УИХ-ын гишүүдэд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван ажлын хэсгийн зорилго, чиглэлийн дагуу боловсролын салбарын худалдан авах ажиллагааны мэдээг 2021 оны наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар танилцууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эрх шилжсэн нийт 31 ажил байгаа бөгөөд төсөв өртөг нь 19.8 тэрбум төгрөг юм байна. Үүнээс 9 ажилд гэрээ байгуулах эрх олгож, 3 ажилд гэрээ хийгдэж, 14 ажилд тендерийн материал хүлээн авч байгаа бол үнэлгээ хийгдэж байгаа 5 ажил байна. Төрлөөр нь авч үзвэл сургууль, цэцэрлэгийн засвар 13, тоног төхөөрөмж худалдан авалт 5, сургуулийн барилга 1, цэцэрлэгийн барилга 4, сургуулийн өргөтгөл 1, сургуулийн автобус 1 буюу дийлэнх нь засварын ажил байгааг танилцууллаа.
Худалдан авалттай холбоотой төрийн бүх байгууллагын уялдаа холбоо муугаас шалтгаалан сургууль, цэцэрлэгийн барилгын бараг 20-иод төсөл гацаанд оржээ. “Газрын асуудал нь шийдэгдчихсэн, бага хувьтай гэлтгүй гүйцэтгэл хийгдчихсэн хэрнээ гацчихсан төслүүдийг нэн түрүүнд дуусгах нь бидний зорилгын нэг болж харагдлаа” гэж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэллээ.