2021 оны жилийн эцсийн тооллогоор Сүхбаатар аймгийн хүн ам 65,2 мянгад хүрсэн. Гэвч зах зээл, эдийн засгаа илүү тэлэх, хөгжлийг хурдасгахад хүн амын тоо чухал нөлөөтэй. Тиймээс хүн амын өсөлтийг бодлогоор дэмжиж Сүхбаатар аймаг 70 мянга дахь иргэндээ гурван өрөө байр бэлэглэнэ гэдгийг аймгийн засаг дарга М.Идэрбат цохон хэллээ.
Үүний хүрээнд нэн тэргүүнд хүн амын дунд эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлж, сумдын удирдлагуудыг иргэдээ үзлэгт хамруулах ажилд онцгойлон анхаарч, ажил хэрэг болгохыг чиглэл болгов. Мөн Эрүүл Сүхбаатарчууд төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, шинээр бэлтгэгдэж буй залуу боловсон хүчнүүдийг орон нутагтаа ирж ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх нь зүйн хэрэг гэлээ.
Өнгөрсөн онд тус аймаг Улаанбаатар хот болон өөр аймаг, сумаас 493 иргэн шилжин ирсэн бол 1485 хүүхэд шинээр мэндэлж, 381 иргэн нас барсан байна.