“Ардчилсан оюутны холбоо”-ноос сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбоотой их, дээд сургуулиудад албан тоот бичиг хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Манайд хувийн болон улсын 96 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна.
“Ардчилсан оюутны холбоо”-ны ерөнхийлөгч Н.Лхагвадорж “Манай холбооноос албан тоот бичгийг их, дээд сургуулиудад хүргүүлсэн. Хариу ирүүлсэнсургуулиудаас харахад төлбөр нэмэж байгаа нь багшийн цалинг нэмэх, сургалтын орчин сайжруулах, оюутны тэтгэмжид зарцуулна хэмээсэн байна. Их, дээд сургуулиуд жил бүр төлбөрөө нэмдэг. Төлбөр нэмэгдснээр оюутнуудын сургалтын чанарт ямар өөрчлөлт гарах талаар мэдэх хэрэгтэй. Өнөөдөр Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд Ц.Цогзолмаад албан тоот бичиг хүргүүлнэ. Бидэнд ямар нэгэн хариу өгөхгүй бол энэ баасан гарагт оюутнууд, багш нартай хамтран тайван жагсаал хийнэ” гэдгээ мэдэгдлээ.
Мөн энэ үеэр “Ардчилсан оюутны холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Золжаргал ярихдаа сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхдээ гурван талын гэрээнд үндэслэх ёстой. Сургуулийн зүгээс оюутнуудаас төлбөр нэмэх талаар санал асуудаггүй, сургалтын төлбөрөө төлөөд сургуульдаа сур гэх шаардлагыг тавьдаг байна. Оюутнуудааар бизнес хийж мөнгө олохоо болиоч ээ. Сургалтын төлбөрөө дахин шинэчилж өөрчлөхийг шаардаж байна” гэв.
С.ОЮУНЖАРГАЛ