Дэлхий нийтээр “Тамхины эсрэг өдөр”-ийг тавдугаар сарын 31-ий өдөр тэмдэглэн, тамхины хор уршигийн талаар таниулан урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлдэг. Манай улсад ч ялгаагүй тамхины эсрэг өдрийг маргааш тэмдэглэх гэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг, үүнээс 17.2 хувь нь 15 наснаас өмнө нэг ширхэг тамхи татаж үзсэн гэсэн дүн гарчээ. Тамхины эсрэг өдрийг тохиолдуулан Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхийн холбоо, School police төв хамтран хэд хэдэн уриалгыг гаргаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын эцэг эхийн холбооны тэргүүн Б.Алтанжолоо “Насанд хүрээгүй хүнийг тамхи татахыг хуулиар бүрэн хориглож өгөөч. Тамхины хяналтын тухай хуульд зөвхөн тамхи татаж болохгүй газруудыг л зааж өгсөн. Тамхи татаж болохгүй газар л хүүхэд татаж болохгүй, хориглоогүй газар бол тамхи татаж болно гэж ойлгогдож байна. Эцэг, эхчүүдийн зүгээс хараа хяналт тавиагүй байж загнах гэх мэт хүчирхийлэл гарах магадлалтай. Иймээс манай гурван байгууллага хамтран тамхины эсрэг “Хүүхдийг соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны төв” байгуулж болсон. Хүүхэд өртөж болох төрөл бүрийн хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийж мэдээллээр хангаж ажиллана” гэлээ.
Мөн “School police” төвийн нарийн бичгийн дарга Г.Төгсөө “Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон байдаг болов ч хууль хэрэгжихгүй байна. Тухайлбал 500 байтугай 200 метрийн зайд тамхи ширхэгээр худалдаалж байдаг. Энэ мэтчилэн асуудлуудыг хууль болон хүчний байгууллагаар шийдэж өгөөсэй” гэв.
Тамхины эсрэг өдрийг тохиолдуулан дээрх гурван байгууллагаас дараах уриалга, санаачилгыг гаргаж байна.
- Насанд хүрээгүй хүнийг тамхи татахыг бүрэн хориглох, хуулийг шинэчлэн өөрчлөх
- Насанд хүрээгүй хүүхэд тамхи татвал эцэг эхэд нь хариуцлага тооцож тамхи татсан хүүхдэд тусгайлан соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тогтолцоог бий болгох, тамхины хор хөнөөлийг ойлгуулах
- Сургуулийн болон бусад орчинд тамхи ширхгээр худалдахгүй байх, худалдсан тохиолдолд үйлдвэр, үйлчилгээ явуулах эрхийг хасах, тусгай зөвшөөрлийг цуцлах
- School police эцэг эхийн эргүүл цаашид тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулах