УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Х.Нямбаатар танилцуулсан. УИХ-ын энэ сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Ажлын баг төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийсэн байна. Мөн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу хуулийн төслийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдсөн нөхцөл үүссэн гэж ажлын хэсгээс үзсэн тул Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөлд нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын Тамгын газар эсхүл тус Тамгын газрын хуулийн мэргэжилтэн нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх болсонтой холбоотойгоор үүрэг гүйцэтгэгч Засаг даргын Тамгын газрын тамгыг хэрэглэхгүй, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу тамга, баталгааны тэмдэг хэрэглэх, мөн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нотариатын үйлчилгээг албан татвараас чөлөөлөх заалтыг нэмж тусгах саналыг тус тус гаргасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авав. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав,Нотариатчгүй сум, орон нутгийн тамгын газрын дарад байсан нотариатын эрхийг тус тамгын газрын хуулийн мэргэжилтэнд давхар гүйцэтгүүлж байгааг хэрхэн зохицуулсныг тодруулав. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хуулийн өөрчлөлтөөр, Нотариатын танхимын удирдлагыг нэг удаа дөрвөн жилийн хугацаатай сонгодог байхаар тусгажээ. Нотариатын үүрэг гүйцэтгэгч нь нотариатгүй суманд үүрэг гүйцэтгэх эрх эдэлдэг. Түүчнлэн хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газарт томилуулж ажиллуулдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр, нотариатчын үүргийг зөвхөн сум орон нутгийн ЗДТГ-ын дарга биш, хуулийн мэргэжилтэн нь гүйцэтгэх боломж бий болгосон. Үүнийг дагаж хууль зүйн асуудал эрхэлсэн захиргааны төв байгууллагаас тусгай тамга, тэмдэг олгох журам баталсан. Гишүүдээс цахим мэдээллийн санг хэрхэн зохицуулах талаар тодруулж байв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Цахим сангаар төрийн бүртгэлийг уялдуулах хууль батлагдсан. Энэ хууль гарснаар нотариатаар үзүүлж байгаа үйлчилгээ Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж, шилждэг байхаар зохицуулсан. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуулийн төсөлд нотариатч заавал хуульч байх шаардлага тавьсан гэдгийг тодотгоод, одоо ажиллаж байгаа хуульчийн гэрчилгээгүй нотариатчын асуудлыг хэрхэх талаар асуув. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Хуульчийн гэрчилгээгүй 13 нотариатчын асуудлыг анхны хэлэлцүүлгээр ярьсан. Гишүүдийн гаргасан саналаар, тэдгээр хүмүүст нотариатчын эрхийг олгох шийдэлд хүрсэн” гэв. Ийнхүү санал хураахад 74.4 хувийн саналаар Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.