Өнгөрсөн бямба гаригийн өглөөний 07.40 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний Hyundai Bus маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу онхолдсон ослын улмаас 6 хүн нас барж 44 хүн гэмтсэн хэрэг гарсан. Ослын шалтгааныг тогтоох, осолдсон хүмүүсийн нөхөн олговрыг хэрхэх зэрэг олон асуудлыг шийдэх үүрэгтэй ажлын хэсэг ажлаа эхэлжээ. Ажлын хэсгийг Зам тээврийн дэд сайд ахалж байна. Хэргийг шалгах явц, осолдсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллахаар Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Улаанбаатарт онгоцоор иржээ.