Монгол хүн Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна.
Тус холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр үндэсний хэмжээнд улсын аварга шалгаруулах тэмцээнийг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангилалд зохион байгуулсаар иржээ.
Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, Кёкүшюзан Д.Батбаяр “Анх 26 жилийн өмнө Японд зургаан хүүхэд очоод жил болж байхад Сүмо бөхийн холбоо байгуулагдсан түүхтэй. Тэр зургаан хүүхдийн нэг нь би. 23 жилийн өмнө энэ холбооныхон надад тамгаа гардуулж өгч байсан. Тэр цагаас хойш 30-аад Монгол залуусыг мэргэжлийн сүмод орох үүд хаалгыг нээж өгсөн. Энэ залуусаас Японы мэргэжлийн сүмогийн Их аварга, арслан, заанууд төрөн гарч Монгол улсын нэрийг дэлхий дахинд дуурсгасаар байна. Одоогоор дөрвөн аварга төрөөд байгаа. Дэлхийд тэр дундаа Японд Монгол гэж ямар улс орон байдгыг таниулж, мэдрүүлж өглөө. Японы үндэсний спорт сүмо Монголооор амьсгалж байна.” гэв.
Монголын сүмо бөхийн холбоо 25 жилийн ойн хүрээнд олон тэмцээн, уралдаан зохион байгуулахаар болжээ. Түүний нэг нь хүүхдүүдийн гар зургийн уралдаан юм. Уралдаанд 8-16 хүртэлх насны хүүхдүүд оролцох юм байна.
Гар зургийн аль ч төрлөөр оролцож болно.
А3-аас дээш хэмжээтэй цаасан дээр зурсан байна.
Зургийн ард өөрийн Овог нэр, Нас, Хаяг, Холбоо барих утасны дугаарыг тодорхой бичих
Уралдааны шагналын сан:
Нэгдүгээр байр: Япон улсад аялах, Дисней лэнд үзэх эрх
Хоёрдугаар байр: Iphone X гар утас
Гуравдугаар байр: 500,000 /таван зуун мянган/ төгрөг
Шагналт байр: 2 хүүхэд тус бүр 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг
Уралдааны материал хүлээн авах хугацаа, хаяг:
Уралдааны материалыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг хүртэл Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 25-р эмийн сан, “Кёкүшю тауэр”-ын 1 давхарт хүлээн авах аж.
Мөн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн дунд ч “Миний мэдэх сүмо 25” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлажээ. Шилдэг бүтээлийн эзэнд Япон улсад аялж, башё үзэх эрх, удаах байруудад Iphone X гар утас, таван зуун мянган төгрөгөөр урамшуулах аж.