Сүхбаатар аймгийн хэмжээнд 2022 онд нийт 116 зам тээврийн осол гарсны улмаас 8 хүн нас барж, 25 хүн хүнд болон хөнгөн гэмтэж, иргэд байгууллагад эд хөрөнгийн их хэмжээний хохирол учирсан ноцтой осол аваарууд гарчээ.
Дээрх зам тээврийн осол аваарын үндсэн шалтгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэн зэргээс үүдэлтэй. Сүхбаатар аймгийн хэмжээнд зам тээврийн осол аваарыг бууруулах, урьдчилсан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэх хэсэгчилсэн арга хэмжээг 2022 оны 12 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр зөвхөн нэг сарын хугацаанд гэхэд Сүхбаатар аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэн, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 376 зөрчил илэрсэн байна.
Цаашид аймгийн цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр жолооч, явган зорчигчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг аймгийн хэмжээнд таслан зогсоох, “Хариуцлагатай жолооч хар хайрцагтай” уриалгыг хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаагаа Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Алтансүх хэллээ.