есөн эрхэм”-ийн нэгд орсон байдаг бөгөөд маш олон талын авьяас чадвартай хүн байсан талаар П.Бямбадорж гуай дурсан ярьсан юм. Анх ажлын гараагаа багшийн мэргэжлээр эхэлсэн хань Д.Цэрэндагва маань сайн геологичоос гадна олон төрлийн авьяастай хүн байсан.

Шүлэг бичнэ, фото зураг авна, зураг зурж тэмдэглэл хөтөлдөг. Бага хүүгээ төрөхөд хүүгийнхээ нэрний эхний үсгээр шүлэг зохион бичиж үлдээснийг хожмоо хүүдээ өгсөн. Өвчний улмаас нэлээн эрт бурхан болсон юм” гэж ярив. П.Бямбадорж гуай нас эртдүүхэн ханиасаа өнчирч нялх бага гурван хүүтэйгээ үлдсэн үеэ дурсан ярихдаа “Сайн ах дүү, сайн найз нөхөд, ажлын буян дэмжлэгээр газардаагүй ээ. Их ч завгүй ажиллана. Өглөө ажилдаа гарахдаа хүүхдүүддээ захидал бичиж үлдээгээд явдаг байлаа” гэж дурссан. Бага хүү Ц.Энхтүвшин ярихдаа “Миний бага нас цэцэрлэгийн техникумын сургууль дотор өнгөрсөн. Ээжийгээ дагаад сургууль дотор гүйж явдаг. “Ээж ээ хэзээ дэвтэрнүүдээ засах вэ” гэж асуугаад л. Бидний яриа дандаа л сургуулийнхаа тухай байсан” гэж хуучлав. Тэтгэвэртээ гарч 80 насыг дөхөж яваа ч П.Бямбадорж гуай одоо гэртээ зүгээр сууна гэж байхгүй.

Ахмад, залуу багш нартаа зөвлөгөө өгөх, курс, дипломын ажил хамгаалж буй оюутнуудад зөвлөмж өгөхийг хичээдэг байна. “Тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх нь” багш нарт зориулсан гарын авлагаа одоо бичээд дуусч байгаа гэнэ. Цаг үргэлж ажиллаж, бага боловсролын талаар анхаарч санаа зовнидгийн хувьд цэцэрлэгийн багш нартай холбоотой сэтгэл зовнисон мэдээллүүдийг сонсохоороо хямардаг гэж ярив. Мэргэжлийн хүмүүс энэ салбарт маш чухал. Хүүхдэд хайртай, ажилдаа дуртай хүн хамгийн сайн ажиллаж чадна. Хүн гэдэг сэтгэлээсээ бүхнийг хийхэд л ажил, амьдрал нь өөдрөг явдаг юм даа гэж ярив. Өдгөө Д.Цэрэндагвын гурван хүү нь бүл нэмж өнөр өтгөн болж есөн ач, зээтэй болжээ.

Д.Цэрэндагва гуайн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн бурхан тахилыг ихэд хүндлэн залдаг аж. Үүнээс дутуугүй бас нэг “бурхан” бий. Тэр нь аавынхаа зургийг гурван хүү нь бурхан мэт шүтэж, хөдөө гадаа хол ойр явах үедээ аавынхаа зургийн өмнө заавал ирж мөргөчихөөд явдаг тухайгаа ярив. Амьдралын жаргал, зовлонг үүрч хатуу хөтүүг туулж ирэхдээ олон сайхан шавь нараараа хүрээлүүлсэн Монгол Улсын гавьяат багш Пүрэвжавын Бямбадорж гуайн гэрт нь нэг өдөр зочилж аж төрлийн намтар түүхээс цухасхан хуваалцсан нь энэ билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *