Categories
мэдээ цаг-үе

Сурагчид баг болж, онлайнаар багштайгаа холбогдон ЭЕШ-даа бэлдэж байна гэв

Монгол Улсын зөвлөх багш Н.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Шинэ төрлийн коронавирус гарсантай холбогдуулан өнгөрсөн нэгдүгээр сараас цахим хичээл явагдаж эхэллээ. Таны хувьд түүх нийгмийн хичээл заахад бэрхшээл гарав уу?

-Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн цахим хичээлийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр заах тушаалын дагуу ажиллаад бүтэн гурван сар болсон байна. Миний хувьд дунд сургуулийн түүх, нийгмийн ухааны хичээлийг заадаг. Нийгмийн ухааны хичээл хүүхдийг нийгмийн бодит байдалд шинжлэх ухаанч аргаар хандах, нийгэмдээ оролцоотой, хариуцлагатай, бие даасан, цаашид суралцах мэдлэг чадвартай иргэн болгон төлөвшүүлдэг. Ер нь эхний хугацаанд бага зэргийн бэрхшээл байсан. Техник төхөөрөмж рүү харж хичээлээ заана. Урьдны адил хүүхдүүдтэйгээ нүүр тулж ярьж, тайлбарлаж чадахгүй нэг ёсондоо амьд орчин байхгүй. Гэхдээ одоо бол дадлагажчихсан. Сурагчдынхаа хичээлийг тасалдуулахгүйн тулд их ачаалалтай ажиллаж байна.

-Энэ жил ЭЕШ-ыг заавал судлах хичээлийн хүрээнд авч байгаа шүү дээ. Тэгэхээр сурагчид нийгмийн ухааны хичээлээ сайн давтах шаарлагатай байх?

-Тэгэлгүй яахав. Нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгөх хүүхдүүд арав болон арваннэгдүгээр ангийн нийгмийн ухааны хичээлийг маш сайн үзэх шаардлагатай. Тийм учраас бид сонгон судлах, заавал судлах аль ч хүрээнд суралцахуйн зорилтын дагуу телевизийн хичээлүүдээ хүргэж байна. Мөн цахим хичээл заахын хажуугаар ангийнхаа хүүхдүүдтэй холбогдон ажиллаж байна.

– Танай ангийн хүүхдүүд цахим хичээлдээ хэр идэвхтэй байгаа вэ. Багш нар ч мөн даалгавраа цаг тухайд нь шалгаж эргэх холбоотой ажиллаж байгаа байх?

– Би наймдугаар ангийн хүүхдүүд дааж авсан. Манай анги 32 хүүхэдтэй. Мэдээж сурагчидтайгаа онлайнаар харьцаж байгаа. Мөн эцэг, эхийн зөвлөл, ангийн даргатайгаа холбогдож хүүхдүүдийг багт хуваарилсан. Хүүхдүүд гурав дөрвөөрөө баг болж онлайнаар ЭЕШ-аа бэлдэж байна. Жишээлбэл, хоёр сайн сурдаг хүүхдэдээ ангийнхаа таван хүүхдээ хариуцуулаад мэдэхгүй чадахгүй юмаа бие биедээ зааж хамтарч хичээлээ хийх байдлаар баг болгосон. Ингээд багийн дарга нар маань хичээлээ хийж байгаа үгүйг мэдээллээд явж байна. Үүний хажууугаар дунд сургуулийнхаа 400 гаруй хүүхдүүдтэй ажилладаг. Анги удирдсан багш нартай нь холбогдож, теле хичээлээ идэвхтэй үзэж байгаа эсэх дээр хяналт тавьдаг.

-Танай ангийн 32 хүүхдэд бүгд теле хичээлдээ хамрагдаж байгаа юу?

-Манай ангийн 32 хүүхдээс 30 хүүхэд нь теле хичээлээ бүрэн үзэж байгаа. Хоёр хүүхдийн нэг нь хөдөө явсан нөгөө нь эмнэлэгт хэвтсэн. Ер нь манай “Шавь” цогцолбор сургуулийн сурагчид теле хичээлдээ сайн хамрагдаж байгаа гэсэн үзүүлэлт гарсан. Гэхдээ цаг агаар дулаарсантай холбоотой ч юмуу, эхний улирлын голчоор дүн гаргана гэсэн болохоор ч тэр үү ирц сулрах хандлага ажиглагдлаа. Гэхдээ хүүхдүүдийн хандлага харилцан адилгүй л дээ.

-Зарим хүүхэд интернэттэй газар байсан ч цахим хичээлээ үзэхгүй байна шүү дээ?

-Ер нь сурагчдын сурлагад эцэг эхийн оролцоо маш чухал. Боловсролын системд багш нарын оролцоо чухал, багш нараас бүх юм шалтгаална гэж ярьдаг боловч багш, сурагч, эцэг эх гэсэн гурвалсан холбоотой ажиллах нь зүйн хэрэг. Энэ жилээс ийм гурвалсан гэрээнүүд ч хийгдсэн шүү дээ. Одоо онлайнаар эцэг эхийн хурал хийж намар байгуулсан гэрээгээ дүгнэнэ. Ер нь бүх сургуулиуд гурвалсан гэрээ байгуулбал их зүгээр. Үүний үр нөлөөнд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сурлага боловсролд маш сайн анхаарч эхэлнэ. Цахим хичээл үзэж байгаа энэ хугацаанд ч эцэг эхчүүд хүүхдүүддээ маш сайн анхаарал тавих хэрэгтэй. Өвсөр насны хүүхдүүд гадуур их явж байна гээд мэдээгээр яриад байна. Аль аль талдаа анхаарах хэрэгтэй. Боловсролын систем бол теле хичээлийг тасалдуулахгүйгээр хүүхдүүддээ системтэйгээр мэдлэг өгөх зорилготой. Тийм учраас эцэг эхчүүд үүнд нь туслаад хүүхдийнхээ хичээлийг хамт хийх, мөн Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвөлмж зөвөлгөөнүүдийг нягталж мөрдөж ажиллаасай гэж багш хүний хувьд хүсч байна.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *