Монголын сүм хийдүүдийн тухай цогц мэдээллийг агуулсан www.mongoliantemples.org цахим хуудас нээгджээ.
“Монголын сүм хийдийн түүхэн товчоо” төслийн хүрээнд Монголын Урлагийн зөвлөл болон олон улсын судлаачдын олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд бүтээсэн уг цахим хуудаснаа Монголын 1000 гаруй сүм хийдийн бүртгэл мэдээлэл, тухайлбал өдгөө зөвхөн ул мөр нь л үлдсэн түүхэн хийдүүд, тэдгээр хийдэд шавилан сууж байсан олон зуун өндөр настнуудын дурсамж, түүхэн аман эх сурвалж, гэрэл зургуудыг олон нийтэд хүргэж эхлээд байна.
Уг цахим хуудаст 1939 оноос өмнөх 1000 гаруй сүм хийд, 1990 оноос хойш шинээр сэргээсэн 300 гаруй сүм хийдийн мэдээлэл, гэрэл зураг, товч түүх, газарзүйн солбилцол, 500 гаруй дурсгалт газрын план зураг, 350 гаруй хүнээс авсан ярилцлага буюу сүм хийдтэй холбогдох аман түүх, сүм хийдийн 60 орчим эртний түүхэн гэрэл зургууд, мөн 1930 онд улс орон даяар явуулсан сүм хийдийн талаарх судалгааны тайлангийн зарим хэсэг, Монголын нэр хүндтэй том хутагт хувилгаад, эрдэмтэн лам нарын талаарх мэдээллийг байршуулжээ.
Монголын сүм хийдийн тухай судалгаа явуулах, мэдээлэл цуглуулах төслийн анхны санааг Монголд ажиллаж амьдарч байсан АНУ-ын иргэн, ХААН Банкны гүйцэтгэх захирал асан Питер Морроу, Төвдийн сангийн Монгол дахь Бурханы шашны төсөлд ажиллаж байсан Их Британийн иргэн, антропологич Сью Бөрн нар гаргаж, уг санаачилгын хүрээнд 2004-2006 онд Төв аймаг болон Их хүрээний сүм хийдүүдийн талаарх судалгааг Унгарын судлаач Кристина Телеки, Жуужаа Маер тэргүүтэй олон улсын судалгааны баг хийсэн юм байна.