Португалиас Саудын Арабыг чиглэж явсан “Affinity V” хөлөг Лхагва гаригт Суэцын сувагт гацжээ. 252 метр урттай тус хөлөг өмнө нь “Ever Given”-ий гацаж байсан яг тэр хэсэгт буюу Египетийн сувгийн өмнө хэсэгт гацлаа. Сануулахад, 2021 оны гуравдугаар сард “Ever Given” хөлөг Суэцын сувагт долоо хоног гацаж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг саатуулж байсан. Үүнээсээ болж “Ever Given”-ийн эзэд сувгийн захиргаанд 200 сая гаруй ам.долларын нөхөн төлбөр төлж байв.
Гэхдээ энэ удаад “Affinity V” хөлгийг хэдхэн цагийн дотор замаас зайлуулж чаджээ. Хөлөг орон нутгийн цагаар Лхагва гаригийн 19:15 орчимд гацаад, таван цагийн дараа гацаанаас гарсан гэж Суэцын сувгийн төлөөлөгч Жорж Сафват хэллээ. Хөлөг онгоцны жолоодлогын системд асуудал үүссэний улмаас хөлөг гацсан. “Affinity V” хөлөг 252 метр урт, 45 метр өргөнтэй, 110 мянга орчим тонн даацтай бол “Ever Given” нь 400 метр урттай байсан.
Дэлхийн худалдааны 12 орчим хувь нь Суэцын сувгаар дамждаг. Энэ нь Ази Европыг холбосон хамгийн чухал зам юм.