Categories
мэдээ нийгэм

СӨХ-дын талаарх өргөдөл, гомдлын тоо нэмэгджээ

Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж буй иргэдийн өргөдөл, гомдлын тоо 2017 онд 550 байсан бол 2018 онд 616 болж өссөн байна. Ийнхүү жил бүр өсөж байгаа СӨХ-тэй холбоотой өргөдөл, гомдлыг хурдан шуурхай шийдвэрлэх, энэ салбарыг хариуцан ажиллаж байгаа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг урьж өчигдөр уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Барилгын хөгжлийн төв, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дарга, холбогдох ажилтнууд оролцсон бөгөөд тухайн байгууллагуудаас иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцсан байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас уулзалтад оролцсон байгууллагуудын дарга, холбогдох ажилтнуудад одоо мөрдөгдөж байгаа хууль, журмын хүрээнд иргэдийн эрх ашгийг хамгаалж хариуцлагатайгаар ажиллах шаардлагыг тавьжээ. Мөн Сууц өмчлөгчдийн холбоодын асуудлаар гарч байгаа өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад нэн тэргүүнд хууль эрх зүйн орчинг шинэчлэн боловсруулахын чухлыг онцолж дараах ажлуудыг яаралтай хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг өгсөн байна. Үүнд:
-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг эрчимжүүлэх талаар Барилга хот байгуулалтын яаманд албан бичиг хүргүүлэх,

-Сууц өмчлөгчдийн холбоотой асуудлаар иргэд, хэрэглэгчид болон холбогдох байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах,

-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн төслийн ажил удаашралтай байгаа, хуулийг яаралтай батлуулах талаар Монгол Улсын Шадар сайд, Засгийн газарт танилцуулах,

-Иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж хамтарсан хяналт шалгалт явуулах зэрэг асуудлаар ажиллахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *