Дэлхийн өсвөр насны хүүхдийн тал хувь нь үе тэнгийнхэн болон сургуулийн орчинд хүчирхийлэлд өртсөн байдаг (UNICEF 2019).
Тайлангаас харахад, ялангуяа 13-15 насны хүүхдүүдийн тал хувь буюу 150 сая хүүхэд хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Үүнд, зодуулах, хэл яриа, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт зэрэг багтана.
Хүүхдийн өсөх, хүмүүжих, сурах орчин хамгийн аюулгүй байж бид аюулгүй, аз жаргалтай,эрүүл нийгмийг бүтээх боломжтой. Хүүхэд гэртээ, сургуульдаа, нийгэмдээ цаашлаад цахим орчинд (online) аюулгүй байх ёстой гэсэн үг.
Харин дэлхий нийтээрээ эдгээр орчин хүүхдийн эсрэг хамгийн аюултай орчин болж хувирсаар байгааг өмнө болон цар тахалтай үеийн амьдрал харуулав. Одоо бид яах вэ? Яаж хайртай хүүхдүүдээ хамгаалж, өсгөж, сургах вэ гэсэн асуултуудтай өдөр тутамдаа тулгарч байна.
Саяхны БНСУ амьдардаг охин бие махбодын хүчирхийлэлд өртсөн явдал нь манай нийгмийг цочроосон томоохон хэрэг боллоо.
Ялангуяа тус улсад амьдардаг эцэг, эхчүүдийн дунд хүүхдүүдээ солонгос сургуульд явуулах уу? Одоогийн хүүхдүүд ямар аймаар, хүнлэг биш болоо вэ, Солонгос хүүхдүүд ямар муухай юм уу? Зодсон дээрэлхсэн хүүхдүүдийг нь шийтгэ, ял өг зэрэг маш олон асуулт, сөрөг сэтгэгдлүүд гарч байлаа.
Үе тэнгийн хүүхдүүдийн хоорондын хүчирхийлэл нь зөвхөн өнөөдөр бий болсон асуудал огт биш юм. Өмнө байсан ч хүн бүрд нээлттэй биш хаагдмал мөн харилцаа холбооны асуудлаас үүдэлтэй далд шинжтэй байсаар ирсэн. Хүүхдээ хамгаалахыг, сурч боловсроход нь анхаарч байгаа бол өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийх хэрэгтэй.
Жишээ нь, орчин үетэйгээ хөл нийлж, хүүхдийнхээ насны нийгэм – соёлыг ойлгож, сургуулийн орчин, ялангуяа сургуулийн орчин дахь хүчирхийлэл, асуудлуудын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, үзэл хандлагаа өөрчилж, хүүхэдтэйгээ хамтдаа хичээсэн цагт таны хүүхэд болон эргэн тойрон нь аюулгүй өсөж сурч боловсрох болно.
Сургуулийн хүчирхийлэл гэж юу вэ?Сургуулийн хүчирхийлэл гэдэг нь сургуулийн орчинд хүүхдийн бие махбод болон сэтгэл зүйд санаатайгаар хүч хэрэглэх үйлдэл юм.
Сургуулийн хүчирхийлэл нь олон төрөлтэй болсоор байна. Үүнд,
- бие махбод (түлхэх, цохих, чимхэх, өшиглөх, зодох),
- дээрэлхэх (бие махбод болон сэтгэл зүй),
- хэл яриагаар доромжлох,
- цахим дарамт (мөшгөлт, сүрдүүлэх, айлгах, шоолох, ичээх) зэвсэг хэрэглэх зэргийг хамруулдаг.
Дэлхийн хөгжилтэй орнууд жил бүр сургуулийн хүчирхийллийн судалгааг явуулж, харьцуулснаар урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байна. БНСУ-ын Боловсролын яамнаас жил бүр явуулдаг “Сургуулийн хүчирхийллийн баримтын судалгаа”-ны 2021 оны эхний хагасын харьцуулсан судалгааны үр дүнгээс хэдхэн тоог задалж харъя.
Энэхүү судалгааг КОВИД-19-ийн нөхцөлд сайн дурын үндсэн дээр, онлайнаар нийт 3,440,000 сурагч хамрагдсан ба 2020 оны судалгаатай харьцуулахад 6.2%-аар (490,000 хүн) нэмэгдсэн. Сургуулийн хүчирхийллийг төрлөөр нь авч үзвэл (график 1) хэл ярианы хүчирхийлэл бага (цэнхэр өнгө), дунд (улбар шар өнгө), ахлах ангийнханд (саарал өнгө) хамгийн их байдаг байна.
Үүний дараагаар дээрэлхэх, цахим дээрэлхэлт, бие махбодын хүчирхийлэл, мөнгө нэхэх, бэлгийн, тулган шаардах зэрэг хүчирхийллийн хэлбэрүүд багтдаг байна. Ихэнх эцэг эхчүүд дунд ангиас эхэлж хүүхдүүдийн хооронд харилцаа,ялгаварлан гадуурхалт, сургуулийн хүчирхийллийн асуудлууд үүсдэг гэж үздэг ч судалгаанаас үзэхэд бага ангид сургуулийн хүчирхийлэл хамгийн их байдаг ба анги ахих тусам буурдаг болохыг харуулжээ. (график 2).
Судалгааг хохирогч, хохироогч, харсан буюу гэрч гэсэн гурван байр сууринаас авахад сурагч хүүхдүүд харснаа мэдээлэх, бие биедээ туслахыг илүүд үздэг болсныг судалгааны үр дүн харуулж байна.
Жишээ нь, зодооныг харсан тохиолдолд “бусдад хэлэх эсвэл тусална” гэсэн хариулт 69.1% байсан нь 2020 оны судалгаатай харьцуулахад 5.6%, харсны дараа “Би юу ч хийж чадаагүй” гэсэн хариулт 29.9% байсан нь 4.7% -аар буурсан байна.
2020 оны судалгаагаар “Хүчирхийллийн талаар мэдээлсэн” гэж хариулсан сурагчдын эзлэх хувь 89.3% байгаа нь 2020 оны судалгаатай харьцуулахад 6.9%-иар өссөн байна. Энэ нь эцэг эх, багш, сургууль, иргэний байгууллага, засгийн газрын уйгагүй хамтрал, хүчирхийллийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг харуулж байна гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.
Сургуулийн хүчирхийллийн хохирогчдын:
Сургуулийн хүчирхийллийн хохироогчийн хариулт:
Сургуулийн хүчирхийллийг харсан буюу гэрч хариулт График 2:
Сургуулийн хүчирхийлэл нь зөвхөн зодуулах, дээрэлхүүлэх бус зодуулахаас ч илүүтэйгээр нүдэнд үл үзэгдэх байдлаар өдөр шөнөгүй 7/24 хүүхэд тань хүчирхийлэлд өртөж эсвэл бусад хүүхдийг хүчирхийлж байхыг ч үгүйсгэхгүй юм. Тиймээс сургуулийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол нийгмийн анхдагч орчин болох “гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аав ээжийн хайр халамж” гэдгийг судалгааны үр дүнгүүд тодотгожээ.
Гэмт хэрэгт холбогдсон, хүн, байгаль болон нийгмийн эсрэг үйлдэл хийдэг, зан төлөвийн өөрчлөлттэй хүүхдүүдийн дийлэнх хувь нь өөрийгөө буруутгасан, голсон, гэр бүлийн сөрөг уур амьсгалын нөлөөнөөс болсон байдаг.
Эсрэгээрээ гэртээ аюулгүй, тайван байдлыг мэдэрдэг хүүхэд амжилттай сурч, нийгэмшиж, өөртөө итгэлтэй, сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай хүн болдог.
Хүүхдээ хөлд орж хол явахаас нь өмнө ном уншиж, ярилцаж, инээж, халуун энгэртээ тэвэрч үнсэж, том болох тусам нь эхлээд өөрөө өөрийгөө болон бусдыг хэрхэн сонсох, хүндлэх, хайрлахыг эцэг эхчүүд өөрөөрөө үлгэрлэн харуулж, зааж сургаж эерэг, хүнлэг, энэрэнгүй хүн болон төлөвшихөд нь Та туслаарай.
Ёнсэй их сургуулийн докторант, сэтгэл судлаач Б.Үүрцайх