Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатар аймгийн анхны тод манлай уяач С.Төмөр-Очирынд өнжлөө

С.Төмөр-Очир уяач инээд хөөр, баяр баясгалан дүүрэн сууж байна лээ. “Амьдралынхаа ихэнх цаг хугацааг адуутай холбосон аж. Олон шөнө нойргүй хонож, адууны захад явсны үр дүн гардаг л юм байна. Алтан туурайт ажнай хүлгүүдийн минь сүлд хийморь тэтгэлээ. Төрийнхөө буян хишгийг хүртлээ” хэмээн тод манлай уяач ярьж сууна.

Хурдны эх өлгий нутаг Сүхбаатар аймгаас бичин жилийн босгон дээр анхны Монгол Улсын тод манлай уяач тодорсон билээ. Сайрийсүрэнгийн Төмөр-Очир Монгол Улсын 30 дахь Тод манлай уяач болсон юм. Цагаан сарын өмнө цол тэмдгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардан авчээ.

Ирж буй цагийн эрхээр байгаль дэлхий өнгөө сольж, ногооны түрүүч үндсээ түрэн ургажээ. Малчны хотонд төлийн дуу цангинаж, хээр талд гүү унагалж буй хаврын дунд сарын сүүлчээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Улаан чулуутын энгэрт хаваржиж байгаа С.Төмөр-Очир уяачийн гэрийг зорьсон юм. Сумын төвөөс дөнгөж нар мандаж байхтай зэрэгцэн хөдлөөд цаг орчим давхиад л гэрийнх нь гадаа буув аа. Тод манлай уяач маань хэдийнэ босжээ. Хурдан морьдынхоо тэжээлийг өгөөд саравчин дотроо зогсож байлаа. Мэнд мэдэлцээд гэрт нь өнжиж, сурвалжлага хийх гэж байгаа тухайгаа хэллээ. “Харин манай эхнэр тулгаж хэллээ. Гэр орноо янзлах байсан юм гээд сандарч гүйгээд л байх шиг байна. Ах нь ямар гэрийн ажилд ойртох биш. Үүрээр хэдэн адуун дээрээ очоод ирлээ. Гурван ч гүү унагалах дөхчихсөн байгаа юм. Яаж байгаа бол. Хальстай төрөөд унага нь бүтчих вий гээд санаа зовоод нойр хүрэхгүй юм. Ах нь өдийд гэртээ орно гэж байхгүй. Дандаа л адууныхаа захад зогсож байна. Хэдэн унаганыхаа халуун чихийг атгаад авчих юм бол энэ жилийн ажлын үр дүн гарна” хэмээн ярив. Хурдны эх өлгий нутаг зүүн гурван аймгийнхан өдийд адууныхаа дэргэдээс сална гэж байхгүй. Унага болгон нь хурдан удмын угшилтай. Хэдэн гүүнийхээ төлийг бүрэн бүтэн авчих юм бол төрийн наадмын түрүү, улс бүсэд айрагдах хурдан ажнай төрөх магадлал маш өндөртэй. Тиймээс гүү унагалах үед айл гэрийн эзэн бүр урьд урьдныхаас илүү ажилтай болно. Тэр гүүнээс минь ямар унага гарах бол, энэнээс ийм л хурдан хүлэг төрөх учиртай гээд гэртээ тогтож суудаггүй гэсэн. С.Төмөр-Очир уяач ч гэсэн өнгөрсөн хавар хурдан азаргандаа хураалгасан хэдэн гүүгээ унагалахыг хүлээж байгаа нь энэ ажээ.

ОРЛОЙН БАЯЧУУЛЫН ХУРДАН ХҮРЭН АЗАРГАНЫ УГШИЛТАЙ ГЭНЭ

Тэдний уяан дээр хэлбэр хийцтэй, хурдан адууны шинж бүрдсэн хэдэн сайхан морь байна. Дэлийг нь зассан улаан хээр морь нүдэнд тусах ажээ. Мөн дугуй сартай зэгэл хонгор морь ч харагдана. Тэр хоёр морь нас бага боловч яах аргагүй томоохон наадмуудад хурдан морьдын цээжинд уралддаг нь тодорхой харагдаж байлаа. Мөн дөрвөн ч даага саравчинд уясан байгаа харагдав. Дэл сүүл нь олигтой ургаагүй навтайсан амьтад байх. Тод манлай ирэх жилийн наадамд уралдуулах даагаа ийнхүү сонгосон байв. Өнжих гэж байгаа айлынхаа гэрээр ч оролгүй шууд л адуун дундаас сурвалжлага маань ийн эхэлсэн юм.

Саравчаа гурав хуваажээ. Хамгийн баруун захад өнөө жил унагалах гүүгээ хашчихсан байх. Дундах хашаанд нь есөн гүүг хээр азарганд хураалгажээ. Хашир уяач аль гүүгээ ямар азарганд хураалгаж байгаа нь эндээс харагдах ажээ. Эндээс л хурд бий болж байгаа юм байна. Харин хамгийн зүүн захын хашаанд өнөө жил уяж уралдуулах морьдоо хийжээ. Уях азарганыхаа хурд хүчийг тааруулах, ямар адуунд уяа засал хийх зэрэг нь энэ хашаанаас мэдэгдэх. Өөрөөр хэлбэл, С.Төмөр-Очир уяачийн сүүлийн жилүүдэд томоохон наадмаас түрүү, айраг хүртэж байгаа хурдан буянгууд энэ хашаанд байх. Таван залуу мориныхоо овьёосыг өгч дуусаад нарийн ширхэгтэй ногоон өвс тавьж өгөв. Мундаа өндөртэй хээр алаг моринд зөөлөн хөлс авах юм гэнэ. Бор хээр морь, улаан буурал азарга, хар алаг морь, бор хээр моринд мөн л уяа засал хийх гэж байгаа аж.

Гэрийн эзэгтэй Т.Эрдэнэчимэг ач охиноороо “Хоол цай болчихлоо. Хүрээд ир” гэж хэлүүлжээ. Ингээд гэрийн эзнийг дагаад гэр рүү нь яваад орлоо. Таван ханатай гэрийн хойморийн униар хурдан морины медаль зай завсаргүй зүүчихсэн байлаа. Гэрийн эзэгтэй бидэнтэй мэнд мэдээд, “Холоос хүн ирчихээд байхад морин дээрээ л зогсоод байх юм. Манай энэ адуу гэхээрээ идэж, уухаа хүртэл мартчихдаг юм” гэсээр угтав. Үхэр, хонин сүрэг урд энгэрт бэлчиж байгаа гэнэ. Өнгөрсөн хавар Түмэнцогт сумын нийт газар нутгийн 80 гаруй хувь нь шатсан. Түймэрт өвөлжөөгөө өрдчихөлгүй арай гэж авч үлдсэнээ ярив. Хээрийн түймэр энэ хавийг хуйхалчихсан мэт л болгожээ. “Гал түймэр хойноосоо ирж байна” гэдгийг хүмүүсээс дуулаад С.Төмөр-Очир малаа бүгдийг нь хашчихсан байна. Олон адуу гэрийнхээ ойролцоо хураадаг болохоор өвсгүй, газар нь халцарчихсан тулдаа түймэр тойроод гарчээ. Харин түймэр унтарсны дараа бороо орж, ногоо сайн ургасан байна. Мөн өвөлдөө цас багатай болохоор өнө болжээ.

С.Төмөр-Очирын аав Ж.Сайрийсүрэн Баяндэрэм сумын хүн эмнэлэгт ажиллаж байсан гэнэ. Мөн л хурдан морьтой амьдралаа холбосон нэгэн байжээ. Харин Ж.Сайрийсүрэн гуайн аав Жамба аймаг, сумандаа алдартай хурдан адуутай байж. Жамба гуай энд тэндээс уяж байгаад хөл нь гэмтчихсэн эсвэл хөгшин болчихсон азарга үнэ хайрлалгүй худалдаж авдаг байсан аж. “Хэн ч тоохгүй болчихсон азарга яагаад худалдаж аваад байдаг юм бэ” гэж асуухаар “Миний олж ирээд байгаа азарга дандаа угшил сайтай юм. Алсдаа та нарт хэрэг болох ёстой. Төлийг нь авчихаад л тогоо тосолно” гэдэг байжээ. Ингээд Жамба гуайнх Орлойн баячууд гэж олноо алдаршсан хурдан адуутай ах, дүү дөрвөн уяач одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян суманд байсан баячуулын алдарт хүрэн азарганы угшлын адуутай болсон байна. Мөн Шатарданзангийн хурдан адууны төл болох охин даага худалдаж авсан байна. Эндээс л тэдний адууны угшил илтэд сайжирчээ. С.Төмөр-Очир уяачийн өвөө Жамба Баяндэрэм сумын наадамд таван насны морь уралдуулаад бүгдийг нь түрүүлгэж байсан эрдэм чадалтай нэгэн байжээ. Ийм л удам угсааны хэдэн үеэрээ хурдан морь уядаг гал голомтны хүн ажээ. Өвөг дээдсийнхээ бий болгосон хурдан угшлын адуугаар 30 гаруй жил улс, бүсийн наадамд уралдаж түрүү, айраг хүртэж байгаа нь энэ аж.

15 НАСТАЙ ХҮҮГИЙН УЯСАН ШҮДЛЭН СУМАНДАА ХОЛ ТАСАРХАЙ ТҮРҮҮЛЖЭЭ

С.Төмөр-Очир 1973 онд долдугаар анги төгсөөд илгээлтийн эзэн болж, мал дээр гарчээ. Бие жижигтэй болохоор сумынхаа уяач нарын хурдан морийг унаж өгдөг байжээ. Ингээд 1974 онд түүнд улсаас мал тасалж өгсөн аж. Ингээд 1974 оны өвөл нутгийнхаа уяачдыг дагаад морь уяж эхэлсэн байна. Ингэхдээ тэр гархин хүрэн азарга, хар шүдлэнтэйгээ уясан байна. Уясан наадамдаа түүний азарга айрагдаж, хар шүдлэн нь хол тасархай түрүүлжээ. Энэ үеэс л С.Төмөр-Очир урам орж, эргэлт буцалтгүйгээр хувь тавилангаа адуутай холбосон ажээ.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын босоо хар азарганд гүү тавьж, төлийг нь авсан нь анхны түрүүг авчирсан байна. Морь уях хорхойтой болсон тэрбээр сумынхаа ойр хавийн бүх л наадамд морьдоо сойдог болов. Сүүлдээ морины уяандаа гаршсан байна. Тойрсон сумдын наадмуудаас айраг, түрүү алдахаа байсан зэгсэн уяач болжээ. Ийн байсан түүнд сумын наадмын түрүү, айраг чамлагдах болж. Ядахдаа аймгийн наадамд уясан морио уралдуулж, хэр зэргийн уяач болсон гэдгээ үзэх юмсан гэсэн хүсэл, мөрөөдөл түүнийг ээрэх болж. Аймгийн төв хүртэл 200 орчим километр зайтай. Тэр үед уяач нар уясан морьдоо ачаад явдаг унаа тэрэг байсан биш. 1992 онд Сүхбаатар аймгийн 50 жилийн ойн баяр наадамд уралдахаар морьдоо хөтлөөд явсан байна. Аймгийнхаа ойн баяр наадамд мэнд сайхан наадаад иржээ. Мөн тэр жилдээТал булагийн ойд соёолон нь аман хүзүүнд хурдалж чамлахааргүй амжилт гаргасан байна. Ингэж байтал Жигжиджавын нэрэмжит зүүн бүсийн наадам зүүн бүсийн газар газрын хурдан буян тоосоо өргөдөг том наадам болох гэж байгаа гэсэн сураг сонссон байна. Ингээд хөхөө өвлийн хүйтэн хөр цастай өвлөөр хүүгээ дагуулаад хурдан азаргаа хөтлөөд л явчихсан байна. Уяж байгаа морио борог өвс идүүлж, айлаар гурав хоноод өвлийн уралдааныг зорин очиж байжээ. Аймгийн төвийн урд талын Шарга уулын арын дэнжид уралдаан болсон аж. С.Төмөр-Очир 1999 онд буюу зорьж очсон наадамдаа одтой сайхан наадаж, шаргын уулын наадамд азарга айрагдуулсан байна. Ингээд зун нь 300 гаруй километр замыг туулж, Дарьганга сумын Алтан овооны их тахилгад хүрэн халзан шүдлэнгээ айрагдуулжээ. Алтан овооны тахилгат их наадамд Монголын шилдэг уяачид бүгд ирцгээсэн байжээ. Улсын алдарт хурдан хүлгүүд ч ирсэн байна. Ийм наадамд үрээгээ айрагдуулчихаад буцаж явахдаа “Яагаад улсын наадамд уралдаж болохгүй гэж. Улсын наадамд морь айрагдуулах боломж байгаа юм биш үү” гэх бодол төрсөн байна. Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд оролцохоор Түмэнцогтын хөндийгөөс хэдэн адуугаа зургаан сарын эхээр туугаад гарчээ. Хэд хоног явсаар Налайхын урд талд буугаад морьдоо уяж эхэлсэн байна. Ингэж л тэр улсынхаа наадамд анх иржээ. Өвсөөр уралдуулсан морь тэжээсэн морины хажууд хүч тамир муу байдаг юм байна. Том уяачид бүгд хурдан морио тэжээдэг гэдгийг эндээс мэджээ. Улсын наадамд морьдоо уралдуулаад шүдлэн нь есөөр давхисан байна. Улсын наадамд орсон анхны жилээ ийм том амжилт гаргаад буцжээ. Ингээд 2003 онд түүний уясан морьд далавч ургачихсан юм болов уу гэмээр хурдлах болжээ. Хэнтий аймгийн 80 жилийн ойн баяр наадамд морь нь аман хүзүүдээд, хар, хүрэн соёолон нь гурав дөрвөөр давхижээ. Мөн түүний алдарт шуурган зээрд, өвгөн ноён, боржигоныхурдад тод манлай болж торгон жолоо өргүүлсэн байна. 2003 онд зүүн бүсийн наадмуудад дөрвөн түрүү, дөрвөн айраг авчээ. Ингээд Монголын уяачдын холбооны шилдэг уяач болж, хүү нь шилдэг унаач буюу Алтан хараацай болсон байна. 2005 онд мөн л улсын наадмыг зорьжээ. Тэр наадамд хүрэн шүдлэн нь зургаалсан байна. Ингээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор шуурган зээрд соёолон нь айрагджээ. Эндээс түүний улсын наадамд морь айрагдуулах эхлэл тавигджээ.

ЕМБҮҮ ХЭЭР, ШУУРГАН ЗЭЭРДИЙН АМЖИЛТ ТОД МАНЛАЙ УЯАЧ БОЛГОЖЭЭ

С.Төмөр-Очир уяач гэхээр хурдан ембүү хээр азарга, шуурган зээрд гэсэн хоёр хурдан адуу шууд яригддаг билээ. Улс бүсийн наадамд арван удаа айраг авчирсан хурдан буян болох ембүү хээр азарга түүнийг нэр алдарт хүргэсэн гэж хэлж болно. 2002 онд Монгол Улсын Тод манлай уяач Л.Цандэлэг адуутайгаа Түмэнцогт суманд отроор ирсэн байна. Тэдний адуунд Амгалан төрийн ажнай шарга азарганы эцэг Тогоруу халтар азарга байгаа сураг дуулджээ. С.Төмөр-Очирын найз Баатарчулууны адуу ч тэдний адуутай хамт байсан гэнэ. Ингээд тогоруу халтар азарганд баячуулын хүрэн адууны угшлын улаан буурал гүүг тавьжээ. Ингээд улаан буурал гүү халтар азарганаас төлтэй болоод хоцорчээ. С.Төмөр-Очир “Хоёр талын хурдан угшил нийлсэн юм чинь яах арга байхгүй хурдан байж таараа. Эр унага төрөөсэй” гэж хүсэж мөрөөдөх болсон. Түүний хүслийг биелүүлж, хээр унага төрсөн байна. Хамар цагаан хээр унагандаа Ембүү гэх нэр хайрлаж, дааган наснаас нь уяжээ. 2007 онд буюу даагандаа Ардын хувьсгалын 86 жилийн ойгоор төрийнхөө их баяр наадамд айргийн гурваар хурдалж, өм нээгдсэн адуу аж. Түүний дараа давхар уяагаар Говьсүмбэр аймагт болсон ”Боржигон хурд-2007” бүсийн наадамд аман хүзүүдэн, “Говьшанхын хурд-3”т гурвалсан. Өөрөөр хэлбэл даагандаа улс, бүсийн наадамд гурав айрагдсан байна. Шүдлэндээ улсын наадамд гуравлаад, Алтан-Овооны тахилга наадамд дөрвөлсөн гэнэ. Харин хязааландаа улсад наймлаад, дараа нь Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Соёолондоо “Жавхлант шаргын хурд” аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлээд, Дүнжингаравт долоолсон байна. Багануурт болсон “Нүүрэнтэйн хурд” бүсийн наадамд гуравт давхиж, “Говьшанхын хурд-4” говийн бүсийн уралдаанд тавлаж тэр жил бас гурван айраг авчээ. Ингээд 2012 онд “Дүнжингаравт” айрагдсан байна. Шуурган зээрдийнхээ талаар С.Төмөр-Очир уяач ийн ярив. “2002 оны дөрөвдүгээр сарын 10-даар нэг айхтар шуурга болоогүй юу. Тэр шуурганаар олон айлын мал уруудаж, олон мал эндсэн. Тэгэхэд манайх Хэрлэнгийн урдаас адуугаа алдаад Сүхбаатар сумын араас хилийн наахнатай олж авсан юм. 100 гаруй километр гол дагаад уруудчихсан байсан. Тэр зуур хэд хэдэн гүү унагалж, эндээс ганцхан зээрд унага эхийгээ дагаад хүрээд ирсэн. Тэр айхтар шуургыг сөрж амьд үлдсэн учраас манайхан бэлгэшээн Шуурган зээрд гэж нэрлэсэн юм. Шуурган зээрд маань даагандаа 2003 онд Хэнтий аймгийн 80 жилийн ой, өвгөн ноён Хардэл жанжин бэйсийн нэрэмжит зүүн бүсийн наадам, Говьсүмбэр аймагт болсон “Боржигоны хурд-2003” төвийн уралдаан гээд гурван том наадамд түрүүлсэн. Шүдлэндээ Алтан-Овооны тахилга наадамд зургаалж, хязааландаа сумынхаа болон энэ хавиарх жижиг наадмуудад түрүүлж, 2006 онд соёолондоо Багануур-Бага Хэнтийн бүсийн наадам, Дорнод аймгийн өвлийн уралдаанд түрүүлж, Сүхбаатар аймгийнхаа наадамд аман хүзүүдсэн. Тэгээд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор төрийнхөө наадамд таваар давхисан. Олон жил баярлуулах хурдан буян байсан гэж би боддог шүү. 2008 оны хавар Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар байгалийн онц аюултай үзэгдэл болж орон даяар яригдсан шүү дээ. Цасан болон шороон шуурганаар олон айлын хот харлаж, олон мал осгож үхсэн. Тэр айхтар шуурганаар Шуурган зээрд маань эндсэн. Мөнххаан сумаас зүүн тийш 50-иад километрт үхсэн байхыг нутгийн хүмүүс олж таниад дэл, сүүл, дөрвөн туурайг нь авчихсан байсан” хэмээн ярилаа.

Хурдан морьдын талаар яриа дэлгэж суусаар үдийн алдад гэрээс гарцгаалаа. С.Төмөр-Очир уяач залгаа сум Баяндэрэмээс гэр бүлийнхээ хүнийг гэргийгээ болгосон юм байна. Төмөртогоо гэх хүний ганц охинтой амьдралаа холбожээ. Том хүү Т.Галдбадрах нь аавынхтайгаа хаваржиж байна лээ. Т.Галдбадрах аавынхаа шийрийг хатаасан сайн уяач болохоор байгааг ярьж байв. Мөн Тод манлай уяачийн морь уях эрдэмд суралцаж байгаа Энхбат, Энхбадрал нар айлсан хаваржиж байна. Хүүхэд байхаасаа хурдан морийг нь унаж байсан Б.Отгонтөгс өнөө жил 18 нас хүрчээ. Тэр мөн л морь уях болсон байна. Морьдын уяа заслын ажил хийгээд дууссан байлаа. Өдөр дундын алдад мөн л адуундаа өвс тавьж өгөх ажээ.

ТҮМЭНЦОГТ СУМЫНХАН “ТҮМЭН МАГНАЙ” ГАЛ БАЙГУУЛЖЭЭ

Түмэнцогт сумынхан ярилцаж байгаад 2006 онд “Түмэн магнай” гал байгуулсан аж. “Талын гал” компанийн захирал Санжаа, “Ганга интернейшнл” компанийн захирал Гансүх болон Болд, Ганцогт Баатарчулуун, Баярцогт нар нэгдсэн гэнэ.

Түмэнцогт сумаас улсын наадамд гурав дараалан түрүүлээд байгаа алдарт улс халзан азарга төрсөн билээ. Энэ сум руу сүүлийн үед хурдан адуу авах гэсэн хүмүүс олноор ирэх болжээ. С.Төмөр-Очир уяач дээр ч хурдан адуу худалдаж авахаар олон хүн ирдэг гэсэн. Тэр “Зарах адуугаа зарж, амьдралдаа болоод бусдад тус нэмэр болдог” хэмээж байв. С.Төмөр-Очир уяачид бусад шиг үнэтэй машин, өндөр үнэтэй орон сууц байхгүй гэсэн. Хэдэн морьдоо борог өвс, овьёос зэргээр тэжээдэг юм байна лээ. Намар өвсний шим толгой руугаа ороод эхлэх цагаар хадлан бэлтгэж, өвлийг өнөтэй давдаг байна. Хэдэн малаа бэлчээрт гаргахгүйгээр тэжээсэн ч өвлийг давахаар хадлан бордоо бэлтгэдэг гэсэн. “Сүүлийн үед малчид малаа зуданд алдаад байна гээд л байх юм. Өвс, тэжээлээ хангалттай бэлдээд авчих юм бол айх юмгүй” гэж ярьж байна лээ.

Эдний хотонд нь хонь хургалж, ямаа ишиглээд, бууцны хөлд үнээ тугалаад хаврын урт өдрүүдийг налгархан өнгөрүүлж байна лээ. Гэрийн эзэгтэй эх нь голсон ямаанд ишгийг нь авахуулж, том хүү Галбадрах нь урд энгэрт тугалсан үнээг хотондоо олж ирэхээр яваад тэд завгүй өдрүүдийг өнгөрүүлж байсан юм.

Харин С.Төмөр-Очир тод манлай “Надад үнэтэй адуу бусдаас худалдаж авах бэл бэнчин байхгүй. Буурлын буян хэдэн унаган адуугаараа уралддаг” хэмээж байв. “Адууны буянд ах нь олон хүнтэй танилцаж, нөхөрлөж байна. Хэдэн адууныхаа буянаар Төрийн тэргүүнээс “Монгол Улсын тод манлай уяач гэсэн сайхан цол хүртлээ. Төрийн хайр хишиг, түмэн олныхоо итгэлийг дааж явах юмсан гэж бодож байна. Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ аваад зогсож байх үнэхээр сайхан байсан шүү. Одоо хүртэл бодогдоод сайхан байна” гээд сэтгэлийнхээ үгийг хэлж байв.

Шаргал өвс найгасан тал нутгийн хавар тэнүүхэн сайхан байна лээ. Тэртээ баруун уулын наран жаргаж буй энгэрт адууны захад гүү унагалж байгаа харагдав. Төд удалгүй эхээс төрөөд удаагүй унага эхийнхээ араас тэнцэж ядах хөлөө энд тэнд гишгэлэн алхаж харагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *