Categories
мэдээ эдийн-засаг

Сугалаа, койн ба магадлалын онол хэмээх “хий үзэгдэл”

Монголд мөрийтэй тоглоом хориотой ч ард иргэд маань хоёр зүйл дээр аз эзээ үзээд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Нэг нь нэмүү өртгийн албан татвар (НӨАТ)-ын сугалаа бол нөгөө нь койн ба криптовалютын арилжаа.Аль аль нь Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой, нөлөөлөл ихтэй. Мөн ард иргэдийн маань нэлээд хэсгийн амь амьжиргаатай нэн ялангуяа эхнийх нь шууд холбоотой.

Түүх сөхвөл, Францын Эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн яамны Татвар, хураамжийн газрын дарга Морис Лорег НӨАТ-ын зохион бүтээгч гэж үздэг. Түүний санаачилгаар тус улсад уг татварыг анх нэвтрүүлжээ. Тэгвэл өдгөө 120 гаруй оронд НӨАТ нэвтрүүлж, татварын нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлдэг байна. Мөн НӨАТ-ын дунджаар 10 орчим хувийг иргэдэд буцаан олгодог тогтолцоо олон оронд бий болсон аж. Манай оронд нэлээд хожуу буюу НӨАТ, Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулиудаа шинэчлэн баталснаар 2016 оноос НӨАТ нэвтрүүлсэн билээ. Цаг үеэ олсон энэхүү арга хэмжээний үр дүнд манай улсын санхүүгийн ил тод байдал, бүртгэлжилт сайжирч далд эдийн засгийг ил гаргасан юм. Ингэснээр улсын татварын орлого эрс нэмэгдэж, улсын төсөв ч тэр хэрээр зузаарсан байдаг.

Монголд улирал бүр иргэдэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийх нь нийт дүнгийн хоёр хувийг буцаан олгодгоос гадна цахимаар бүртгүүлсэн худалдан авалтын Е-баримт бүхий тасалбарын дугаар бүрийг оролцуулсан сугалааг сар тутам явуулдгийг мэдэхгүй иргэн өдгөө бараг байхгүй биз ээ. Таньдаг хүмүүсээс маань тэрхүү сугалаагаар 30 мянган төгрөгөөс өгсүүлээд хэдэн саяар нь хожсон азтангууд цөөнгүй. Бага гэлтгүй тэрхүү тооцоолоогүй, санамсаргүй нэмэлт орлого цалингаараа амьдардаг дундаж иргэд биднийг тэнгэрийн хишиг хүртсэн мэт баярлуулан хэсэгтээ л сэтгэл тэнийлгэдэг. Миний хувьд Е-баримттай тасалбаруудаа тогтмол бүртгүүлдэг, бас ч гэж нэг удаа 30 мянган төгрөг хожсон юм. Угаасаа магадлалын онолоор бол хожил нь тэр олон их наяд тасалбараас маш өчүүхэн хувьд нь таарна гэдэг ойлгомжтой.

Сүүлийн хэдэн жилд монголчууд түүнчлэн койн буюу криптовалютын арилжаанд оролцох нь эрс нэмэгдэв. Өнөөх магадлалын онолын үүднээс авч үзвэл алдаж ч болох, онож ч болох нэлээд эрсдэлтэй салбар бол энэ. Криптовалюттай холбоотой асуудлууд өнөөдөр монголчуудыг төдийгүй дэлхий нийтийг талцуулсаар байна. Минут хүрэхгүй хугацаанд 30 тэрбум төгрөг босгосон “IHC” гэх койн Монголын санхүүгийн зах зээлд томоохон шинэ үзэгдэл болсон билээ. Монголд одоо долоон койн, дэлхийд 11 мянга гаруй койн бүртгэгдээд байна. Санхүүгийн цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, тренд болсон цахим мөнгөнд монголчууд дөрвөн крипто биржээр дамжуулан хоёр их наяд шахам төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Монгол Улсын хадгаламжийн хэмжээ 19 их наяд төгрөг байдаг. Үүний 10 хувьтай тэнцэх цахим мөнгө зах зээлд эргэлдэж байна гэсэн үг.

Эдийн засаг, санхүүгийн мэдлэг, мэдээлэл багатай монголчуудын хувьд хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан гашуун түүх цахим мөнгөний зах зээлд дахин давтагдах вий. Койн болон криптовалютыг худалдаж авсан өөрийн хөрөнгөө алдах, цахим залилан гэх санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэл бийг анхааруулахад илүүдэхгүй биз ээ. Ер нь цахим мөнгө гэдэг Монгол төдийгүй дэлхий нийтэд цоо шинэ үзэгдэл тул одоогоор ёстой л хожвол аз, алдвал хохь болоод л өнгөрнө.

Криптовалютын зах зээлийг зохицуулах үүднээс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад буй. Тус хуулиар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, зуучлагч хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах юм байна. Мөн хөрөнгө оруулагчийн эрсдэлийг төр хариуцахгүй гэсэн заалт оржээ. Өөрөөр хэлбэл, хууль гарлаа ч, цахим зах зээлд оруулсан эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл буурахгүй нь. Койн худалдан авч мөнгөө хэд дахин өсгөж буй хүмүүс өдгөө цөөнгүй байгаа ч магадлалын онолоор бол бүх мөнгөө эргэлт буцалтгүй алдах эрсдэл дэндүү их ажээ.

Магадлалын онол гэснээс, математикийн энэхүү салбар нь дундад зуунд шоо хаях, рулет эргүүлэх, зоос шидэх зэрэг мөрийтэй тоглоомд хожих математик загварчлал гаргах гэсэн сониуч эрдэмтдээс эхтэй гэнэ. Мөрийтэй тоглоомын ялалтыг урьдчилан таамаглахыг зорьсон Италийн Жероламо Кардано, Францын Блез Паскаль, Пьер Фермат зэрэг XVII зууны математикчид шоо шидэх үед тохиолддог магадлалын анхны хэв шинжийг олж нээжээ. Харин ХХ зууны дэлхийн томоохон математикчдын нэг, ЗХУ-ын эрдэмтэн А.Колмогоровын санал болгосон аксиомжуулалтын ачаар магадлалын онол өнөөгийн дүр төрхөө олж, математикийн шинжлэх ухааны салшгүй нэгэн хэсэг болсон аж.

Энгийнээр товчхон хэлбэл, магадлалын онол гэдэг өгөгдөл цуглуулан боломжит үр дүнд шинжилгээ хийж, харьцангуй давтамжийг тооцоолоод ямар нэг үйл явдал болох эсэхийн талаар урьдчилсан таамаг дэвшүүлэхийг хэлдэг юм байна. Энэ онол нь санамсаргүй тохиолдлуудын хэв маяг, чиг хандлагыг авч үздэг бөгөөд түүнийг статистик ба симуляцийн аргуудаар илүү нарийвчлалтай судалдаг ажээ. Ер нь магадлалын онол гэдэг бидний амьдралын эргэн тойронд байнга эргэлддэг “хий үзэгдэл” гэж хэлж болохоор.

Бид онгоц сүйрч олон зуун зорчигч амь үрэгдсэн мэдээ сонсдог ч онгоцоор яагаад ниссээр байдаг вэ. Магадлалын онолын дагуу нисэх онгоцны ослоор нас барах нь 10 саяд ердөө нэг тохионо гэж тооцоолсон учраас тэр байх шүү. Цаг уурчид нарлаг байх, хур тунадас орох, салхи шуурга дэгдэх, агаарын температур хэлбэлзэх гээд цаг агаарын бүх хэв шинж, чиг хандлагыг бидэнд мэдээлэх, магадлалын онолын дагуу таамаглал гаргахын тулд маш олон өгөгдлийг харгалзан үзэж, дүн шинжилгээ хийдэг ажээ. Машин үйлдвэрлэгчид ямар төрлийн осолд жолооч, зорчигчийн амь насыг хэрхэн яаж аварч болох загварчлалыг гаргахын тулд мөн л математикийн энэхүү онолыг ашигладаг. Ийм жишээ олныг дурдаж болно.

Эцэст нь хэлэхэд, энэхүү онолоор бол НӨАТ-ын сугалаагаар ч, койн болон криптовалютын арилжаагаар ч их мөнгө хожих магадлал дэндүү бага тул сэтгэлээ хууралгүй эрүүл ухаанаар хандаж, ялангуяа хаашаа ч, яаж ч эргэж болох эрсдэлтэй койны худалдаанд болгоомжтой оролцох нь зөв биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *