Хууль сахиулахын их сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгчид өдгөө цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж буй. Өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн тус сургалт наймдугаар сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гүнжийн хоолой дахь Их сургуулийн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд суралцагчдын эцэг, эх, ах, дүү, найз нөхдөд дээрх төвийн үйл ажиллагаа, тэдний суралцаж буй байр, сургалтын орчин, хоол, орчныг танилцуулах “Нээлттэй хаалга” өдөрлөг боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд Хууль сахиулахын их сургуулийн удирдлагууд, сургалтын төвийн нийт бие бүрэлдэхүүн, суралцагчдын ар гэрийн төлөөлөл болох 600 гаруй хүн оролцов.
Энэ үеэр Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ суралцагчдад сурлагын амжилт хүсч, жилээс жилд ХСИС-д элсэн суралцах хүсэлтэй охид, хөвгүүдийн тоо нэмэгдсээр байгааг онцоллоо. Мөн өөрийн сул тал, муу зуршлаасаа салахыг элсэгчдэд үүрэг болгон, Их сургуулийн хувьд сонсогч, суралцагчид эрхэм болохыг сануулсан юм.
Элсэгчид биеийн тамирын дасгал хөдөлгөөн, урлагийн тоглолт, сурч мэдсэн бүхнээ хуран чуулсан зочдод сонирхууллаа.
Суралцагчдын ар гэрийнхэн тус төвийн хичээл сургалтын явц, суралцагсдын байртай биечлэн танилцаж, элсэгчдийн өдрийн хоолноос амтлав.
Өдгөө тус сургалтын төв нь контейнер хаус, байр, хоолны заал, хичээлийн танхим, биеийн тамирын талбай, жагсаалын талбай, буудлагын талбай, зэвсэгийн агуулах бүхий орчинд сургалт явуулж байна.
Энэ үеэр мөн суралцагчид тэдний ар гэрийнхний дунд буухиа хөгжөөнт тэмцээн зохиогдсон юм. Суралцагчдын эцэг, эх ар гэрийнхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
ХСИС-ийн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд 400 гаруй суралцагч тус сургуулийн Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургуульд элсэн суралцаж байна.
Тэд сургалтын хугацаанд цэргийн хэргийн мэдлэг, цэргийн жагсаалын дүрэм, галын бэлтгэл, сэтгэл зүй, биеийн тамир гэсэн хичээлүүдийг үзэж судлах юм. Мөн элсэгчдийг цэргийн албаны мөн чанар, багаар ажиллах чадварт суралцуулах, дүрмээр харьцах соёл, эх оронч үзлийг төлөвшүүлж, сэтгэл зүйн хувьд албаны ачаалал даах чадвар эзэмшүүлдэг байна.
Цэргийн гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны одонт Хууль сахиулахын их сургууль нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдлын, Шүүхийн шинжилгээний байгууллагын боловсон хүчний 80 гаруй хувийг бэлтгэн гаргадаг Монгол Улсын ууган сургуулиудын нэг билээ.
“Нээлттэй хаалга” өдөрлөгийн үеэр суралцагчийн ээж Ц.Тунгалагтуяа ийнхүү ярилаа.
Миний хүүг Бат-Оргил гэдэг. Сургалтын төвийн нэгдүгээр салаанд байрлан суралцаж байгаа. Би өмнөх удаагийн эргэлтээр хүүгээ гаднаас нь харсан. Харин өнөөдөр хүүгийнхээ ямар орчинд амьдарч, хэрхэн суралцаж, хүмүүжиж байгаатай нь биечлэн танилцлаа. Мөн тэд өдөр тутамд ямар хүнс хэрэглэдгийг сонирхож, өдрийн хоолноос нь амталсан. Тохилог орчинд амьдардаг юм байна. Үнэхээр сэтгэл өндөр байна. Дээр нь ХСИС-ийн бие бүрэлдэхүүн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд суралцаж буй элсэгчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын зэрэгцээ цэргийн штаб байдгийг мэдлээ.
Хүүгээ их санаж байна. Хүү маань богино хугацаанд их зүйлийг сурчээ. Нийт бүрэлдэхүүнд талархсанаа хэлье гэв.