Categories
мэдээ нийгэм

Сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин олголоо

Нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрчээ.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин иргэдэд төрийн болон эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Улсын нөөцөөс 11 аймгийн 15 суманд туулах чадвартай 15 автомашиныг олгохоор шийдвэрлэсэн.

Эдгээр УАЗ маркийн автомашинуудыг өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга Я.Гантөмөр нар орон нутгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Засгийн газраас гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад тухайн орон нутаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн малын тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *